Оросууд хөрөнгөө “цагаачлуулж” эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Оросууд хөрөнгөө “цагаачлуулж” эхэлжээ

Эдийн засгийн байдал тааламжтай байгаа ч энэ оны эхний гурван сарын дотор 35,1 тэрбум ам.доллар Оросоос гадагш гарсан байна. Ийнхүү Оросын компаниуд гадагш мөнгө гаргаж байгаа нь шинэ Засгийн газрын бүтэц, бодлого ямар болох нь тодорхойгүй байгаагаас үүдэлтэй гэж шинжээчид тайлбарлаж байгаа.
Оны эхний улиралд Оросоос гарсан хөрөнгийн цэвэр урсгал 35,1 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеийн 19,8 тэрбумтай харьцуулахад бараг хоёр дахин өссөн тухай Оросын банкны  урьдчилсан дүн харуулж байна. Оны эхний гурван сард банкууд 16 тэрбум, бусад салбарууд 19,1 тэрбум ам.доллар гадагш гаргасан.
Хувийн хэвшлийнхний гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгал ихэсч байна. Төв банкны мэдээгээр гадагш гаргасан мөнгө нэгдүгээр сард 13,5 тэрбум, хоёрдугаар сард есөн тэрбум, гуравдугаар сард 12,6 тэрбум ам.долларт тус тус хүрчээ.
“Хөрөнгийн урсгалын асуудал ужигарч байна. Үнэт цаасны болон хувьцааны зах зээлд портфелийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ч гэсэн хөрөнгийн урсгал гадагш чиглэсээр байна” гэж Орос дахь “Deutsche Bank”-ны ерөнхий эдийн засагч Ярослав Лисоволик хэлэв. Төв банкны мэдээгээр өнгөрсөн жилийн хугацаанд Оросоос гарсан мөнгөний цэвэр урсгал 80,5 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс нэгдүгээр улиралд 19,8 тэрбум, хоёрдугаар улиралд 7,3 тэрбум, гуравдугаар улиралд 18,4 тэрбум, дөрөвдүгээр улиралд 35 тэрбум тус тус гадагш гарчээ.
Гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгалын гол шалтгаан нь тодорхой бус байдал. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ч үүнд нөлөөлсөнгүй гэж шинжээчид дүгнэж байгаа. Ямар хүмүүс Засгийн газар ба Кремльд суух нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал бөгөөд тэд Орост хөрөнгө оруулах эсэх талаараа одоогоор шийдвэр гаргаж чадахгүй  байгаа юм. “Суурь асуудал нь Оросын хөрөнгө гадагшилж буйд байгаа. Нийгэмд татвар нэмэгдэж магадгүй гэсэн яриа дэгдэж, татварын ачаалал ихсэнэ сэтгэгдэл төрүүлээд байна. Ажил хэрэгч хүмүүс, бизнесийн салбарынхан төсвийн салбарт хөрөнгө түлхүү хуваарилж магадгүй гэсэн айдастай байна” гэж олон шинжээч дүгнэж байна.
Goldman Sachs-ийн үнэлгээгээр хөрөнгийн урсгалын 30 хувь нь өнгөрсөн жилийн нефтийн салбарын экспортын орлого гэжээ. Өмнөх жилд энэ үзүүлэлт 20 хувьтай байсан. Эдийн засгийн хямралтай байсан 2009 онд энэ үзүүлэлт 60 хувь хүрч байсан юм. Энэ тухай “Сонгуулийн дараах Орос” гэсэн нэртэй илтгэлдээ Goldman Sachs  дурджээ. Орост хөрөнгө оруулалтын хэрэгслийн хомсдлын улмаас ихээхэн ашгийг эргэлдүүлэх боломж байхгүй гэж уг банкны илтгэлд тэмдэглэсэн байна. Энэ гадагш чиглэх хөрөнгийн урсгал ихэсч байгаагийн гол шалтгаан гэж тэд дүгнэжээ.
Оросын төв банк 2012 онд хөрөнгийн цэвэр урсгал 10,5 тэрбум ам.доллар байна гэсэн дүгнэлтээ өөрчлөөгүй байгаа. Харин Сангийн яам энэ талаар өөр бодолтой байна. Яамны сайд Антон Силуанов хөрөнгийн урсгалын хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрч магадгүй гэсэн байна.
Шинжээчид ерөнхийдөө 61 тэрбум ам.доллар гадагшлана гэсэн таамаглалтай байснаа нэгдүгээр улирлын статистикийн мэдээлэл гарсны дараа энэ тоог 70 тэрбум  орчим доллар гэж шинэчилжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж