Ноосны урамшууллыг шалгаж өгөхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Ноосны урамшууллыг шалгаж өгөхийг хүсэв

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг өнгөрсөн хоногуудад Хөвсгөл аймагт ажиллаж, УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль, тогтоомжуудын талаар иргэдэд таниуллаа. Тухайлбал, УИХ-аас төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх шийдвэр гаргасан нь төсөв захиран зарцуулах эрхийг нутгийн удирдлага, иргэд шийддэг болох томоохон өөрчлөлт рүү хөтөлнө гэж тайлбарласан юм. Гол нь иргэд нутгийн удирдлагад тавих бүх шатны хяналтыг хүчтэй болгох ёстой. Эцсийн дүндээ энэ нь орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоор хөгжих суурь болно. Хоёрдугаарт, УИХ нь ажилгүйдлийг бууруулах зорилгоор 2009 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд 30 тэрбум төгрөгийг баталж байсан.  Санхүүжилтийг нь жил болгон нэмэгдүүлсэн. Мөн 2011 онд үндэсний үйлдвэрийг дэмжиж 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж хүү багатай, урт хугацааны зээлд үйлдвэрүүд хамрагдаж ажлын байрны тоо нэмэгдэх, мөн хадгалж үлдэх боломжтой болсон тухай онцолсны зэрэгцээ малчдаа дэмжих төрийн бодлого хуульчлан батлагдсанаар  малчид сайн дураараа хөдөлмөрөө хоршиж, зах зээлийн өрсөлдөөн дунд байр сууриа хадгалан үлдэх. Түүхий эдийн үнийн хэт савалгаанд өртөхгүй байх, үйлдвэрүүдэд түүхий эдээ худалдан авах бололцоог бүрдүүлсэн болохыг онцолсон юм.
Харин тойргийнх нь малчид ноосны урамшуулалтай холбоотой асуудлаар гомдол тавилаа. УИХ-аас өнгөрсөн жил үндэсний үйлдвэрүүд, мөн малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгожээ. Ингэснээр ноос, ноолуурын үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөг, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 100 тэрбум, үлдсэн 50 тэрбум төгрөгийн бонд нь хонь, тэмээний ноосыг үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал хэлбэрээр олгохоор болжээ. Харин хэрэгжүүлэх шатанд нэлээд асуудал үүссэн бололтой. Учир нь мэдээлэл дутмаг байснаас малчдын нэлээдгүй хэсэг нь ноосоо ченжүүдэд тушаачихаж, уг нь үндэсний үйлдвэртээ тушаасан нөхцөлд урамшуулал авах ёстой. Тэгтэл арга зальтай нэг нь хуурамч баримт бүрдүүлж байгаад урамшууллын мөнгө хүртчихсэн байх магадлал нэлээд бий тул холбогдох байгууллагынхнаар шалгуулж өгөхийг малчид хүссэн юм. Тиймээс эрхэм гишүүн энэ төрлийн шалгалтыг хийлгүүлэх даалгаврыг тойргийнхноосоо авав. Хөвсгөлчүүдээс авсан хоёр дахь даалгавар нь уул уурхайтай холбогдсон юм. Тодруулбал, Бүрэн тогтох сумын нутагт орших Фосфоритын ордыг ашиглахаар хайгуулын ажил эхэлсэн, Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн орчимд “Эйспар майнинг” компани өрөмдлөгийн ажлаа эхлүүлсэн зэрэг нь байгаль орчинг сүйтгэж, удахгүй малчид бэлчээрээсээ хөөгдөж мэдэх аюулд тулж болзошгүй байгаа тул үүнд анхаарлаа хандуулахыг хүслээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг дээрх газруудад ашигт малтмалын лиценз нь хуулийн дагуу олгогдсон эсэх, хайгуул хийж буй газрууд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхацсан эсэхийг тодруулж эргэж тойргийхондоо хариулт өгөхөөр болсон юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж