Н.Төгсцогт олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт олимпийн эрхээ авлаа

Казахстаны Астана хотноо “Лондон-2012” олимпийн эрхийн төлөө тоглож буй Монголын ширэн бээлийтнүүдээс өчигдөр Гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийж, Пакистаны тамирчинг төвөггүй ялснаар Лондонгийн олимпийг зорих эрхээ авлаа. Эхний тоглолтдоо Филиппиний боксчин Рей Салударыг 10:3 харьцаатай, улмаар Энэтхэгийн Суранжоу Сингхийг 30:10 харьцаагаар илт давуу буулган авсан тэрбээр өчигдөр Пакистаны тамирчин Мухаммад Васеемийг 22:9 оноогоор ялжээ. Манай тамирчин гурван үед илт давуу тоглолт үзүүлж, 5:2, 9:3, 8:4 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангаж байгаа юм. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Кацүаки Сусатай тоглоно.

Мөн өчигдөр Монголын тамирчдаас 60 кг-ын жинд ОУХМ З.Энхзориг Астанагийн рингэнд гарч, ялагдсанаар тэмцээнийг орхисон. Хятадын тамирчин Цянь Льютэй тоглосон тэрбээр 15:12 (4:3, 5:4, 6:5) харьцаатай тун харамсалтай ялагдал хүлээсэн юм.

Астанагийн тэмцээнд оролцож буй ширэн бээлийтнүүдийн хувьд өнөөдөр амралтын өдөр. Маргаашнаас хагас шигшээ тоглолтууд эхлэх бөгөөд Монголын тамирчдаас 52 кг-ын жинд Н.Төгсцогт, 69 кг-д Б.Түвшинбат нар тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж