Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Бурхан багшийн зүүд

Бодхисатва бээр шинийн нэгнээс шийнийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дэх бургас модны сүүдэрт гүн бясалгалд оржээ.Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцосоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.

  1. Эхний зүүд: Бодхисатва бээр өөрийн агуу том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана. Гималайн уулсыг дэр болгон дэрлэж, бойв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабын тэнгист, зүүн мутар нь Бангалийн далайд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцолшгүй олон галавын өмнө Дивангар бурханы даяанч Сумедхад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ” гэсэн лүндэн биелэлээ олох цаг болсоныг зөгнөжээ.Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургаал, номлолын нөлөө бүхэл Энэтхэг орноор түгэж, өмнөд, дорнод далай хийгээд гималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.
  2. Хоёр дахь зүүд: Бодхисатва бээр түүний хүйснээс өчүүхэн үр соёоолж, харсаар байтал удаж төдөлгүй нэг тохой, нэг алд, нэг бээр болон маш хурдан мянга мянган бээр өндөрт ургаж, хязгааргүй огторгуйг бүрхэхийг зүүдэлжээ.Энэ зүүд нь Бурханы сургаал зөвхөн хүний ертөнц төдийгүй Тэнгэр Брахма нарт хүрж, тэднийг гэгээрэл ариуслын замд хөтөлнө гэдгийг зөгнөсөн байлаа. Өөрөөр хэлбэл Бодхисатва бээр хүн хийгээд Тэнгэр нарын их багш болно гэсэн үг юм.
  3. Гурав дахь зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс өчүүхэн жижиг тооцоолшгүй олон амьтад ирж, түүний өлмийд сөгдөн унаж буйг харжээ. Тэд цагаан өнгийн хувцастай, хар үстэй ажээ. Удаж төдөлгүй тэдний тоо маш олон болж хөлнөөс дээш бүчин явсаар өвдөгөнд хүрчээ. Энэ зүүд нь цагаан хувцастай хар үстэй олон тооны гэрийн эзэд Бурханы сургаалийг дагаж ач тусыг хүртэх болно гэдгийг зөгнөжээ. Цагаан хувцастай, хар үстэй гэдэг нь хар хүнийг илэрхийлсэн тэмдэг билээ.Тэдний хувцас шар биш цагаан, тэд үсээ мулзалуулаагүй хар үстэй байгаа нь тэд хуврага биш гэрийн эзэн хар хүн гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Бурханы хуврага шавь нараас гэрийн эзэн хар хүмүүсийн тоо хавьгүй олон болохыг энэ зүүд зөгнөжээ.
  4. Дөрөв дэх зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс дөрвөн өөр өнгийн шувууд нисэн ирж түүний өвөрт унахыг харжээ. Тэд унангуутаа өнгө нь өөрчлөгдөн бүгдээрээ цэвэр цагаан өнгөтэй болцгооно. Энэ зүүд нь дөрвөн өөр төрлийн язгууртай /Чадрия, Брахман, вээшя, шудр/ хүмүүс түүний дэргэд ирж, лам хуврага болж, Арахадын хутгийг олж ариудан гэгээрхийг зөгнөсөн зүүд байлаа.Ариудан гэгээрснээр тэд язгуур угсааны өнгөө алдаж, бүгдээрээ нэгэн ижил болох ажгуу. Ганга мөрөн тэргүүтээ олон гол мөрөн далайд цутгасаар өөр өөрсдийн ялгаатай байдлаа алдан нэгэн ижил далайн ус болдог шиг, янз бүрийн язгуур угсааны хүмүүс хуврага болж, бүгд ариун номонд нэгдэж, нэгэн ижил болох болно.
  5. Тав дахь зүүд: Бодхисатва бээр хир буртаг дүүрсэн толгод дээгүүр алхаж яваагаа харжээ. Хэдий хир буртагаар дүүрэн ч өөрт нь өчүүхэн ч хир буртаг халдахгүй байгааг харжээ. Энэ зүүд нь туйлын дээд үнэнийг олохын тулд Бодхисатва бээр нийгмээс холдож, ой шугуйд даян бясалгал хийж байсан хийгээд, харин одоо Бурханы хутгийг олон гэгээрсэнийхээ дараа энэрэхүй сэтгэлд автан хир буртаг бүхнээр дүүрэн нийгмийн дунд орж амьдрах хэрэгтэй болно гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Тэдэнд ариусал гэгээрлийн замыг зааж өгөх хэрэгтэй байлаа.

Урьдын эхнэр, хүү, эх , ах дүү зэрэг гэр бүлийн хүмүүс төдийгүй хамаг амьтаны төлөө энэрэл хайрын хурыг буулгах болно. Тэдэнд ариуслын замыг заах боловч өөрөө юунд ч үл шунана. Маш олон тооны хуврага хувцас, эм тариа, хоол унд, идээ будаа, байр сууц, сүм хийд өглөгт ирэх боловч өөрийн хэрэгцээнээс илүү өчүүхэн ч үл хэрэглэнэ. Муу муухайгаар дүүрэн нийгэмд амьдрах боловч түүнд огтхон ч үл автан, цэвэр ариун номын амьдралаар амьдрах болно.

Энэ явдлаас хойш 24 цаг өнгөрөх буюу дараа шөнийн тэргэл сар баруунаа хэлбийх үедБодхисатва бээр Бурханы хутгийг олон гэгээрнэ. Тэрээр огоот туулсан Бурхан болж, Бодхисатва байх үедээ зүүдэлсэн зүүд нь дэс дараалан биелэлээ олохыг харжээ. Үнэхээр их гайхамшигт өлзий хутаг болох нь энэ билээ.

Хамаг амьтан амар амгалан болох болтугай.

http://bodisatva.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж