
Харин тойргийнх нь малчид ноосны урамшуулалтай холбоотой асуудлаар гомдол тавилаа. УИХ-аас өнгөрсөн жил үндэсний үйлдвэрүүд, мөн малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгожээ. Ингэснээр ноос, ноолуурын үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөг, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 100 тэрбум, үлдсэн 50 тэрбум төгрөгийн бонд нь хонь, тэмээний ноосыг үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал хэлбэрээр олгохоор болжээ. Харин хэрэгжүүлэх шатанд нэлээд асуудал үүссэн бололтой. Учир нь мэдээлэл дутмаг байснаас малчдын нэлээдгүй хэсэг нь ноосоо ченжүүдэд тушаачихаж, уг нь үндэсний үйлдвэртээ тушаасан нөхцөлд урамшуулал авах ёстой. Тэгтэл арга зальтай нэг нь хуурамч баримт бүрдүүлж байгаад урамшууллын мөнгө хүртчихсэн байх магадлал нэлээд бий тул холбогдох байгууллагынхнаар шалгуулж өгөхийг малчид хүссэн юм. Тиймээс эрхэм гишүүн энэ төрлийн шалгалтыг хийлгүүлэх даалгаврыг тойргийнхноосоо авав. Хөвсгөлчүүдээс авсан хоёр дахь даалгавар нь уул уурхайтай холбогдсон юм. Тодруулбал, Бүрэн тогтох сумын нутагт орших Фосфоритын ордыг ашиглахаар хайгуулын ажил эхэлсэн, Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн орчимд “Эйспар майнинг” компани өрөмдлөгийн ажлаа эхлүүлсэн зэрэг нь байгаль орчинг сүйтгэж, удахгүй малчид бэлчээрээсээ хөөгдөж мэдэх аюулд тулж болзошгүй байгаа тул үүнд анхаарлаа хандуулахыг хүслээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг дээрх газруудад ашигт малтмалын лиценз нь хуулийн дагуу олгогдсон эсэх, хайгуул хийж буй газрууд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхацсан эсэхийг тодруулж эргэж тойргийхондоо хариулт өгөхөөр болсон юм.
Г.Дарь