УБЕГ-ын бүтцэд өөрчлөлт оруулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

УБЕГ-ын бүтцэд өөрчлөлт оруулна гэв

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Иргэний бүртгэлийн газрыг татан буулгах гэж буй гэх мэдээллийг тус газрын дарга Л.Амарсанаа үгүйсгэв. Гэхдээ ямартай ч УБЕГ-ын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, “данхайсан олон дарга нарыг багасгах” нь зүйтэй гэдгийг тэрбээр хэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нар УБЕГ-ын харьяа Иргэний бүртгэлийн газрыг татан буулгаж, энэ талаарх сайдын тушаалыг Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд тус газрын ажилчидтай хийх уулзалтын үеэр танилцуулна гэх мэдээлэл гарсан юм. Байгууллагын ажилчдын хуралд хүрэлцэн ирсэн Ж.Амарсанаа дээрх мэдээллийн дагуу сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Иргэний бүртгэлийн газрыг татан буулгах асуудал байхгүй. Гэхдээ байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулна. Энэ нь байгууллагын дотоод асуудал учраас одоо болох хурлын дараа албан ёсны шийдвэрийг олон нийтэд танилцуулна” гэсэн юм.

УБЕГ-ын харьяанд долоон байгууллага байдаг. Нийт 1200 гаруй ажилтантай тус газрын харьяа байгууллага, хэлтсийн дарга, орлогч дарга гээд 30 гаруй удирдах албан тушаалтан байдаг гэнэ. Тиймээс энэ олон дарга нарыг цөөлөх нь зүйтэй гэж үзэж буй ажээ.

Одоо Хүүхдийн урлан бүтээх төвд Иргэний бүртгэлийн газрын ажилтнуудын хурал болж буй. Ажилчдын тухайд тус газрыг татан буулгах талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж