“Аль-Кайда” Йеменд хүрээгээ тэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

“Аль-Кайда” Йеменд хүрээгээ тэлжээ

Йеменд өнөөдөр цэргүүд болон Аль-Кайдагийн зэвсэгт бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Мөргөлдөөний улмаас 21 хүн амиа алдсан гэж Йемений аюулаас хамгаалахын албаны хүмүүс мэдээлсэн байна. Аль-Кайдагийн зэвсэгт этгээдүүд Абяан мужийн Лодер дүүрэг дэх цэргийн хуаран руу довтолсноос зэвсэгт мөргөлдөөн үүсчээ. Лодер дүүрэг дэх цэргийн хуаранг зэвсэгт этгээдүүд эзлэхээр хоёрдахь удаагаа халдаж буй нь энэ гэнэ. Йемений өмнөд хэсгийг хяналтандаа авсан Аль-Кайдагийн бүлэглэлтэй тэмцэж, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн  тулд өнгөрсөн сард хэдэн зуун цэргийг тийш нь илгээсэн аж. Аль-Кайда бүлэглэл Йемений цэргийн бааз руу халдаж, хэдэн арван цэргийг хөнөөж, зэр зэвсгийг хамсны дараа Йемений бөмбөгдөгч онгоцнууд АНУ-ын нисэх хүчний тусламжтайгаар Абяан, Лаж мужид бүгэж буй Аль-Кайда бүлэглэлийг устгахаар бөмбөгдөж эхэлсэн юм. Аль-Кайда бүлэглэл Йемений өмнөд хэсэгт сүүлийн үед улам идэвхижиж, цэргийн баазуудыг хяналтандаа авах болсон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж