-Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “Гулсах” заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Ардчилсан намынхан “УИХ-ын чуулганаар Цэцийн шийдвэрийг хэлэлцэхэд дэмжихгүй” гэдэг байр сууриа өчигдөр илэрхийллээ. Ер нь Ардчилсан намынхан Үндсэн хуулийн Цэцийнхнийг “УИХ-ын хийх ёстой ажилд хэтэрхий их санаа зовж байна” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Та юу гэж бодож байна?
-Би Үндсэн хуулийн Цэц зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Миний хувьд нэр дэвшигч тухайн сонгуульд нэг удаа л оролцох ёстой гэдэг байр суурийг анхнаасаа баримталж байсан. Мажоритари системээр сонгуульд өрсөлдчихөөд хангалттай санал авч чадалгүй “өвдөг шороодсон” хүн пропорциональ системийн дагуу ялсан гээд УИХ-д сууж байх нь улс төрийн ёс суртахуунгүйн нэг илрэл. Нэг үгээр хэлбэл ичгүүртэй л юм даа. Зүй нь бол мажоритари системээр нэр дэвших хүмүүс нь намаа бүрэн гүйцэт төлөөлж чадахуйц лидерүүд байж бүгд нэр дэдших тойрогтоо очсон байх ёстой. Тухайлбал, тухайн намын лидерүүд бүгд мажоритари системээр өрсөлдөх нь зүйд нийцнэ. Тугаа бариад тулалдаанд хамгийн түрүүнд орох ёстой хүмүүс нь намын дарга нар, УИХ-ын гишүүд байх ёстой биз дээ. Харин пропорциональ системээр УИХ-д суухаар болчихоод байгаа 28-д нь намаа шинэчилж байгаа залуус орох ёстой юм болов уу гэж бодож байсан. Энэ бүх бодлыг маань хэрэгжих боломжийг Үндсэн хуулийн Цэц олгож байгаа юм болов уу л гэж одоо бодож байна.
-Танай намынхан энэ бүхнийг “Болдог юм болдгоороо боллоо” гэж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Ардчилсан намынхан хүлээж авахаас татгалзаад байвал цаашид юу болох бол?
-Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар л асуудлыг авч хэлэлцэж таарах биз.
-“Ардчилсан намынхан сөрөг хүчнийхээ байр сууриа хэтэрхий баримтлаад эхэллээ” гэх хүмүүс байна. “Засгийн газрыг огцруулах хэмжээнд асуудлыг ярина” гэж хэд хэдэн удаа дуугарлаа шүү дээ. Тухайлбал, Ардчилсан намын бүлгийнхэн Засгийн газрыг “Үүргээ биелүүлэхгүй байна” гэж байсан бол саяхан намын дарга нь мөн л ийм утга бүхий мэдэгдэл хийсэн. Хэрэв Ардчилсан намынхан “Засгийн газрыг огцруулна” гээд гэдийчихвэл юу болох бол?
-УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа Ардын нам болон Ардчилсан нам харилцан тохиролцсоны үндсэн дээр ойлголцолд хүрч хамтарсан Засгийн газар байгуулсан. Бидний байгуулсан Засгийн газар амласан амлалтаа хамтарч хэрэгжүүлэхээр болсон. Энэ ч үүднээс гурван жил гаруй хугацаанд хамтарч ажиллалаа. Эцэст нь барианд орохын даваан дээр Ардчилсан нам амлалтаасаа буцчихсан. Би л хувьдаа манай нам ч гэсэн адилхан амлалтаасаа буцах ёстой байсан гэж боддог юм. Одоо үлдээд байгаа богинохон хугацаанд үлдсэн амлалтуудаа биелүүлэхэд маш хүндрэлтэй. Гэтэл манай нам энэ бүх ачааг үүрээд явж байхад “Ийм байна, тийм байна” гэж Ардчилсан намынхан яриад байвал хамтарч амласан гэдэг утгаараа Ардын нам байр суурин дээрээсээ Ардчилсан намынхан шиг ухрахад болохгүй гэх газаргүй. Адилхан л Засгийн газраас гарчихаж болох л байсан шүү дээ. Алдаа дутагдлаа хамт үүрэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтарсан Засгийн газар амлалтаа биелүүлж чадаагүй л юм чинь хамтраад огцорчиход хэн юу гэх байсан гэж.
-Таны хэлснээр хамтарсан Засгийн газар огцорсон байлаа гэхэд дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх хугацаа байхгүй байсан биз дээ?
-Хугацаа байхгүй гэж үзэж байгаа бол Засгийн газрыг шинээр байгуулаад ч хэрэггүй. Ээлжит бус сонгууль явуулбал одоо байгаа байдлаас хамаагүй дээр. Манай улс төр, нийгмийн байдал ийм л зүйл рүү хүсэн байна шүү дээ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг УИХ-аас чадах ядахаараа дэмжиж ирсэн. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар амжилтад хүрсэнгүй. Тухайлбал, бүх зүйл шавхагдсан байгаа энэ хоёр, гуравхан сарын дотор одоогийн Засгийн газар амлалтынхаа дөрөвний гурвыг хийж амжихгүй.
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг Засгийн газар биелүүлсэн бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх ёстой сая төгрөгийг гурав хуваахгүйгээр олгох бололцоо байсан гээд байгаа шүү дээ. Та үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?
-“Тавантолгой” гэдэг төслийг ус руу хийхээр хөвж гарч ирээд гэнэтхэн бөөн мөнгө болчихдог юм шиг бодоод иргэдэд олгох ёстой сая төгрөгийг бөөнд нь олгоно гэж зарим нэг хүн ойлгоод байх шиг байна. Үгүй шүү дээ. Үүний тулд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд асар их ажлын байр Монголд бий болгож, олон тооны төслийг хэрэгжүүлж асар их мөнгө олсон байх ёстой байсан. Гэтэл Засгийн газар ганц, хоёрхон төсөл бодож суусаар байгаад дөрвөн жилийг өнгөрөөчихлөө. Манай улсын эдийн засаг ганц, хоёрхон төслөөс хамаарч өөрчлөгдөхгүй. Өргөн уудам газар нутагтай, дэд бүтэцгүй, ажилгүйдэл ихтэй манайх шиг ийм улсын төсөвт гаднаас маш их мөнгө орж ирж байх ёстой байсан юм.
-Өнгөрсөн жилүүдэд манай улсын төсөвт их хэмжээний мөнгө орж ирсэн шүү дээ?
-Мөнгө орж ирж байсан ч санаанд хүрсэнгүй шүү дээ. Тийм болоод л бид 1.5 сая төгрөг олгох амлалтаа биелүүлж чадаагүй. Одоо “том” хэмжээгээр мөнгө оруулж ирж болно л доо. Гэхдээ тэр “том мөнгө”-ийг тараах гэсээр байтал дор хаяж нэг жил болно. Өөрөөр хэлбэл, тэр мөнгийг бүх монголчуудад цалин болгож өгөөд амьдралыг нь дээшлүүлтэл их удна гэсэн үг.
-Ардчилсан намынхныг хамтарсан Засгийн газраас гарч байгаагаа зарлахад шатахууны үнэ огцом өссөн. Харин та үүний шалтгааныг “Монголбанкныхны буруутай үйл ажиллагаанаас болсон” гэж тайлбарлаж байсан. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш буурсан гэдэг үндэслэлээр шатахууны үнэ буурч өмнө нь байсан үнэдээ очлоо. Үүнд үнэний ор байна уу. Нөгөөтэйгүүр үүнээс болоод “Ардын намынхан сонгууль өнгөртөл шатахууны ханшийг барих гэж байна” гэсэн хардлага гараад байгаа?
-Суурь үнийг Засгийн газраас хянаж, зохицуулж байх ёстой. Түүнээс биш Засгийн газар дунд нь ороод худалдаж авдаг, борлуулдаг байгууллага болчихоосой гэж би хүсэхгүй байна. Бидний амьдарч байгаа өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханш маш чухал зохицуулалт болчихоод байгаа юм. Тухайлбал, төгрөгийн ханш унах л юм бол бидний өдөр тутмын амьдрал маш өндөр өртөгтэй болчихно. Учир нь бид хэрэгцээнийхээ 70-80 хувийг импортолж амьдарч байгаа. Харин эсрэгээрээ төгрөгийн ханш чангарвал бидэнд мэдэгдэхгүй ч гэсэн экспортолж байгаа бараануудын маань өрсөлдөх чадвар муудна. Тиймээс дээрх байдлын аль алиныг нь бий болгохгүйгээр алтан дунджийг нь олсон бодлого баримтлах ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татаж, дотоодынхоо ажилчдыг урамшуулсан санхүүгийн орчныг бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүмүүс мөнгөө халаасандаа хадгалах нь бүү хэл Монголын банкинд хадгалуулахаас айж байна. Банкуудын нэгтгэсэн сүүлийн дөрвөн сарын тайланг харж байхад Монголд орж ирсэн мөнгө “буцчихлаа”. Үүнээс болоод хавар эхлэх бүтээн байгуулалт, газар тариалангийн ажлын санхүүжилт гацчихаж байгаа юм. Бид энэ бүхнийг аль жилийн өмнөөс тооцоолох ёстой байсан. Гэтэл тооцоолоогүйгээс болоод улаан нүүрээрээ тулаад ирчихсэн хойно нь гөлийгөөд сууж байх юм.
-Хөгжлийн банкны бондыг борлуулж нэлээд их хэмжээний мөнгө олсон. Тиймээс “Бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхэд санхүүгийн асуудал үүсэхгүй” гэж холбогдох хүмүүс нь хэлж байсан шүү дээ?
-Монгол Улс гаднаас зээл авах бүрэн боломжтой байсныг ММС компанийн IPO, Хөгжлийн банкны бонд батлаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өрийг дэлхийн зах зээл дээр худалдаж авах сонирхол байна. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөгч компаниуд “Монгол Улс төлбөрийн чадвар сайтай орон. Цаашид улам сайжирна. Тиймээс монголчуудад мөнгө өгөхөд алзахгүй” гэж ярьж байна. Бид үүнийг ашиглахгүй дөрвөн жил болчихож. Одоо бид яаж ч хурдан гүйгээд бариандаа орж чадахгүй. Харин үүнийг гурав, дөрвөн жилийн өмнө эхэлчихсэн байсан бол хүн бүрийн халаасанд одоо байгаа мөнгө 2-3 дахин өсөх боломжтой байсан. Хамтарсан Засгийн газрын үед үүнийг хийх боломж бүр ч их байсан. Тэр үед Засгийн газраас ямар ч асуудал УИХ-д оруулж ирсэн 76 гишүүн ярайтал гараа өргөөд дэмждэг байсан. Харин одоо бол ямар ч асуудал явахгүй. Тэр тусмаа хоёрхон сарын дотор бол бүр ч амжихгүй.
-Таны хэлснээр юм хийх боломжгүй ийм богино хугацаанд Хөгжлийн банк их хэмжээний бонд борлуулж зээл авснаараа дансандаа их хэмжээний мөнгө хий дэмий байршуулж, зээлийн хүү үр ашиггүй төлж байгаа хэрэг болчихоод байна уу?
-Манайхан мөнгө зээлчихээд түүнийгээ хүн бүрийн халаасанд удахгүй хүргэчих юм бодоод байгаа нь эндүүрэл. Хөгжлийн банкинд ажил болох төсөл нь байхгүй учир хийсэн зүйлгүй атлаа зээлийн хүү төлөөд байгаа нь үнэн. Үүнээс манайхан юу ч тооцоолоогүй, бэлтгээгүй байсан шинж харагдаж байгаа юм. Орон сууцны зээлийг Хөгжлийн банкаар дамжуулж гаргана гээд байгаа ч түүнийгээ ганцхан “нүх”-ээр дамжуулах гээд байдаг. Орон сууц санхүүжилтын корпораци ч билүү тэр нь барилгын компаниудтай хэлэлцээр хийж орон сууц худалдаж авах юм гэсэн. Дараа нь иргэдэд буцаагаад орон сууцаа борлуулдаг байх жишээтэй ажлаа хийнэ гэж байгаа. Ийм хурдтайгаар зээл олгоно гэвэл 100 мянган айлын орон сууцны зээлийг бид 100 жилд олгоно.
-Тэгээд зээлээ арилжааны банкуудаар дамжуулж шууд олгох ёстой байсан гэж үү?
-Тэгэхгүй яах юм бэ. Арилжааны банкуудад байгаа орон сууцны бэлэн зээлийг нь худалдаад авчихдаг дэлхийн сонгодог жишээ бэлэн байна шүү дээ. Арилжааны банкинд орон сууцны “муу” зээл гэж байдаггүй юм. Иргэд орон сууцанд амьдрахын тулд иргэд зээлээ хүссэн хүсээгүй сахилгатай нь аргагүй төлөөд явдаг. Ингээд энэ хэдэн банк чинь бүх салбараараа дамжуулж зээл олгоод орон сууцны зээл богино хугацаанд жигдхэн тарах юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
"Улс төрийн тойм" сонин