”Эдди Мерфиг дурсахыг хүсэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

”Эдди Мерфиг дурсахыг хүсэхгүй байна”

Надад ярилцлага өгөхөөр өмнө минь сууж буй инээмсэглэсэн бүсгүйг харахад гурван жилийн өмнө амьд явахыг хүсэхгүй байсан гэж огтхон ч итгэмээргүй. 2006 онд тэрбээр жирэмсэн байхдаа найз залуу, алдарт жүжигчин, хүүхэмсэг эр Эдди Мерфид хаягдсан бөгөөд Эдди Мерфи хүүхдээ харахыг ч хүсэхгүй байна гэсэн мэдэгдэл хийсэн нь ихээхэн шуугиан тарьсан. Салсныхаа дараа Мел Холливудын хамгийн хүүхэмсэг эрчүүдийн нэг Эддиг өөртөө буцаан татах гэж жил гаруй гүйсэн ч чадаагүй. Амиа егүүтгэх бодлогогүй алхмыг чухам энэ үедээ хийжээ. Гэлээ ч Эдди өөрийн замаар одож, Мел Би Энжел Айрис охиноо тэврэн хоцорсон юм. Харин одоо энэ тухай бодохыг ч хүсдэггүй гэнэ. Цаг хугацаа бүгдийг анагаадагийн гэрч энэ буюу. Амьдралд муугаасаа сайн нь их байдаг хойно дуучин бүсгүйн амьдрал аажмаар цэгцэрч л байна. Эдди Мел хоёрын явдал сонины хуудсыг чимж байх үед үзэсгэлэнт бүсгүйг дотроо өмөөрч суусан нэгэн залуу хоёр одын салалт тодорхой болмогц гэрлэх санал тавин зөвшөөрүүлжээ. Амьдрал утгагүй санагдаж байсан тэр үед бүсгүйг түшиж авсан тэр азтай залуу бол киноны продюссер Стивен Белафонте. Одоо тэд гурван хүүхдийнхээ хамт тайван сайхан амьдарч байна. Тэрбээр хайртай хүндээ хүсч байсан сайхан гэр бүлийн амьдралыг бэлэглэж чаджээ.

-Та хоёрын гэрлэлтийг хэн ч мэдээгүй. Яагаад нууцаар гэрлэхээр шийдсэн юм бэ. Би бол олныг доргиосон хурим хийж, түүндээ Эдди Мерфиг урих байсан даа?

-МБ-Стивен тансаг хурим хийхийг хүссэн ч би болиулсан юм. Эддитэй үүсгэсэн явдал олны анхаарлыг татсан хэвээр байсан тул намжаахыг хүссэн. Хэрвээ таны хэлсэн шиг зүйл болсон бол дахиад л хэл амны бай болох байв. Тиймээс Лас-Вегаст ойр дотныхоо хүмүүсийг оролцуулсан хурим хийсэн.

С.Б-Гэхдээ би тэр үед Мелд хэзээ нэгэн цагт тансаг хурим хийж өгнө гэж амласан. Амлалтдаа өнгөрсөн жил хүрлээ. Египетийн Хургадад найз нөхдөө оролцуулж өмнө нь хүсч байсан шиг хуримаа хийсэн. Египетээс ирэнгүүтээ л Холливудад тансаг байр худалдаж авсан.

-Байр тань үнэхээр тансаг юм…

С.Б-Меланиг хуучин бүх дурсамжаасаа хагацаасай гэсэндээ бүх зүйлийг нь өөрчлөхийг хичээсэн. Түүнтэйгээ хамт байхын тулд ажлаа хойш нь тавих үе ч байсан. Усанд сэлж, хамтдаа фитнесс клубийн гишүүн болох үед л дээ. Сүүлдээ хамт ажиллаж ч үзсэн. Нөхрийнхөө ямар ажил хийдгийг мэдрэг гэж бодсон юм (Тэд Николас Кейжийн тоглосон “Муу түрүүч” киног хамт продюссерлэсэн). Би кино үзэх дуртай. Мел эхэндээ тийм дуртай байгаагүй ч одоо намайг дуурайгаад дуртай болж байгаа. Эрдэнэшишийн хөөсөнцрөө бэлдэж байгаад л гэрийн кино театртаа тухалдаг.  

МБ-Байшингийн тохижилт нь таалагдаж байна уу?

-Ёстой сайхан тохижуулжээ…

МБ-Бүгд миний санаа байгаа юм даа. Гадна, дотор тохижилтыг өөр өөр компаниар хийлгэсэн. Зарим зүйлсийг нь бүр өөрөө хийсэн гээч. Байшиндаа би хайртай. Ингэж байх зуур аз болж Стивенд ажил гарсан тул дуучнаас хүссэн зүйлээ асуух боломж олдлоо.

-Уучлаарай. Эдди Мерфи саяхан тантай уулзаж хүүхдээ харахыг хүссэн гэсэн мэдээлэл цацагдаж байна. Та уулзах уу?

-Эддигийн талаар дахиад ярихыг хүсэхгүй байна. Эйнжел Айрис одоо болтол эцгийгээ хараагүй. Стивенийг ааваа гэж боддог. Би ч тийм байгаасай гэж боддог. Стивен бид хоёрыг гэрлэхэд охин маань хоёрхон сартай байсан юм шүү дээ. Эдди мэдсээр байж охиноо “Минийх биш” гэж хэлсэнд нь үнэхээр гомдсон. Тиймээс уулзахгүй ээ. Одоо би харамсахаа больсон, магадгүй бүх зүйл ийм байгаа нь хамгийн сайн хувилбар байж дээ гэж боддог.

-Охиноо тийм жаахан байхад хүнтэй суусан гэхээр та түүнд үнэхээр их гомджээ?

-Хоёр дахь төрөлт маань үнэхээр хэцүү байсан, дээрээс нь эцэггүй хүүхэд төрүүлэх нь гэж бодохоор. Одоо би тэр үеийг яаж давж гарсан юм бол доо гэж боддог юм шүү. Стив намайг тансаг оройн зоогонд уриад гарт доржпалам шигтгээтэй бөгж зүүж билээ. Тэр үед надад эр хүний түшиг үнэхээр хэрэгтэй байсан болохоор зөвшөөрсөн. Гэхдээ юуг нь нуух вэ, бид хоёр урьдын танил. Бидэнд адил зүйл их. Стив бас өмнөх гэрлэлтээсээ нэг хүүхэдтэй. Одоо манай ам бүл тавуулаа болсон. Бас ч гэж өнөр байгаа биз дээ. Удахгүй нэг “жижиг” Стив нэмэгдэх байх гэж найдаж байгаа шүү.

-Та нээрээ жирэмсэн юм биш биз дээ. Тэгж бодогдоод явчихлаа?

-Магадгүй шүү. Би л хувьдаа жирэмсэн болохыг хүсч байгаа. Хүүхэдтэй байх надад таалагдаж байна (Түүнд Энжел Айрисаас гадна бүжигчин Жимми Гульзартай хийсэн ахархан хугацааны гэрлэлтээс үлдсэн 11 настай Феникс, Стивений өмнөх гэрлэлтээс үлдсэн таван настай Жизель хэмээх охин бий). Би тэднийгээ дагуулаад хажуугийн дэлгүүр рүү явдаг юм. Дэгдийхийгээ дагуулсан нугас шиг л гар гараас нь хөтлүүлээд гарч өгнө шүү дээ. Үнэн шүү одоо би Эддиг бараг мартсан. Дахиад санахыг ч хүсэхгүй байна.     

Х.САЙХАН

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж