УБЕГ-ын зарим газрыг хэлтэс болгов

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

УБЕГ-ын зарим газрыг хэлтэс болгов

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж,  УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нар УБЕГ-ын харьяа зарим газрыг татан буулгах шийдвэр гаргаж  өчигдөр орой Хүүхдийн урлан бүтээх төвд яаралтай хаалттай хурал зарлаж зарим хүнийг албан тушаалаас нь чөлөөсөн юм. Энэ талаар ажидтнуудын хэн ч мэдэгэүй байсан аж.  УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Иргэний бүртгэлийн газрыг татан буулгаж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйлчилгээний ачаалал, төвлөрөлийг сийрүүлэх, хүртээмжийг сайжруулах зорилгоор үйлчилгээний зохион байгуулалтадаа өөрчлөлт оруулж байгаа ажээ. Улмаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Иргэний бүртгэлийн үйлчилгээг хэлтэс болгон дүүргүүдэд хуваарилж, ажилтнуудыг хэлтсүүдэд хуваарилахаар болжээ.  Эхний ээлжинд нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй зэрэг хүн ам олонтой дүүргүүдэд хэлтсүүдийг яаралтай байгуулах юм байна.

Өчигдөр үдэш тарсан хурлын дараа албан тушаалаа шилжүүлэхээр болсон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Л.Чантуулодой, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг болон УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Халагдаж буй дарга нар гомдолтой байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. Тэд УИХ-ын сонгууль болох гэж байхад ийнхүү хэвийн ажиллаж байсан бүртгэлийн газрыг бужигнуулж байгаа нь сонгууль будилаантуулахын эхлэл, улстөржсөн асуудал гэж байлаа. Ялангуяа иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил эхлэх гэж байхад бужигнаан үүсгэсэн нь ноцтой гэж үзжээ. Бүртгэлийн ажлыг ч нурааж байна хэмээн үзэж байгаа юм байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Л.Чантуулодой:

-МАН-ын нарийн бичгийн дарга байсан Л.Амарсанаа өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд УБЕГ-ын дарга болсноос хойш улстөржсөн томилгоо боллоо гэсэн яриа нэлээд гарсан. Үүний дараа үргэлжлэл нь болгож Улсын бүртгэлийн ерөнхий газраар тоглон ажлаа боловсон хүчний сэлгээгээр эхэлж байгаад харамсч байна. Монгол Улсад бүртгэлээр дамжуулж хууль бус үйл ажиллагаа явуулах, сонгууль хууль бус болох үйл ажиллагаа болж буйд харамсч байна. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд холбогдох газарт хандана.

Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг:

-УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу СЕХ-той хамтарч сонгууль зохион байгуулах нэг субъект нь Иргэний бүртгэлийн газар. Сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, сонгууль эхлэхээс өмнө иргэдэд цахим үнэмлэх олгох их ажлын үеэр бүтэц өөрчилж, Иргэний бүртгэлийн газрыг жижиглэж хэлтсийн хэмжээнд оруулж, дүүргүүдээр ажлыг тарааж байгаад гайхаж байна. Ямар судалгаанд түшиглэж үүнийг хийж байгаад эргэлзэж байна. Мэддэг хүмүүст нь асуулт тавьж хариулт авъя гэж бодож байна.

УБЕГ-ын дарга Л.Амарсанаа:

-Энэ бол жилийн жилд болдог ердийн үйл ажиллагаа. Сонгуулийн өмнө иргэдэд шуурхай үйлчилгээг ойртуулах гэж дүүргүүдэд хэлтэс байгуулж байна. Үүнээс болоод зарим хүн бухимдаж эрүүл мэндээ муутгаад байж хэрэггүй. Зориуд улстөржүүлэх гээд, улс төрийнх нь өнцгөөс хараад сонгуулийн өмнө будилуулах гээд байна гэж ярих дуртай ганц нэг хүн бий. Ажил явдгаараа явна. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж