Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай

Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай
Б.Түмэн-Өлзий

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монголчуудаа монголдоо ирж амьдарцгаая” гэсэн уриалга монгол хүн болгоны чихийг халуу оргиуллаа.Монгол улсын төрийн тэргүүний амнаас энэ үг унахыг бид 20 жил хүсэн хүлээсэн юм.Түүхийн буурал аянд 20 жил урт биш. Гэвч түүхийн хүрд буцан эргэлддэггүй нэгэн хатуу хууль буй.Түүх гэж өртөөнөөс нь өнгөрүүлчихээд буцаад ирээ, сууя гэж болдоггүй вагон шүү дээ.

Элбэгдорж ерөнхийлөгчийн уриалгаас хэдэн жилийн өмнө Монгол улсын сэтгүүлч Ч.Мөнхбаяр нар монгол аймгуудаа Монгол улсад суурьшуулах хуулийн төслийг их хуралд өргөн барьж байхыг би телевизээс хараад хийрхэл догдлолд автаж байсан минь өчигдөрхний хэрэг шиг.Төр засаг өврөө сөхөөгүй ч ард түмэн гараа сунгаж байгаад баярлаж байсан.

Өвөр монголчууд Монгол улсад нүүдэлчилбэл энэ хэсэг газрыг хятадад бэлэглэчих биш үү? Энд бүгдээр уусаж дуусахын оронд Монголдоо нүүж ганц улсаа бататгах нь дээр юм биш үү? Ийм 2 зөрчилтэй сэдвийг өвөр монголын үндсэрхэг хүмүүс тоогүй маргалдаж толгой тархиа шавхсаар ирсэн нь үнэн.

Мөрөөдлийн хүчинд би Монгол улсад очсон. Хувь заяаны эрхээр зургаан жил амьдарсан. Халхын хавтгайд хаврын хамхуул шиг тэнэн хэсүүчлэхдээ улс төр сонирхдог зохиолч хүний хувьд Өвөр монголынхоо гарах замыг хайсаар байлаа.Үүний нэгэн жишээ нь өчигдөр hard дискээ тэглэхэд гарч ирсэн хэдэн жилийн өмнө Монгол улсын засгийн газар,төрийн тэргүүнд өргөн барьж байсан төсөл юм. Олон хоногийнх нь дараа засгийн газрын ажилтан:

-Таны энэ төслийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь ээ! гэж хүйтнээр инээн хариулж байсан хариулт Шү Шү Жаны зураг, ширмэн сумтай үхэр бууны хамт үндэсний түүхийн музейд үүрд хэвтэх болоосой гэж би хүсэж байна.

Саяхан АНУ-ын Хүний эрхийн сэдвээр бичдэг
шилдэг сэтгүүлчийн шагналыг хүртсэн,
АНУ-д суугаа Б.Түмэн-Өлзий

Мэдээж хэрэг энэ төслийг би 12 онд Америкаас бичсэн бол арай өөрөөр зурваслах л даа.Тэгсэн ч яахав,ийм нэгэн юм байж өнгөрсөн юм гэдэг утгаар л энд нийтэлж байгаа.Тухайн цагтаа чухамхүү аргаа барсан арга юм шүү дээ.

Тархан бутарсан улс аймгаа хураан цуглуулж дархан төрөө бадрааж байсан суут хүмүүс манай түүхэнд цөөнгүй.Тийм хүмүүс хэрэгцээтэй үедээ мэндэлж байснаар Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн сонороос арчигдаагүй өнөөг хүрчээ. Тэр үед саран илд саадаг нумаар ярьдаг байсан бол өнөөдөр арай өөр,ширээний 2 талаас шилэн хундага мөргөлдүүлж байгаад ярьж бас болж байна.Магадгүй хожмын хүмүүс Цахиагийн Элбэгдоржийн хөшөөн дээр “Тархан бутарсан монголоо 21-р зуунд хураан цуглуулах гарааг эхлүүлсэн хүн” гэж сийлнэ. Нэг монгол хүнд үүнээс агуу үнэлэлт гэж юу байх уу?

Өвөрлөгч эгэл иргэн би Монгол улсын ерөнхийлөгчдөө хандаж хэлэх ганц зүйл бол: Уриалгаа бодит зүйл болгох хуулийн төслийг аль түргэн их хурлаар хэлэлцүүлж батлуулах талаар төрийн тэргүүн та алтан цагаа гарздуулан анхааралдаа байлгана уу?

http://moenhbayar.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж