Суманд амьдарснаас шоронд орсон нь дээр үү

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Суманд амьдарснаас шоронд орсон нь дээр үү

Цагдан хорих төв буюу 461 дүгээр анги анхаарал татахуйц чухал объект гэдэг нь илэрхий болов. Цагдаагийн экс дарга нарыг тэнд хорьж байгаа гэдэг утгаараа биш юм шүү. Харин эрх чөлөөтэй хүмүүсийн тэр бүр эдлэж, хэрэглэж чаддаггүй олон зүйл тэнд ёстой нэг “хог”-оороо байгаад л хэргийн гол учир оршиж байна. 461 дүгээр анги бол талбай томтой. Голын захад байрладаг. Юу л байна, цэвэр агаар л байна. Энэ дашрамд, улаанбаатарчууд амьсгалах цэвэр агаарын дутагдалд орсон үеийг нэг дурсацгаая. Түүнээс гадна цагдан хорих төвийн гадуур харуул хамгаалалтынхан өндөржүүлсэн бэлэн байдалд зогсоно. Хэн нэгэн хаа нэгтэйгээс халдан довтлох вий гэх болгоомжлол байхгүй. Дотроо боловсон 00-той. Хоригдож байгаа хүмүүс нь тийм 00 хэрэглэж байгаа юм чинь соёлч боловсон гэж жигтэйхэн л байлгүй. Тэнд бас гурван давхар эмнэлэг бий. Шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тухайлбал, нэг хоригдлын шүд өвдлөө гэж бодоход тэр дор нь хорхойтойг нь “түүгээд”, шүдийг нь ломбодоод өгөх боломжоор хангагдсан гэсэн үг. Гэрэл цахилгаан тасарна гэдэг асуудал байхгүй. Ер нь их аятайхан байгаа биз. Ядаж л сумын төвөөс дээр санагдаадa байгаа юм. Ганцхан 461 дүгээр ангийн тухайд л энд онцоллоо шүү.

Хөдөө сумын төвд ямархуу янзтай боловсон 00 байдгийг энд зориуд нэхэн санах хэрэгтэй. Газар ухсан нүх, түүнийг тойруулж хатгасан хэдэн банз. Аз нь таарвал нугастай хаалгатай, заримдаа бүр хаалга ч байдаггүй. Сумын төвийнхөн шүдээ өвтгөх эрхгүй. Хэрэв жаахан өвдөх юм бол бахь барьсан малын эмчтэй уулзахаас өөр арга үгүй. Гэрэл цахилгаан байн байн тасрах бол хэвийн зүйл гэж үзнэ. Алслагдсан зарим  сум бүр өндөр хүчдэлийн шугамтай холбогдоогүй гэх юм билээ. Эмнэлгийн ажилчид жирэмсэн эмэг­тэйчүүдэд араг санал болгох нь холгүй. Тэгэхгүй гээд ч яах вэ дээ, ахуй нөхцөл нь тийм зүйл шаардаад байгаа болохоор. Ингээд бодохоор  эрх чөлөө гэдэг маш их үнээр олддог юм байна. Ер нь нарийн яривал сумын төвд амьдрах уу, шоронд орох уу гэдгээ бодож үзэх цаг болсон ч юм уу. 

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж