“Төрийн мэдээлэл” –ийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” –ийн шинэ дугаар гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 17 дахь дугаарт Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ. Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүр явуулж, үнэлэлт, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт Ерөнхийлөгч энэхүү зарлигаараа чиглэл болгосон юм. Түүнчлэн биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор дунд болон их, дээд сургуулиудад биеийн тамир, спортыг сургалтын тэргүүлэх чиглэл болгож, сурагч, оюутнуудыг спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, спортын хамтлаг, клубын тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн бүх байгууллага, нийт ард иргэдэд уриалжээ.
Ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх, үржлийн мал, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтын тухай Засгийн газрын тогтоол “Төрийн мэдээлэл”-д нийтлэгдлээ. Уншигч та бүхэн хилийн аль боомтоор ургамлын үр, үрслэг, суулгац, хэдэн аймаг дахь хилийн аль боомтуудаар үржлийн мал экспортлохыг зөвшөөрснийг мэдэх боломжтой. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүнийг хилийн таван боомтоор экспортлохыг зөвшөөрсөн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг авч чадна.
“Боловсрол” үндэсний хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. Бүх шатны боловсролын тогтолцооны нийгмийн шинэ шаардлагад нийцсэн тасралтгүй хөгжлийг хангаж, боловсролын үйлчилгээний хүртээмжид баримжаалсан бодлогоос боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол дээшлүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэхэд чиглэсэн бодлогод шилжих нь боловсролын шинэчлэлийн онцлог болоод байгаа билээ.
“Боловсрол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлэх, дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн тогтолцоог бий болгох, мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээл, мэдлэг бүтээх эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн энэ дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжуулав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж