О.Алтангэрэл: Би шүүгчид гомдохгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

О.Алтангэрэл: Би шүүгчид гомдохгүй байна

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт буруутгагдаад буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног баривчлах захирамж гаргаж, өнөөдөр 18.30 цагийн орчим нийслэлийн баривчлах байр руу ачлаа.

Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Сүхбаатарын гаргасан захирамжид “2012 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарт  холбогдох хэргийг хянан хэлэлцэх үеэр өмгөөлөгч О.Алтангэрэл нь шүүгдэгчдийг өмгөөлөхөөс татгалзаж, шүүх хуралдааны танхимыг хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр орхин гарсан, шүүх хуралдааныг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний  үндсэн дээр явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж, тогтоосон журмыг илтэд үл хүндэтгэсэн зөрчил гарсан нь тус шүүхийн 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн

88 дугаар тогтоол, улсын яллагч С.Хишигжаргал, Ц.Уртнасан нарын тайлбар, шүүгч Ч.Хосбаярын хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30,1-д зааснаар О.Алтангэрэлийг 14 хоног баривчлах  үндэслэлтэй” гэжээ.

Тэрбээр  нийслэлийн баривчлах байр руу ачигдахын өмнө  “Ямар хуультай, ямар  шүүхтэй улс вэ гэдгийг харлаа. Баривчлах ямар ч үндэслэл байхгүй. Энэ шийдвэрийг гаргасан шүүгчид гомдохгүй байна. Угаасаа ямар зорилгоор  ийм асуудал үүсгэж байгааг гадарлаж байна” гэв.

Өмгөөлөгч О.Алтангэрэл 10 хоногийн дотор нийслэлийн шүүхэд давж заалдах эрх нь нээлттэй. Түүнийг баривчлах үеэр Өмгөөлөгчдийн зөвлөлөөс төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Тэд ч мөн хуулийн хүрээнд давж заалдахаа мэдэгдлээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж