Чуулганы нээлтэд салбарын сайд Д.Зоригт, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төр засгийн өндөрлөгүүд оролцож мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлоход гар бие оролцож явсан үе үеийн сайд, дарга нар, эрдэмтэн судлаачид, салбарын хөгжлийн жолоог атгалцаж яваа төрийн байгууллагын удирдлагууд төдийгүй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид зэрэг бүхий л төлөөлөл хуран чуулах юм. Энэ үеэр уул уурхайн салбарын өнөөгийн байдлаа хэлэлцэж, хэтийн төлөвөө тодорхойлон, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын өмнө тулгамдаж буй бэрхшээлүүдийг хэлэлцэж, зөвлөмж гаргахыг зорьж байна.
Мөн төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалт хайж байгаа төсөл хөтөлбөр, уг салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийг хооронд нь холбох, тэдгээрийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй сурталчилан таниулах нь чуулганы үндсэн зорилго билээ. Түүнчлэн, чуулганы үеэр уул уурхайн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.
Нээлттэй чуулганы үндсэн хуралдаан “Уул уурхайн салбарын бодлого, хууль эрхзүй, чиг хандлага”, “Хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хөрөнгийн зах зээл”, “Монголын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний зах зээл, өрсөлдөх чадвар”, “Байгаль орчин, техник технологи, дэд бүтэц, хүний нөөц” гэсэн хэсгүүдээс бүрдэж, энэ хүрээнд олны анхаарал татсан илтгэлүүдийг хүргэх юм. Мөн Ашигт малтмалын боловсруулалт, Нүүрсний гүн боловсруулалтын судалгаа, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал ба тогтвортой хөгжлийн стратеги зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, оролцохоор бүртгүүлэхийг хүсвэл www.miningmongolia90.mn цахим хаяг болон 70115590 утсанд хандана уу.