Байнга шахуу албан ширээний ард суугаа ажил хийдэг Засгийн газрынхны хувьд хүсэн хүлээдэг болсон “Засгийн газрын цом” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Буянт-Ухаа дахь Спортын ордонд боллоо. 2005 оноос хойш найм дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй уг тэмцээнд Засгийн газрын харьяа яамдууд болон УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан жил дамнан бэлтгэл хийж байгааг зохион байгуулагчид дурдсан юм. Найм дахь удаагийн “Засгийн газрын цом” тэмцээнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан зохион байгуулж, “Хаан” банк ивээн тэтгэгчээр ажиллав. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 27 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдөж тус бүрдээ алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон юм. Тэмцээний дүнг танилцуулж байна. Эмэгтэйчүүдийн хүрэл медалийг “Засгийн газрын цом” тэмцээний гурван удаагийн аварга Эрдэс баялаг эрчим хүчний яамны баг эзлэв. Тэдний хувьд энэ жил бага зэрэг азгүйтсэн гэхэд болно. Ингэснээр ЭБЭХ-ий яамны бүсгүйчүүд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл медальтай болж байна. Тэгвэл алтан медалийн төлөө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан Сангийн яамны бүсгүйчүүдийн эсрэг тоглож эцсийн мөчид 13:12-оор буулган авч анх удаа аварга цол хүртэв. НХХЯ-наас Б.Жавзмаа шилдэг тоглолт үзүүлж багаа ялалтад хүргэсэн юм. Харин эрэгтэйчүүдээс УИХ-ын Тамгын газрынхан хүрэл медалиар энгэр мялаав. Энэ нь тэдний авч буй анхны медаль юм. Алтан медалийн төлөө өнгөрсөн жилийн финал давтагдлаа. Нэг жилийн Спортын төв ордонд болсон тэмцээнд Сангийн яамныхан, ХХААХҮЯ-ны залуусыг буулган авч аварга болсон. Тэгвэл энэ жил зохион байгуулагч ХХААХҮЯ-ныхан аваргуудаас хариугаа авч хоёр үеийн турш илүүрхсэнээр 28:16-аар “Засгийн газрын цом”-ын гурван удаагийн аварга Сангийн яамны эрэгтэйчүүдийн ялалтын цувралыг тасалдууллаа. Тоглолтын дараа ХХААХҮЯ-ны тамирчин Р.Батзориг хэлэхдээ “Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж алтан медаль хүртсэндээ баяртай байна. Ямар ч байсан бид зорилгодоо хүрлээ. Өнгөрсөн жил бага зэрэг аз дутаж мөнгөн медаль хүртсэн. Тиймээс өөрийнхөө яамны зохион байгуулж буй тэмцээнд аварга болох зорилт тавин нэлээд эртнээс бэлтгэл хийсэн. Энэ дашрамд багийнхаа хамт, яамныхаа хөгжөөн дэмжигчид болон биднийг бүхий л бололцоогоор хангаж өгсөн удирдлагууддаа баярласнаа илэрхийлье” гэв. Сангийн яамны эрэгтэй, эмэгтэй багийн хувьд хэдийгээр алтан медалиа алдсан ч гэлээ нийлбэр дүнгээр цомыг дахин өргөв. Ерөнхий сайд С.Батболд сагсан бөмбөг тоглох дуртай нэгэн. Тиймээс ч энэ удаагийн “Засгийн газрын цом” тэмцээнд ЗГХЭГ-ын багийн бүрэлдэхүүнд багтаж талбайд гарч тоглосон юм. Түүгээр ч зогсохгүй удирдах ажилтнуудын дунд зохион байгуулсан гурван онооны шидэлтийн тэмцээнд түрүүлжээ. Мөн тэмцээний үеэр сэтгүүлчид, сайд нарын багтай бооцоот халз тоглолт хийж хожигдол хүлээсэн байна.
Тэмцээний үеэр ХХААХҮЯ-ны дэд сайд П.Баянмөнхтэй цөөн хором ярилцав.
-Найм дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, бас эрэгтэй баг тань алтан медаль хүртсэн танай яамныханд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Энэ тэмцээнийн 2005 оноос хойш зохион байгуулах болсон. Энэ жилийн хувьд манай яам зохион байгуулах үүрэг хүлээсэн. Бидний хувьд ч гэсэн үүргээ гүйцэтгэхийн тулд нэлээд хичээж ажилалаа. Ер нь бол Биеийн тамир, спорт нь төрийн албан хаагчдыг төдийгүй Монголын нийт иргэдийг бие бялдар сайтай болоход чухал үүрэгтэй юм. Төрийн албан хаагчдын хувьд нэлээд ачаалалтай, хөдөлгөөний хязгаарлалттай ажилладаг. Тийм болохоор УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ-ын албан хаагчид гурван өдөр спортоор амьсгаллаа. Тиймээс шинэ долоо хоногт нэлээд эрч хүчтэй ажиллах байх. Сайхан арга хэмжээ боллоо.
-Энэ жилийн тэмцээний онцлог юу байв?
-Бид зохион байгуулж байгаагийнхаа хувьд салбарынхаа томоохон хөтөлбөр, төслүүдийг энэ тэмцээнээр дамжуулан сурталчлахаар зорьсон. Тэмцээн болж буй спорт заалны чимэглэл дээр анхаарч, нэлээд бодож хийсэн байгаа. Мөн салбарынхаа сурталчилгааг нэлээд сайн хийсэн гэж бодож байна. Дээрээс нь багуудын ур чадвар дээшилж, нэлээд чанаржиж, залуужсан байх юм. Төрийн албан хаагчид маань мэргэжлийн тамирчдаас ялгарахааргүй тоглож байгааг бид бүхэн харлаа. Энэ мэтчилэн онцлог зүйлүүд их байна.
-Тэмцээнд оролцсон багууд нэлээд эртнээс бэлтгэлдээ гарсан гэсэн. Харин танай яамны багийн хувьд хэзээнээс бэлтгэл хийж эхэлсэн бэ?
-Манай багийнхан сүүлийн зургаан сарын турш бэлтгэл хийлээ. Ажлын зав чөлөөгөөр байнгын бэлтгэлтэй байсны үр дүн гарлаа гэж бодож байна.
Тэмцээний шилдгүүд танилцуулж байна:
Шилдэг эрэгтэй тоглогч: М.Эрдэнэбат /УИХ-ын Тамгын газар/
Шилдэг эмэгтэй тоглогч: Б.Жавзмаа /НХХЯ/
Шилдэг хөгжөөн дэмжигч: 1. ХХААХҮЯ 2. БХЯ 3. НХХЯ
Багийн дүнгээр: 1. Сангийн яам 2. НХХЯ 3. ХХААХҮЯ
Б.ЗУЛ