Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан ч УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын бүлгийнхэн өөр, өөрийн байр суурийг илэрхийлж, асуудлыг нэг мөр шийдэж чадаагүй. Мөн л маргалдав. Удтал маргалдсаны эцэст зарим нэг гишүүн нь “Энэ бол зөвхөн эхлэл юм байна” гэж хэлсээр тарж одсон юм. Нэг ёсондоо “хамаг юм” энэ долоо хоногт өрнөх бололтой. Ардчилсан намынхан хэлсэндээ хүрч Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр завсарлага авч ч мэдэхээр байна.
Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Ардын намын бүлгийн гишүүдэд “Ардчилсан нам УИХ-д олонхи биш учраас хууль батлах эрхгүй. Ардын нам 45 суудалтай. Гэсэн ч хууль гаргах боломж та нарт байхгүй. Учир нь манай намын бүлэгт энэ асуудлаар завсарлага авах эрх бий” хэмээн санууллаа. Тэрбээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ийн хэлсэн юм. Энэ нь Ч.Сайханбилэгийн хэлсэн үг гэхээс илүүтэйгээр УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгах эсэх дээр Ардчилсан намынхны цаашид баримтлах байр суурь ажээ. Тэрбээр “Завсарлага авах эрх бий” гэж хэлэх болсон шалтгаанаа ч тайлбарласан юм. Тодруулбал, түүнд хэн нэгэн нь “УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэсэг сэтгүүлчдийг өрөөндөө цуглуулаад “Ардын нам УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг тусад нь явуулна гэсэн байр суурь дээрээ хатуу байна” гэж хэлсэн” талаар мэдээлсэн ажээ. Мөн тэрбээр “Орон нутгийн хурлын сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтатгах эсэх дээр асуудал үүсчихсэн байгаа. Намуудын байр сууриар асуудлыг шийдэхэд түвэгтэй байна. Нэг нь “Хамтатгана” гээд нөгөө нь “Үгүй” гэж хоёр талд ярьж байгаа бол хууль гаргана гэж бүтэхгүй. УИХ дээр асуудал шийдэгдэхгүй учраас хуучин хуулиа хэрэгжүүлэх ажлаа л хий. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу УИХ, орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах ажлыг зохион байгуул. Хуулиас дээр гарсан намын байр суурь гэж байхгүй” гэсэн юм.
Ардчилсан намын бүлгийнхний хувьд байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд болон Сонгуулийн ерөнхий хорооныхныг байлцуулах санал гаргасан. Тус намын бүлгийнхэн Ерөнхий сайдад өмнө нь шаардлага хүргүүлсний дагуу “Орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ” гэсэн асуултад хариулт авахыг хүсэж байгаа ажээ. Тэр ч бүү хэл Э.Бат-Үүл гишүүн “Эцсийн эцэст хуулийн биелэлтийг намууд, ажлын хэсэг хариуцдаггүй. Үндсэн хууль, УИХ, Засгийн газрын хуульд “Ерөнхий сайд хариуцна” гэж заасан байгаа. Сонгуулийг зохион байгуулахгүй байгаатай холбоотойгоор гарсан үр дагаврыг Ерөнхий сайд л хариуцна. Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол Ерөнхий сайд УИХ-д оруулж ирэх ёстой. Ямар ч үр дагавар гарсан хариуцлага нь С.Батболд дээр бууна шүү гэдгийг сайн ойлгоорой” гэж байнгын хорооны хуралдаан дээр онцолсон юм.
"Улс төрийн тойм" сонин