-Шүүхэд ямар үзмэр байдаг вэ гэж асуувал, учир мэдэх хүмүүс шуудхан л нэг зүйлийг хэлнэ. “Шүүх хуралдаанд оролцдог иргэдийн төлөөлөгч” гэж. Шүүхийн шийдвэрт нөлөөлж ч чаддаггүй, тийм гэхээр олигтойхон ч эрхгүй, үндсэндээ байгаа байхгүй нь анзаарагддаггүй хүмүүс шүүх хуралд байсаар л байна. Гэхдээ яалт ч үгүй шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оруулна гээд хуульд заачихсан болохоор нэг “үзмэр”-ийг тэнд суулгах хэрэг гардаг аж. Эдгээр “үзмэр” нь голдуу тэтгэврийнхэн, гэртээ ажилгүй суудаг хижээл насныхан. Энэ талаар судалгаа хийсэн “Хууль, хүний эрхийн төв” ТББ-ын судалгааны дүгнэлтэд ч “Шүүхийн хэлэлцүүлэгт оролцох иргэдийн төлөөлөгчдийг сонгох шалгуурыг тодорхойлсон эрхзүйн акт байхгүй тул өмнө нь ардын төлөөлөгчөөр ажиллаж байсан тэтгэврийн насны хөгшид, өмгөөлөгч, шүүхийн үйлчлэгч, манаач, жолооч, хуулийн сургуулийн үйлдвэрлэлийн дадлага хийж буй оюутан оролцдог” хэмээн тодорхойлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 52.2 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэж байх тухай заалт нь иргэдийн төлөөлөгчдийг шүүх хуралд оролцуулж байх гол үндэслэл болж байгаа. Гэхдээ энэ нь зүгээр л “үзмэр” болоод байх тухай бус “оролцох” тухай санааг агуулсан хэрэг. Иймд “Хэзээ болтол шүүхийн тэд “үзмэр”-үүд байсаар байх юм?” гэх асуулт хариулт нэхэж байна. Үүнд хариулт болох зүйл нь “Ерөнхийлөгчийн институцийн зүгээс гарсан шүүхийн багц хуулийн төслүүд”, бүр тодруулбал, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн тухай хуулийн төсөл”–ийн хувь заяа хэрхэн шийдэгдэхээс тодорхой болно. Шүүхийн багц хуулийн хүрээнд боловсруулагдсан эхний хуулиуд амжилттай батлагдсан бөгөөд дараагийн ээлжинд хүлээгдэж буй иргэдийн төлөөлөгчдийн талаар ямар зохицуулалт орсон талаар нь сонирхоцгооё.
-УИХ 2011 оны аравдугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжлээ. Энэ төслийг танилцуулснаас нь хүргэвэл “шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Энэ хуулиар иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн статус, шалгуурыг тодорхойлж, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд бодитой, үр нөлөөтэй оролцох боломжийг бүрэн нээж, холбогдох зохицуулалтыг нарийвчлан оруулсан. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчийн оролцоог хангах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон” гэв. Үүнээс нь ойлговол ямартаа ч иргэдийн төлөөлөгчийн эрх үүргийг салбар хуулиудаар биш бие даасан хуулиар тодорхой болгож “хөдөлгөх” гэж байгаа нь харагдлаа.
-Дээрх хуулийн төслийн танилцуулгад “иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд бодитой, үр нөлөөтэй оролцох боломжийг бүрэн нээх” зорилготой байгаа талаар дурджээ. Үүнээс нь харсан ч өнгөрсөн хийгээд одоод иргэдийн төлөөлөгчид шүүх хуралд бодитой оролцож чадахгүй байгааг засахыг хэлээд буй юм. Тодруулбал, иргэдийн төлөөлөгчдийн эрх үүргийг холбогдох хуулиудад тусгасан ч “бодитой оролцох” боломжийг нь хангаагүй аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг харвал “иргэдийн төлөөлөгч нь оролцогчид асуулт тавих, нотлох баримтыг судалж үнэлсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах эрхтэй” хэмээн заасан нь гаргасан дүгнэлт, саналаа зөвхөн уншиж сонсгосон ч болно, бас уншиж сонсгохгүй байсан ч болох ёс төдий зөвхөн хэлбэрийн төдий агуулгыг агуулж байна” гэх дүгнэлтэд хүргэж байна. Түүнчлэн “Иргэдийн төлөөлөгчдийн гаргаж байгаа санал нь шүүхийн эцсийн шийдвэрт ямар нэг нөлөө үзүүлж чадахгүй байгаа тул тэд шүүх хуралдаанд суух ямар ч ач холбогдолгүй” гэх хуульчдын үг ч дээрх дүгнэлтийг баталж байна. Ийнхүү анхан шатны шүүхээс гарч буй шийдвэр, шийтгэх тогтоол Монгол Улсын нэрийн өмнөөс гарч байхаар хуульчилсан ч угтаа бол Төрийн нэрийн өмнөөс бүх шийдвэр гардаг гэж үзэж болохоор байна. Учир нь иргэдийн төлөөлөгчийн саналд шүүх бүрэлдэхүүн төдийлөн ач холбогдол өгдөггүй шүүгч дангаар шийдвэр гаргадаг. Тэгэхээр иргэдийн төлөөлөгч чухам яах гэж шүүх хуралдаанд оролцдог нь тодорхойгүй, зөвхөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгуйн тулд шүүхийн ажиллагаанд туслах төдийхөн л иргэд болон хувирчээ.
Олон улсын практикт шүүх ажиллагаан дахь иргэдийн оролцооны “jury” буюу тангарагтны шүүгчид, “lay judge” буюу мэргэжлийн бус шүүгч гэсэн хоёр загвар байдаг. Тангарагтны шүүхийн хувьд тодорхой тооны иргэд шүүгчийн оролцоогүйгээр хэргийг факт буюу гэм буруутай эсэхийг шийдвэрлэдэг бол мэргэжлийн бус шүүгчийн оролцооны загвар нь мэргэжлийн шүүгчидтэй хамтран гэм буруугийн болон бусад асуудлаар шийдвэр гаргахад оролцдогоороо ялгаатай. Тангарагтны шүүхийн хувьд Хойд Америк, Их Британи түүний колони байсан орнуудад түгээмэл бол мэргэжлийн бус шүүгчийн оролцооны загвар нь эх газрын эрх зүйн тогтолцоотой Герман, Финланд, Швед, Польш зэрэг Европын улс орнуудад байдаг. Мөн Украйн, Гүрж, Азербайжан, Казахстан, Узбекстан, Тажикстан, ОХУ зэрэг шилжилт хийсэн улсууд шүүхийн тогтолцоондоо иргэдийн оролцооны механизмыг оруулсан байна. БНСУ, Япон зэрэг улсууд саяхнаас иргэдийн оролцоотой шүүхийн тогтолцоонд шилжсэн ба БНХАУ-ын хувьд иргэдийн оролцоотой тогтолцоогоо улам сайжруулж байгаа гэнэ.
Иргэдийн төлөөлөгчдөд хэрэг шийдвэрлэх эрх өгөх үү? Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шийдвэр гаргах эрхтэй болгоно гэдгийг эсэргүүцэх хандлага бий. Тийм байр суурьтай хуульчид “Бид таван жил хуулийн сургуульд сураад тодорхой шалгууруудаар 10 жил туслах, өмгөөлөгч хийж байгаад сая шүүгч болоод шийдэх гэж байгаа 10-20 жил хуримтлуулсан мэргэжлийн юмыг бол өөр энгийн ухамсартай хүнээр шийдүүлнэ гэвэл хуульч, шүүгч гэдэг ажил мэргэжил хэрэггүй гэсэнтэй адил” гэж шүүмжилдэг бөгөөд “Иргэний ухамсар, хуульчийн ухамсар хоёр ондоо. Тэгэхээр жирийн дундаж иргэний ухамсраар юу шийдүүлэх вэ, мэргэшсэн хуульч хүний ухамсраар юу шийдүүлэх ёстой вэ гэсэн хоёр ойлголт байгааг ялгаж салгах хэрэгтэй” гэдэг.
Хэргийн төрлийг ялгах уу? Зарим хуульчид мөн иргэний болоод захиргааны хэрэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт бодитой гарах эсэх дээр эргэлздэг. Тэд “дэлхийн нийтийн жишгээр эрүүгийн шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч шүүгдэж буй этгээдийн гэм бурууг шүүн цэгнэх үүрэгтэйгээр оролцох нь зүйтэй” гэх тайлбарыг хийдэг бөгөөд шийдвэр гаргахад нөлөөтэйгээр оролцоход зарим талаар эрсдэл дагуулдаг гэцгээдэг.
Нууц хадгалах баталгаатай юу? Иргэдийн төлөөлөгч нарт хаалттай, /хувь хүн, төр, байгууллагын нууцтай холбоотой хэрэг, маргаан/ шүүх хуралдааны болон шүүгчдийн зөвлөлдөх тасалгааны нууцыг хадгалах ямар баталгаа байна вэ гэх эргэлзээ мөн бий. Хуулиар энэ эргэлзээг арилгахгүй бол эрсдэл гарч болзошгүй гэдэг.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар дараах үр дүн гарна гэж хууль боловсруулагчид төсөөлж буй аж. Үүнд, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн статус, шалгуурыг тодорхойлж, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд бодитой, үр нөлөөтэй оролцох боломжийг бүрэн нээж, холбогдох зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгоно. Иргэдийн төлөөлөгчийн оролцоог хангах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхойлж, иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээг тодорхой болгосноор, шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод, шударга байх олон нийтийн үнэлэмж дээшилж нийгмийн шүүхэд итгэх итгэл, хандах хандлага сайжирна. Түүнчлэн, иргэдийн эрх зүйн ухамсар дээшлэхэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг өөрчлөлт гарах гэнэ. Түүнчлэн эрхзүйн бүрэн чадамжтай 25 нас хүрсэн, тухайн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх, ял шийтгүүлээгүй, хэргийн оролцогчоор татагдаагүй, сүүлийн хоёр жил иргэдийн төлөөлөгчөөр шүүх оролцоогүй иргэд л шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох боломжтой болсноор хэн дуртайг нь хуралд суулгадаг ёс төдий зүйл алга болох аж. Мөн хязгаарлалт хийж иргэдийн төлөөлөгчөөр тодорхой албан тушаалтныг томилохыг хоригложээ. Гол нь иргэдийн төлөөлөгчид ял хариуцлагын талаар дүгнэлт гаргах эрх хэмжээтэй байхаар, иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгах, тусгаагүй бол үндэслэлээ оруулахыг зааснаараа “үзмэр” биш “оролцогч” болох боломж бүрдэх аж.
