Хилийн чанадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр экспортын квот тогтоох асуудлыг “шударга бус” хэмээн бичицгээж, Европын холбоо, АНУ, Япон хамтран БНХАУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн шалтгаанаар Шүүхэд гомдол гаргаж гаргаж байв. Гэсэн ч урд хөршүүд тоосонгүй, холбоогоо байгууллаа. Ашигт малтмал, мэдээллийн технологийн яамны харьяанд орших уг холбоо нь БНХАУ-ын бүх бүс нутгийг төлөөлсөн 155 гишүүнээс бүрдэх аж. Гэхдээ экспортын хязгаарлалт тогтоох асуудлыг Худалдааны яам хариуцах ажээ.
Холбоо байгуулагдсан даруйдаа экспортын квотыг нэмэгдүүлж байгаагаа зарласан явдал Европ болон АНУ-ын анхаарлыг шууд Монгол руу хандуулах нь мэдээж юм. АНУ-ын Геологийн судалгааны газар 2009 онд Монгол Улсыг 31 сая тонн газрын ховор металлын нөөцтэй байх магадлалтай гэж таамагласан гэж байна. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь аж. БНХАУ экспортдоо квот тогтоосноор дэлхий нийтэд газрын ховор металлын үнэ өссөн. Энэ нь манай улсын хувьд валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм.
БНХАУ өнгөрсөн онд Өмнөд Хятадын тэнгист хяналт тогтоох асуудлаар Японтой сөргөөцөлдсөнийхөө дараа газрын ховор металлын экспортыг хэсэг хугацаанд хааж байсан удаатай. Харин энэ удаа жилд 25 000-30 000 тонныг жил бүр тогтмол олборлож байхаар болсон нь дэлхийн нийт экспортын 30 орчим хувь юм. Тус улс өмнө нь дэлхийн нийт экспортын 95 хувийг хангадаг байсан гэхээр үлдсэн орон зайд нь бид тоглох боломжтой гэсэн үг.
Дэлхийн том гүрнүүд ингэж газрын ховор металлаар бие биенээ хясан боох болсон нь цөвүүн цагийн дохио гэж үзэх хүн ч байна. Газрын ховор элемент нь компьютер, ахуйн хэрэгцээний цахилгаан бараа, автомашинд зайлшгүй шаардлагатайн дээр өндөр технологийн зэвсэглэлийн түүхий эд болдог юм. Улс орнууд энэ металлын хойноос хөөцөлдөж, нэг нэгнээ хясан боож байгаа явдал бол эдийн засгаас гадна зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсний дохио гэж тэд тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газрын ховор элементийн экспортыг маш бодлоготой хийх ёстой гэсэн үг юм. Манай улс ч гэсэн энэ салбарт хувийн аж ахуйн нэгжүүдийг оруулж хэрхэвч болохгүй. Газрын ховор элемент ашиглах талаар төрийн бодлого боловсрогдож байгаа энэ үед асуудлыг энэ талаас нь харж шийдэх ёстой гэдгийг холбогдох албаныханд сануулах нь илүүдэхгүй биз ээ. Ямартай ч БНХАУ-д Газрын ховор ашигт малтмалын холбоо байгуулагдсанаар манайхны хувьд шинэ тутам нэгэн салбарт өрсөлдөх боломж ийнхүү албан ёсоор нээгдлээ.
Эх сурвалж: http://www.mminfo.mn