Шигшээ тоглолт нь амтгүй болсон “Дуулиан-2020”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Шигшээ тоглолт нь амтгүй болсон “Дуулиан-2020”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээний
2011-2012 оны улирлын тоглолт таван сарын турш үргэлжилж, аваргууд нь
өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт тодорлоо. Зургаа дахь удаагийн
тэмцээн охидын 15, 17, хөвгүүдийн 11, 13, 15, 17 хүртэлх, оюутан гэсэн
долоон насны ангилалд болж, 80 сургуулийн 200 багийн 3000 гаруй тамирчин
хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

ТАВАН ЖИЛ ХҮЛЭЭСЭН ЦОМ
Энэ жилийн тэмцээний хөвгүүдийн ангиллын гол онцлог нь аваргын төлөө
өрсөлдөх боломжтой багууд нь дунд шөвөгт учирсан явдал байв. Үүний тод
жишээ нь 17 хүртэлх насны ангиллын шөвгийн наймд өрнөсөн хүчирхэг тав,
20 дугаар сургуулийн багийн дуэль. Яг энэ насны тоглогчид
“Дуулиан-2020”-ийн анхны буюу 2006-2007 оны улиралд бага насны ангилалд
түрүү булаалдаж, супер өрсөлдөөний эцэст тавдугаар сургууль ялагчаар
тодорч байсан. Спортын төв ордонд цугларсан хүн бүхнийг суудлаас нь
өндөлзүүлж, аваргын нэр торгуулийн цохилтоор шийдэгдсэн тэрхүү тулааныг
олон хүн дурсах дуртай байдаг.

Тэр цаг мөчөөс хойш Б.Чин-Оргил дасгалжуулагчтай тав­дугаар сургуулийн
1995 онд төрсөн тамирчид медалиас мултраагүй. Өмнөх таван тэмцээнээс
хоёр алт, гурван хүрэл медаль хүртээд байв. Харин Б.Рэндоо, Ц.Болдбаатар
дасгалжуулагчтай 20 дугаар сургуулийн энэ насны баг хүчтэй өрсөлдөгчийн
тоонд багтдаг ч хүссэн амжилтдаа хүрч чадахгүй л яваад байлаа. Өөрөөр
хэлбэл тэдний “Дуулиан-2020”-д түрүүлэх сүүлчийн боломж нь энэ жил
тохиосон юм.

Ийм л хоёр хүчтэй баг дунд шөвөгт тулахад “Төмөр замчид” 11:8, 8:5 (Хоёр
тоглолтын нийлбэр 19:13)-аар ялж, таван жилийн өмнөх нулимстай хариугаа
авсан. Нэгэнт гол өрсөлдөгчөө үзэгчдийн суудалд шилжүүлсэн 20 дугаар
сургууль хагас шигшээд 16, шигшээд 75 дугаар сургуулийг зовлон багатай
буулган авснаар аваргаллаа. 1995 онд төрсөн шавь нараа торгон жолоо
өргүүлж, том зорилгоо биелүүлсэн тус багийн дасгалжуулагч Ц.Болд­баатар
өдгөө тэтгэвэртээ гарч, гавьяаныхаа амралтад суух болжээ. Монголын
хөлбөмбөгт олон сайхан тоглогч бэлтгэн өгсөн танд сайн сайхан бүхнийг
хүсэн ерөөе.

10 ДУГААР СУРГУУЛЬ ДАЛАЙ АВАРГА
Б.Болд дасгалжуулагчтай 10 дугаар сургуулийн, А.Тэмүүжин ахлагчтай 1997
оны тамирчид хэдэн жилийн өмнөөс л үеийнхнээ илүүрхэх болсон. Тэдний
ноёрхол 15 насны ангилалд ч үргэлжилж, аваргын цомыг гурав дахиа
хүртлээ. Биокомбинатынхан шигшээ тоглолтод дан 1998 оныхноос бүрдсэн 24
дүгээр сургуулийн багийг юм болгосонгүй (9:2). Хоёрдугаар хагасын эхэнд
тоо 3:2 болж, “Буянт-Ухаа” спортын ордонд цугларсан үзэгчид хурц
өрсөлдөөн үзэх нь хэмээн баярлаж суусан ч тэд аргагүй л илүүгээ нотлох
шиг болно билээ.Монгол үндэсний бөхөд улсын наадамд гурав түрүүлсэн бөх
далай аварга цол хүртдэг. 10 дугаар сургуулийн амжилтыг тэдэнтэй зүйрлэж
болмоор. “Дуулиан-2020”-ийн түүхийг сөхвөл хоёрдугаар сургуулийн 1994
оны тоглогчид 2008, 2009, 2010 онд түрүүлж, ийм амжилт үзүүлж байлаа.

Энэ жил 10 дугаар сургуультай аваргын төлөө үзэх хамгийн боломжтой баг
нь 92 дугаар сургууль байсан. Гэсэн ч тэд сугалааны хатуугаар дунд
шөвөгт учирснаар супер финал болохгүй нь нэгэнт тодорхой болсон юм. Мөн
өөр нэг хүчтэй баг “Буянт-Ухаа” цогцолбор хагас шигшээд учраа таарсан,
өөрсдөөсөө нэг насаар дүү тоглогчидтой 24 дүгээр сургуулийг дутуу
үнэлсэн нь ялагдалд хүргэв.

СОНГИНОХАЙРХАНЧУУДЫН АНХНЫ МЕДАЛЬ
2011-2012 оны улирлын тоглолт эхэлсэн цагаас 13 хүртэлх насны аварга
цолын төлөө хоёр багийн нэр яригдаж байсан нь 24, 97 дугаар сургууль.
Өнгөрсөн улирлын 11, 13 насны аваргууд нэг насанд давхацсан нь энэ.
Гэсэн ч өнөөх л дунд шөвөгт учирсан. Энэхүү өрсөлдөөнд Л.Банзрагч
дасгалжуулагчтай 97 дугаар сургууль илүүрхсэнээр аваргалах замаа зассан.
Э.Мөнгөнбагана, Б.Гарамбазар нарын шилдэг тоглогчтой тус баг удаах
өрсөлдөгчдөдөө төдийлөн хүч зараагүй.

Ер нь “Дуулиан-2020” тэмцээнийг зохион байгуулагчид хасагдах шатны
сугалааны үйл ажиллагаандаа ач холбогдол өгч, хэсгийн тоглолтод өндөр
амжилт үзүүлсэн багуудыг салгах арга хэмжээ авахгүй бол болохгүй болсныг
энэ улирлын тэмцээн хэлээд өглөө. Тэгэхгүй бол олон сайн баг дор
даваанд учирч, нэгээс бусад нь хохирсон түүх улам арвижих янзтай.

13 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Д.Дорж­готов
дасгалжуулагчтай 65 дугаар сургуулийн амжилтыг онцлохгүй өнгөрөхийн
аргагүй. Тэд “Дуулиан-2020” тэмцээнээс медаль хүртсэн Сонгинохайрхан
дүүргийн анхны сургууль болсон юм.

ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ АВАРГА ТӨРӨВ
Өхөөрдөм хөөрхөн тоглолт 11 хүртэлх насны ангилалд өрнөдөг. Тиймээс
үзэгчид энэ насны ангиллын тоглолтыг үзэх хамгийн дуртай байдаг юм.
“Дуулиан-2020” тэмцээний нэг насны ангилалд гурван жил дараалан
түрүүлсэн баг цомоо үүрд хадгалах эрхтэй болдог дүрэмтэй. Компьютер
технологийн “Саммит” компа­нийн ивээн тэтгэсэн 24 дүгээр сургуулийн баг
энэ насны ангилалд хоёр жил дараалан түрүүлээд байсан. Тиймээс энэ
улиралд цомын төлөөх дайралт хийсэн юм.

Гэсэн ч тэд дунд шөвгөөс цааш явж чадсангүй. Энэ насны ангиллын хамгийн
хүчтэй хоёр баг болох 14, 24 дүгээр сургууль энэ шатанд таарсан.
Баянзүрх дүүргийн баг урьдчилсан шигшээ тоглолтод 4:4, 2:1 (Хоёр
тоглолтын нийлбэр 6:5)-ээр илүүрхсэнээр энэ насанд гурван жилийн дараа
шинэ аварга төрөх нь тодорхой болсон. Энэ мэтчилэн том багууд дунд
шөвөгт учирснаас азны мөнгө, хүрэл медальтнууд төрөх үүд хаалга нээгдсэн
юм. Айдаггүйгээ авдрандаа хийсэн Н.Содбилэг ахлагчтай 14 дүгээр
сургуулийн багачууд дараагийн даваанд 72 дугаар сургууль, “Оюуны-Ундраа”
цогцолборын багийг тун ч зовлон багатай ялж харагдана билээ.

ОХИДОД Ч БОЛОМЖ БИЙ
Энэ жилийн тэмцээний гол онцлог нь хамгийн нэр хүндтэй шилдгийн шилдэг
тоглогчийн шагналыг хөвгүүн биш охин гардсан нь байлаа. Энэхүү азтай
охин бол Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 17 хүртэлх насны
тоглогч Даваасүрэнгийн Хонгорзул юм. Энэ нь манай улсад эмэгтэйчүүдийн
хөлбөмбөг зохих түвшинд хөгжиж буй илрэл.

“Дуулиан-2020” тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор 2007 онд
Алтанхуягийн Мөрөн (Тавдугаар сургууль), 2008 онд Даваасүрэнгийн
Батцэнгэл (Нэгдүгээр сургууль), 2009 онд Алтанзулын Улсболд (Хоёрдугаар
сургууль), 2010 онд Алтансүхийн Тэмүүжин (10 дугаар сургууль), 2011 онд
Амарсанаагийн Мөнх-Оргил (24 дүгээр сургууль) тодорч, бүхний манлай болж
байв. Энэхүү түүх энэ жил цоо шинэ хуудсаар баяжлаа.

“ТОМЧУУД” ИРСЭНГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөг­чийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээний хаалтын
ажиллагаа хэзээнээс л сүрлэг сайхан болдог байсан. Харин энэ жил тун ч
даржин болсонд олон хүн сэтгэл дундуур хоцорсон. Үүнд олон зүйл
нөлөөлсөн байх. Өмнөх жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр,
Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Баяр, С.Батболд нар хүрэлцэн ирж, аваргууд,
шилдэг тоглогч нарт шагнал гардуулдаг байсан нь тэмцээний нэр хүндийн
илэрхийлэл болдог байлаа. Тэгвэл энэ жил бидний хэлж заншсанаар
“томчууд” ирсэнгүй, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр (Тэмцээнийг зохион
байгуулагч “Их талын дуулиан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга), Сангийн
дэд сайд Ч.Ганхуяг (“Дуулиан-2020” тэмцээнийг санаачлагчдын нэг) нар л
байлцав.

Басхүү шигшээ тоглолтууд ямар ч өрсөлдөөнгүй болж, нэг баг нь нөгөөгөө
илт давуу ялсан нь алтан медаль хүртэх хүүхэд залууст баяр хөөр бэлэглэж
чадахгүй байлаа. Үзэгчид хэдэн жилийн өмнө Спортын төв ордонд болдог
байсан супер шигшээ тоглолтуудыг мөрөөдсөнөөс биш сугалааны цоорхойгоор
шигшээ тоглолтод гарч ирсэн багуудын илт давуу ялагдлыг харах нь сонин
биш байв.

ШАГНАЛЫГ НЬ БҮТНЭЭР ОЛГООСОЙ
“Дуулиан-2020”-д оролцогч сургууль бүрийг бизнесийн ертөнцөд амжилттай
яваа ком­паниуд ивээн тэтгэж оролцуулдаг. Эрхийн төлбөр нь өмнөх
жилүүдэд сая төгрөг байсан бол энэ жил 1.5 сая болж нэмэгдсэн. Үүнээс
гадна мандатны мөнгө гэж 100 гаруй мянган төгрөгийн хураамж авдаг.
Хамгийн том хүчин зүйл бол “Рио Тинто” гэж ерөнхий ивээн тэтгэгч байгаа.
Өнгөрсөн улиралд гэхэд 100 мянган ам.доллараар ивээн тэтгэж байсан.
Гэсэн ч шагнал хэвээр байгаад ивээн тэтгэгч, багш дасгалжуулагч,
тамирчид гомдолтой явна.

2011-2012 оны улирлын тэмцээний удирдамжинд алт, мөнгө, хүрэл медаль
хүртсэн баг 1.5, 1.0, 0.5 сая төгрөг хүртэнэ гэж заасан ч ийм байж
чадсангүй. Аливаа шагнал урамшууллаас 10 хувийн татвар авах нь зүйн
хэрэг. Үүнээс гадна шагналынх нь 20 хувьд нь аяга таваг, хуанли, тэмдэг,
бөмбөг, кист зэрэг зүйл ирдэг “уламжлал” тогтоод удаж байна. Үүнд олон
хүн гомдолтой явсаар ирсэн. Тэрхүү бэлэг дурсгалыг нь тооцож үзэхээр
үнийнхээ талд нь ч хүрдэггүй. Энэ жил л гэхэд түрүүлээд 1.5 сая төгрөг
авах багт 450 мянган төгрөг нь ирсэнгүй.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Охидын 15 хүртэлх нас: 1. Эрдэнэбат дасгалжуулагчтай “Амгалан”
цогцолбор сургууль (Тэнгэр санхүүгийн нэгдэл) 2. Ц.Ганболд
дасгалжуулагчтай 92 дугаар сургууль (МИГ даатгал)

Шилдэг довтлогч Э.Хүслэнзаяа (Амгалан), шилдэг хаалгач Т.Мөнхчулуун (92
дугаар сургууль), шилдэг тоглогч Ө.Ундрах (41 дүгээр сургууль)

Охидын 17 хүртэлх нас: 1. Д.Чулуунболд дасгалжуулагчтай 72 дугаар
сургууль (Дэлхийн зөн Хайлааст ОНХХ) 2. Анхзаяа дасгалжуулагчтай 16
дугаар сургууль (Сэлба сервис)

Шилдэг довтлогч Т.Ивээл (72 дугаар сургууль), шилдэг хаалгач Ц.Заяцэцэг, шилдэг тоглогч Г.Ариунжаргал (хоёул 16 дугаар сургууль)

Хөвгүүдийн 11 хүртэлх нас: 1. Д.Батнасан дасгалжуулагчтай 14 дүгээр
сургууль (Ти Си Ай ХХК) 2. Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Оюуны-Ундраа”
цогцолбор сургууль (Хас банк)

Шилдэг довтлогч Н.Содбилэг (14 дүгээр сургууль), шилдэг хаалгач Г.Дашпил (Оюуны-Ундраа), шилдэг тоглогч (Б.Эрдэнэбаатар)

13 хүртэлх нас: 1. Л.Банзрагч дасгалжуулагчтай 97 дугаар сургууль
(Шунхлай групп) 2. Д.Доржготов дасгалжуулагчтай 65 дугаар сургууль

Шилдэг довтлогч Э.Мөнгөнбагана (97 дугаар сургууль), шилдэг хаалгач
Г.Мөнхбаатар (Нэгдүгээр сургууль), шилдэг тоглогч Т.Мөнхбаатар (28
дугаар сургууль)

15 хүртэлх нас: 1. Б.Болд дасгалжуулагчтай 10 дугаар сургууль (Онч Аудит) 2. Д.Нанжид дасгалжуулагчтай 24 дүгээр сургууль (Саммит ХХК)

Шилдэг довтлогч А.Тэмүүжин (10 дугаар сургууль), шилдэг хаалгач
Б.Мөнх-Эрдэнэ (24 дүгээр сургууль), шилдэг тоглогч Б.Баттулга
(Буянт-Ухаа)

17 хүртэлх нас: 1. Ц.Болдбаатар дасгалжуулагчтай 20 дугаар сургууль
(Моннис) 2. П.Батбаатар дасгалжуулагчтай 75 дугаар сургууль (Keisy Fine)

Шилдэг довтлогч П.Эрдэнэбилэг (16 дугаар сургууль), шилдэг хаалгач
Э.Отгонпүрэв, шилдэг тоглогч Г.Баттулга (хоёул 20 дугаар сургууль)

Оюутан нас: 1. Б.Гансүх дасгалжуулагчтай ШУТИС-ийн БИАС 2. Энхболд дасгалжуулагчтай (ШУТИС)

Шилдэг довтлогч Ө.Энхбат (Мон-Алтиус БТДС), шилдэг хаалгач У.Өлзийсайхан (ШУТИС), шилдэг тоглогч Ц.Түмэнжаргал (Улаанбаатар)
Шилдэг шүүгч: Б.Ууганбат
Шилдэг дасгалжуулагч: Д.Батнасан (14 дүгээр сургууль)
Шилдгийн шилдэг тоглогч: Д.Хонгорзул (72 дугаар сургууль)

Хөвгүүдийн ангиллын медалийн жагсаалт /2006-2012 он/:

 

Сургууль

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Тавдугаар сургууль

5

1

5

11

2

20 дугаар сургууль

3

3

2

8

3

10 дугаар сургууль

3

1

3

7

4

Хоёрдугаар сургууль

3

1

4

5-6

24 дүгээр сургууль

2

1

3

6

5-6

14 дүгээр сургууль

2

1

3

6

7

97 дугаар сургууль

2

2

8

Оюуны-Ундраа цогцолбор

1

4

2

7

9

72 дугаар сургууль

1

3

1

5

10

58 дугаар сургууль

1

2

3

11

Зургадугаар сургууль

2

3

5

12

Нэгдүгээр сургууль

2

1

3

13

Буянт-Ухаа цогцолбор

1

5

6

14

40 дүгээр сургууль

1

1

2

15-17

52 дугаар сургууль

1

1

15-17

65 дугаар сургууль

1

1

15-17

75 дугаар сургууль

1

1

18

18 дугаар сургууль

2

2

19-24

85 дугаар сургууль

1

1

19-24

47 дугаар сургууль

1

1

19-24

15 дугаар сургууль

1

1

19-24

Багахангай цогцолбор

1

1

19-24

16 дугаар сургууль

1

1

19-24

28 дугаар сургууль

1

1

Нийт

23

23

40

86


Д.ЕСҮХЭЙ
“ӨДРИЙН ШУУДАН” сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж