
Т.Анхболд нь 2011 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 181.3-р танхайн хэргээр зургаан жил зургаан сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдэж, таван жил найман сар ял эдлэх үлдээд байсан гэнэ. Харин Б.Батболд нь 2011 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 145.2, 147.2-р буюу хулгай, дээрмийн хэргээр долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн ба таван жил, найман сар ял эдлэх хугацаа үлдсэн байжээ. Түүнчлэн одоогоор баривчлагдаагүй байгаа Д.Батбаяр нь 2007 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 59-р тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.4, 234.2-р бүлэг хулгай, шунахайн сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан гэх хэргээр арван жил 10 хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн нэгэн аж. Тэрбээр суллагдахад дөрвөн жил дөрвөн сарын хугацаа дутуу байхдаа ийнхүү оргосон байна.