Олон улсын зөвлөхүүдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Олон улсын зөвлөхүүдтэй уулзав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан төлөөлөл, оролцоог хангах нь” төслийг 2010-2011 онуудад хэрэгжүүлэхээр болж, энэ сарын 3-ны өдөр төслийн баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Төслийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын Ажлын хэсэгт сонгуулийн тогтолцооны хувилбар, томъёоллыг боловсруулахад нь техник туслалцаа үзүүлэхээр төлөвлөсний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин манай улсад ирээд байгаа Австралийн их сургуулийн улс төр судлалын олон улсын зөвлөх профессор Бэнжамин Райлийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж санал солилцов.

    

Тус байнгын хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран сонгуулийн тогтолцооны асуудлаар төсөл хэрэгжүүлэхээр болсонд талархалтай байгаагаа байнгын хорооны дарга илэрхийлээд бид цагаа олж уулзаж байгаа, бас цагаа олж энэ төслийг хэрэгжүүлж эхлэх гэж  байна. Учир нь УИХ-ын сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгохоор оролдож буй энэ үед ийм төсөл хэрэгжүүлэх гэж буйд олзуурхаж байна гэдгээ онцлов. Тэрбээр байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байгаа сонгуулийн хуулийн хоёр төслийн талаар товч танилцуулаад Монгол орны онцлог нөхцөлд тохирсон сайн хуулийн төсөл боловсруулахад үнэтэй санал зөвлөгөө хүлээж буйгаа хэлэв.
     Ноён Бэнжамин Райли хэлэхдээ, ирэхээсээ өмнө танай сонгуулийн тогтолцооны талаар зарим зүйлийг үзэж танилцахад сонгуулийн дүн нь нэлээд савалгаатай гардаг нь харагдсан. Улс төрийн намуудын тогтолцооны хувьд хүчтэй хоёр том намтай, жижиг намууд нь байр сууриа сайн олж төлөвшиж чадаагүй юм байна. Сонгуулийн тогтолцоогоо шинэчлэхийг оролдож байгаа нь сайн хэдий ч хуулийнхаа сайн талуудыг хадгалж  үлдэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх асуудалд анхаарах нь чухал юм.
     Танайд одоогоор яригдаж байгаа сонгуулийн хуулийн хоёр төслийн тухайд нэг тойрогтой, цэвэр пропорцианол хувилбар нь сонгогчдын саналыг дүйцүүлж өгөх талдаа сайн ч газар зүйн хувьд орон нутгийн сонгогчдын өмнөх хариуцлага хүлээх талдаа дутагдалтай. Тэр дундаа Монгол шиг ийм уудам нутагтай орны хувьд бүр түвэгтэй. Танайхтай адил ийм том газар нутагтай орнууд улсаа нэг тойрог болгосон туршлага байхгүй. Тойрог томсох тусам газар зүйн төлөөллийн өмнө хүлээх хариуцлага багасдаг гэж байлаа.
     Тэрбээр УИХ-ын гишүүд болон Сонгуулийн ерөнхий хороо, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, улс төрийн намууд, иргэний нийгэм, үндэсний экспертүүдийн төлөөлөгчидтэй уулзаж сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцох юм байна.
     Уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж