Иран цөмийн асуудлаар хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Иран цөмийн асуудлаар хэлэлцээ хийнэ

Иран цөмийн асуудлаар дэлхийн хүчирхэг зургаан улстай энэ долоо хоногт Туркт хэлэлцээ хийхийг зөвшөөрчээ.

Хэлэлцээ энэ дөрөвдүгээр сарын 14-нд Истанбулд эхэлнэ гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгч Майкл Манн мэдэгджээ.

Цөмийн хөтөлбөрөөс болж бүс нутагт хурцадмал байдал үүсгээд буй Исламын Бүгд найрамдах Иран улс ОХУ, Хятад, Герман, Франц, Их Британитай хэдэн долоо хоногийн турш дипломат яриа хэлэлцээ хийсний дүнд цөмийн асуудлаар хэлэлцээний ширээнд суухаар болжээ.

Цөмийн хөтөлбөрөөс болж олон улсын зүгээс хүчтэй дарамт шахалтанд орсон Иран өнгөрсөн сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хамтарч ажиллахад бэлэн гэж мэдэгдсэн юм. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд элссэн Иран хэдийгээр дэлхийн аль ч орны нэг адил эрчим хүч, судалгааны зорилгоор уран баяжуулж болох авч яг ийм технологи цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг гэнэ.

АНУ болон өрнөдийн орнуудын санааг зовоож буй зүйл нь энэ аж. 20 хувь баяжуулсан ураныг изотоп, реакторын судалгаанд ашигладаг бол цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд 90 хувь хүртэл баяжуулсан ураныг ашигладаг байна.

Иран хэдийгээр цөмийн хөтөлбөр нь эрчим хүч, судалгааны зорилготой гэж мэдэгдэж байгаа ч АНУ болон өрнөдийн орнуудын сэжиг арилаагүй аж. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохоор АНУ, Европын холбоо газрын тос, санхүүгийн хориг тавьсан нь Персийн булангийн газрын тосоор баялаг энэ орны эдийн засгийг доройтуулж байгаа аж.

Тегераны эрх баригчид АНУ-ыг тус улсын газрын тосны эсрэг хориг тавибал Персийн булангийн газрын тос тээвэрлэдэг Ормузийн хоолойг хаана гэж мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж сэжиглэж эхэлсэн билээ.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкияа Амано “Иран цөмийн хөтөлбөртэй холбоотой бүхнийг нууцалж байна. Бидний гайхаж буй зүйл бол энэ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иранаас хамтарч ажиллахыг уриалсан” гэж ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж