Нөөцийн махыг хуучин үнээр нь худалдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг хуучин үнээр нь худалдаж байна

Өнгөрөгч гуравдугаар сарын 12-ноос хойш худалдаанд гараагүй “тасарчихаад” байсан нөөцийн махыг өчигдрөөс эхлэн есөн дүүргийн 167 цэгээр худалдаалж эхэллээ. Хүмүүс хэдхэн килограмм махны төлөө “алалдаж”, уртаас урт дараалал үүсгэдэг өнөөх л танил болсон дүр зураг энэ өдөр ч хэвээр. Гэхдээ тэдний сэтгэлийг бага ч болов тайтгаруулах нэг зүйл нь нөөцийн махны үнэ хуучнаараа байгаа явдал байлаа.

Зургадугаар сарыг дуустал хуучин үнээрээ

Мах бэлтгэгч компаниуд нөөцийн махны үнийг 4500-5100 төгрөг болгох шаардлага хүргүүлж, хэлэлцээнд хүрээд байсан ч ирэх зургадугаар сарыг дуустал хуучин үнээрээ худалдахаар болжээ. Өөрөөр хэлбэл, үхрийн мах 3700, хонины мах 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаанд гаргана гэж ойлгож болно. Холбогдох албаныханы мэдээлж буйгаар энэ нь махны үнийг бууруулахад бага ч болов нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Дэнжийн 1000-д байрлах “Хүчит шонхор” худалдааны төвд нөөцийн мах авч байгаа хүмүүс бүгд л махны үнэ нэмэгдсэн болов уу гэж нэг, нэгнээсээ асуух. Худалдагч тэдний урдаас хуучин үнээрээ зарагдаж буйг хэлэхэд хөгшчүүл нь баярлаж, залуус нь ам, амандаа “ашгүйдээ” гэж шивнэнэ. Хэдийгээр хүний хөл хөдөлгөөн их байсан ч махны үнэ нэмэгдээгүй болохоор ар, арынхаа хүмүүст нэмэгдээгүй гэдгийг хэлэн урдаас нь мишээх. “Махны үнэ нэмэгдэнэ гээд бага зэрэг бухимдаж л байлаа. Гэтэл үгүй байна. Зургадугаар сарыг дуустал ингэж зарвал болж байна шүү дээ” гэж Чингэлтэй дүүргийн иргэн Б.Долгор ярьж байсан юм. Ерөөс зөвхөн энд ч биш нөөцийн мах зарж байгаа бүх дэлгүүрүүдэд нөөцийн махны үнэ нэмэгдээгүйд хүн болгон дуртай байлаа. Урьд өмнө нь урт дараалал үүсгэн нэг, нэгнийхээ урд, хойно гэж багахан хэмжээний дайн болдог байсан бол энэ өдөр махны үнэ нэмэгдээгүйд баярласандаа ч тэр үү ямар нэгэн хэрүүл, маргаан үүссэнгүй.

Нийслэлээс 40 тэрбум төгрөг зарцуулжээ

Нөөцийн махыг ийнхүү хуу­чин үнээр нь худалдахын тулд нийс­лэлийн төсвөөс 40 тэрбум төгрөгийг яаралтайгаар гаргасан байна. Тиймээс есөн дүүргийн 167 цэгээр хуучин үнээрээ худалдах боломжтой болжээ. Гэсэн хэдий ч нөөцийн мах бэлтгэгч компаниуд алдагдал хүлээж байгаа болохоор үнээ нэмэх шаардлагатай гэж мэдэгдсээр байгаа юм. Нөөцийн мах бэлтгэж байгаа компаниуд 12 мянган тонн мах бэлтгэхэд 45-50 тэрбум төгрөг зарцуулдаг ажээ. Махыг ингэж жижиглэнгээр бэлтгэхэд зардал маш их гардаг. Тухайлбал, ямааны нэг килограмм мах бэлтгэхэд бүх зардал нь 3729 төгрөг болдог аж. Гэтэл ийм зардлаар бэлтгэсэн махыг 3200 төгрөгөөр зарж байгаагаас болоод компаниуд алдагдал хүлээдэг гэлээ.

Нөөцийн мах хүрэх болов уу?

Энэ бол иргэдийн айдас. Чухам­даа эхний өдөр нөөцийн мах авч амжаагүй хүмүүс ингэж санаа зовж байна. “Очиж амжаагүй байтал дуусчихвал хэцүү биз дээ. Цалин бага учраас хэд, арван төгрөгөөр татуу авах нь ашигтай шүү дээ” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Л.Цэнд ярьсан юм. Нөөцийн махыг угтаа бага орлоготой, амьжиргааны төвшин доогуур иргэдэд зориулж буй. Тиймээс нийт хүн амын махны хэрэгцээний 10 хувьд нөөцийн мах нийлүүлнэ гэж тооцоолсон аж. Дараа, дараагийн нөөцийн мах бэлтгэх ажлыг 20 хувь болгох үүднээс аймгуудаас нэмж мах нөөцөлж байгаа юм байна. Улаанбаатар хотын иргэд өдөрт 300 тонн мах, жилдээ 110 орчим мянган тонн мах хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Тийм ч учраас мэргэжилтнүүдийн зүгээс нөөцийн махны тараалтыг хэдэн жилийн дараа зогсоох хэрэгтэй гэж сануулж байна. Учир нь дахиад арван жилийн дараа Монгол Улс махны хэрэгцээ дийлэхгүй гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. “Ер нь махны хэрэглээ жил ирэх тусам нэмэгддэг учраас нөөцийн махны асуудлыг дахин авч үзэх хэрэгтэй. Хэрэгцээ нэмэгдэх тусам нөөцийн мах бэлтгэхэд улам хүндрэлтэй болно” гэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Б.Дамдинсүрэн ярилаа.

Махны нийлүүлэлт тааруу байна

Хотын захиргаанаас хүсэлт гаргаж Засгийн газраас Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд үүрэг өгсний дагуу 18 аймгаас 10 гаруй мянган тонн мах бэлтгэх болсон ч одоогоор нийлүүлэлт тааруу байгаа ажээ. Хөдөө, орон нутагт махны олдоц тааруу байгааг үүнтэй холбон тайлбарлаж ч болох. “Малчид махаа худалдах сонирхол бага байгаа учраас нийслэлчүүдэд зориулан мах бэлтгэх ажил хүндрэлтэй бай­на” гэж хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат ярилаа. Одоогийн байдлаар Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Увс, Дорнод болон бусад аймгуудаас мах нийлүүлээд байна.

Ийнхүү сүүлийн хэдэн хоног худалдаанд гаралгүй удаад байсан нөөцийн мах өчигдрөөс худалдаанд гарлаа. Хэдийгээр өмнөх шигээ дугаарлаж, хэдэн минут хүлээх шаардлага иргэдэд гарч байсан ч үнэ нэмэгдээгүйг сонсоод хүн бүхэн баярлаж байсан юм. Гэвч бэлтгэн нийлүүлдэг компаниуд нь үнийг нь нэмэхийг шаардсан байдал хэвээрээ л байна.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж