Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос улс орон даяар зохион байгуулж байгаа “Монгол уяач -3000” зөвлөгөөн Сүхбаатар аймагт боллоо. Хурдан морины уралдаан нь монгол үндэстний өв соёл юм. Энэ үүднээс хурдан морины уралдааны онцлог, дэг соёл, ёс заншил, хувцас, эдлэл хэрэглэлийг нь сэргээн хөгжүүлж сурталчлан таниулан хойч үедээ өвлүүлэх зорилгоор ММСУХ-ноос энэ оныг “Уяачдын ёс зүйн жил” болгож зарлажээ. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь бага насандаа долоон жил дараалан сумын наадамд хурдан морь унаж байснаа, аймагт уяачдын холбоог анхлан байгуулалцаж, уяачдын анхдугаар их хуралд аймгаасаа төлөөлөгчөөр оролцож байснаа дурсч, уяачид та бүхэн өмнөө тулгарч буй асуудлаа харилцан ярилцаж нэгтгээд, мөн нийслэл хотын ойролцоох “Өлзийт” хороолол шиг уяачдын тийм хороолол байгуулахаар шийдвэл гүний худаг гаргах, гэрэл цахилгаан татахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлж болохоо амлалаа. Мөн тэрбээр Баруун-Уртын гэр хорооллын хашаа болгон адуу тэжээж, хэвтэр, өвс тэжээлийн хогоо хаа хамаагүй хаях зохисгүй үйлдэл гаргаж байгааг уяачдад сануулав.УИХ-ын гишүүн, аймгийн алдарт уяач Р.Буд “Монголчуудын хурдан морь уяж уралдуулдаг явдал лавтай хоёр мянга орчим жилийн түүхтэй юм билээ” гээд Сүхбаатар аймгийн хурдан морины түүхийг бичиж хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй байгааг сануулж, уяачдын арга барилыг болон өвөлжин тэжээсэн адуу удаан уралдахгүй байгааг шинжлэх ухааны үүднээс судалж тогтоох нь чухал байна. Өвөг дээдэс маань дан бэлчээрээр уяж сойсон морио насан туршид нь уралдуудаг байжээ. Нутгийн хурдан хүлгийг үнэ цэнэтэй болгох талаар ч төв, орон нутгийн холбоод анхааран ажиллаж байна. Тэдний гаргасан тооцоогоор сүүлийн хоёр, гурван жилд арван саяас дээш үнээр зарагдсан морьдыг тооцоход лавтай тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болж байна.Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадам, зүүн бүсийн хурдтай хамт долдугаар сарын 28.29-ний өдөр Баруун-Уртад болохоор товлогдоод байна. Мөн Дарьгангын Алтан-Овооны их тахилга энэ зун болно. Зөвлөгөөний үеэр хурдан морины том, жижиг ямар ч уралдааныг орон нутагт зохион байгуулахдаа заавал аймаг, сумын Засаг даргаас зөвшөөрөл авдаг байх, унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас малгай өмсгөдөг байх гээд олон асуудлыг нэг журманд оруулах талаар ярилцав.
Г.Сүхээ /Сүхбаатар аймаг/