Байгаль сүйтгэгчдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Байгаль сүйтгэгчдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэв

БНСУ-ын 100 хувийн хөрөн­гө оруулалттай “Туул ревер контрисайд” компани нийслэлийн оршин суугчдыг цэвэр усаар тэтгэж байдаг Туул голын сав орчмын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар газар өмчлөн гольфын талбайн  барьж байгуулсан бөгөөд  нийслэлд оршин суудаг нэг сая гаруй хүн амыг эрсдэлд оруулаад байгаа талаар  “Туул голыг хамгаалах хөдөлгөөн” “Байгаль орчны төлөө хуульчдын холбоо”  зэрэг ТББ-ууд хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд 

-Анх 2007 оны тавдугаар сарын 9-ний өдөр тухайн үед Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир захирамж гарган 4 га байх ёстой газрыг 50 га болгон эрх мэдлээ урвуулан ашиглаж Өмнөд Солонгосын компанид газар олгосон. Ингэхдээ нэг ам метр талбайн газрын татвар 44 мянган төгрөг буюу жилд 22,0 сая төгрөг гэж гэрээ байгуулсан. Ингээд тус компанийнхан Гачуурт тосгоны Халиурын тохой гэх газарт гольфын талбай байгуулахаар болж 2008 оны долдугаар сард хөрс хуулалтын ажил эхлүүлсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тухайн үед Гачууртын иргэд “Туул голыг хамгаалах хөдөлгөөн” төрийн бус байгууллага байгуулж, нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр болсон тус тосгоны орчимд байгаль экологид хор хөнөөл учруулсан энэ үйлдлийг зогсоохоор тэмцэж эхэлсэн. Газар нутгаа хамгаалсан иргэдийн тэмцэл шүүх хүртэл үргэлжилж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Гачуурт тосгонд гольфын талбай байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын уг компанид олгосон газрын зөвшөөрөл нь Байгаль орчны болон Усны тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн байснаас Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс уг газрын зөвшөөрлийг хүчингүй болгож цуцалсан. Харин тус компанийнхан шүүхийн шийдвэр ийнхүү гарахаас өмнө Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн газар доор орших усны нөөц хэмээн үнэлэгдсэн энэхүү талбайн 13 га газрын хөрсийг 30-40 см зузаан хуулж барилгын ажлыг эхлүүлээд байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу экологийн үнэлгээний төвөөс өнөөх сэндийчиж орхисон газартаа 750 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийлгэхээр шийдвэрлэсэн ч өнөөг хүртэл нөхөн сэргээлт хийгээгүйгээр барахгүй бүр 17 га газар болгон хөрсийг нь сэндийчиж орхисон. Харин үүний дараа 2009 оны долдугаар сарын 29-ний 392 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд 60 га газар аялал жуулчлалын чиглэлээр өгч газар олгосон. Мөн 2010 оны аравдугаар сарын 3-ний өдөр дахин захирамж гарган XIV хороог XII хороо болгон хороо залруулсан гэдгээр газар олгох гэрчилгээг шинэчлэн “жинхэнэ” газраа олгосон. Энд тэд модыг тайрч, газрын хөрсийг хэрхэн сэндийчиж, яаж хайр найргүй ашиглаж болох вэ гэдгийг яруу тодоор харуулсан гэж хэлэхэд буруудахгүй.“Туул ревер контрисайд” хэмээх Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай уг компани тухайн үед 60 га талбайн зөвшөөрөл авсан ч өдгөө 119 га газрыг хууль бусаар эзэгнээд байга. Тэд газар авсан даруйдаа Туул голын эргийн улиас, бургасыг бульдозероор газартай нь тэгшилж, цөөн хэсгийг нь шилжүүлэн суулгасан нэр зүүсэн ч үнэндээ огт тийм ажил хийгээгүй гэдгийг нотлох хүмүүс олон. Тиймдээ ч иргэдийн гомдол мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагаас “Туул ривер контрисайд” компанийн Монгол талын захирал Д.Нармандахыг Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан ч  Прокурорын байгууллагаас хянаад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Манайх шиг өргөн уудам газар нутагтай орны нийслэлийнх нь цэвэр усны ундрагатай Туул голын орчим заавал гольфын талбай барих гэж зүтгээд хууль журмыг нь уландаа гишгэж, ард иргэдийг нь хохироох шалтгаан нь ердөө л хямд зардал гаргах гэсэн санаа хэмээн үзэж буйгаа төрийн бус байгууллагынхан илэрхийлж байлаа.

Мөн тэд “Гольфын талбайн дагуух зүлэг нь дороосоо байнга чийг авч байдаг учраас  чийглэг хөрстэй голын эргийг бараадуулж байгуулан ажлаа хялбарчлах гэсэн солонгосчуудын санаа гэдгийг мэргэжилтнүүд төдийгүй учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Хамгийн чухал нь нийслэлчүүдийн цэвэр усны ундаргад байрлах уг  гольфын талбайд зөвхөн хөрс хуулсны дараа гэхэд хөгц мөөгөнцөр зэргийг устгах зориулалттай 20, шарилж зэрлэг ургамал устгах зориулалттай 22, шавьж устгах зориулалттай найман нэр төрлийн химийн бодис ашигладаг. Үүнээс гадна гольфын талбайд 107 нэр төрлийн химийн бодис тогтмол хэрэглэдэг. Тэгэхээр хөрсөнд шингэсэн химийн хорт бодис голын усанд шингэнэ. Голын эргээс дор хаяж 200 метрын зайтай барилга байгууламж барих ёстой атал энэ гольфын талбай ердөө 20 хүрэхгүй шахам метрийн зайтай баригдсан нь ч мөн л эмзэглүүштэй. Түүнчлэн уг гольфын талбай байгуулах  төсөлд хийсэн “Экоговь” компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тусгасан байдлаас харвал тус компани Биокомбинатын эрчим хүчний нэгдсэн систем, харилцаа холбоо, Улаанбаатар хотоос Биокомбинат хүртэлх авто зам зэрэг бэлэн дэд бүтцэд тулгуурлан үйл ажиллагаа явуулах ашиг сонирхол давхар агуулж буй. Тэгэхээр голын сав дагуу оршдог иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, байгалиа, усаа хамгаалахаа санасан ч гольфын талбайн ажлыг зогсоож, экологид учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх ёстой юм” гэж ярилаа.  Гэхдээ энэ хэрэг анхнаасаа албан тушаалтнуудын авлигатай холбоотой байсныг иргэний хөдөлгөөнийхөн  баримт дэлгэн ярьсан юм. Тухайлбал:

-2008 оны наймдугаар сарын 1-ний өдөр Байгаль орчны сайдын 257 тоот тушаалаар гольфын талбай байгуулах үйл ажиллагаанд “Эконатур” компанийн хийсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд хуурамч  баримтуудыг бүрдүүлсэн гэдгээр хянан магадлагаа хийх ажлын хэсгийг томилж байв. Мөн  2008-2009 оны үед зарцуулсан гэх гурван сая ам долларын хөрөнгө оруулалт хэрхэн яаж зарцуулагдсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Үүний нэг сая ам долларыг  тус компанийнхан Э.Мөнх-Очирт өгсөн гэх мэдээлэл ч гарч байгаа аж. Түүнчлэн ойн экологи эдийн засгийн үнэлгээг зохих аргачлалын дагуу гарган хохирлын хэмжээг 140 сая төгрөгөөр  тогтоосон боловч хэрэгсэхгүй болгосон  үндэслэл нь  хангалтгүй байдаг. Үүгээр ч зогсохгүй голын эргээ хамгаалан дуугарсан,  санал шүүмжлэл хэлсэн Гачуурт, Биокомбинатын иргэдэд ажил олж өгөх зэргээр амыг нь барихыг оролдсон байна. Мөн өндөр настай иргэдэд ногоон цай, хадаг, хүүхдүүдэд нь дэвтэр, печень зэргийг тарааж, залуучуудад нь 5000-20000 төгрөг, шил архины хамт өгч байсан талаар нутгийн иргэд өдгөө ч ярьдаг. Энэ мэт олон арван баримт байгаа ч хууль хяналтын байгууллагууд нь ч тэднийг өнөөг хүртэл хариуцлага хүлээлгэсэнгүй.  Тиймээс наад зах нь тус компанийг хууль зөрчих бүх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ хүмүүсийн нэрс УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироор эхэлж, Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй, БОАЖЯ-ны мэргэжилтэн дүгнэлт гаргасан, шинжээч Шижир-Эрдэнэ, БОНБНҮнэлгээний тайланг хангалтгүй хийсэн “Экоговь” компани гэх мэтээр үргэлжлэн хөвөрнө. Эдгээр хүмүүсийг шалгуулахаар өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд гурван шатны шүүхэд хандаж үзсэн ч арга хэмжээ аваагүй, тодорхой шийдэлд ч хүрээгүй. Гэхдээ үүнийг бид ингээд орхихгүй дхин шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал ирэх долоо хоногт болох байх гэлээ.

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж