“Эрчимжүүл, шуурхайл, бодит ажил болго”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

“Эрчимжүүл, шуурхайл, бодит ажил болго”

14  хоног тутамд нийслэл хотод хийгдэх ажлуудаа хотын удирдлагууд хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаагийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр хотын даргын онцолж хэлсэн үг хийж буй ажлаа дор бүрнээ эрчимжүүл, шуурхайл, тэгээд бодит ажил болго гэсэн үг байв. Өнгөрсөн өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт сүүц өмчлөгчдийн холбооны чанар чансааг шалгасан шалгалт явагджээ. Энэ талаараа дүүргийн удирдлагууд мэдээлэл хийж, шаардлага хангахгүй холбооны захирлуудыг ажлаас нь солих хүртэл арга хэмжээ тавьснаа тайлагналаа. Хотын дарга нийслэлийг хоггүй Улаанбаатар болгохын тулд захирамж гаргаад байгаа юм. Энэ захирамжийн биелэлтийг хэрхэн хангаж буйг дүүргийн удирдлагуудаас тодрууллаа. Баянгол дүүрэг гэр хороолол доторхи хог хаягдлыг цэвэрлүүлэх ажил түлхүү хийснээ, Сүхбаатар дүүрэг хог цэвэрлэх ажилд оюутан залуучуудыг дайчлаж байгаагаа, Сонгинохайрхан дүүрэг ч бас оюутнуудыг оролцуулж хашаа, хайс угаах зэрэг ажил хийж эхэлснээ тайлагнав. Ярих нэг хэрэг  харин бодит байдал дээр  ондоо байгааг хотын дарга Г.Мөнхбаяр хэлэв. Тэрбээр  6 дугаар сарын 1 нээс өмнө Улаанбаатар хот хогноосоо бүрмөсөн салах ёстойг анхааруулаад ингэхийн тулд долоо хоног бүрийн хагас, бүтэн сайн өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгох ёстой гэв. Нэг үеэ бодвол хогны машины парк шинэчлэлт сайжирч 5 сар гэхэд 163 хогны машин нэмэгдэнэ. Хур хогноос салахын тулд 1 тэрбум төгрөг зарцуулах гэж буй нь өнгөрсөн жилээс тав дахин нэмэгдсэн үзүүлэлт. Хөрөнгө мөнгө, машин техникийн хүрэлцээ хангамж нэмэгдсэн. Одоо зөвхөн та биднээс хүний хүчин зүйлээс шалтгаалсан ажил үлдэж байна гэж хэллээ. Хог цэвэрлэгээний ажилд хүн бүр оролцож байж хотоо өнгө зүстэй болгоно гэдгийг ч онцлов.

Туул голд минж нутагшина

Туул голын усыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын чанартай хийж буй ажлын нэг бол минж нутагшуулах явдал юм. Эрдэмтэн судлаачдын санаа бодлыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн энэхүү ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Өөрөөр хэлбэл Туул голд нутагших эхний 10 минж Герман улсаас энэ сард ирнэ. Туул голын хар усан тохойд минж үржүүлгийн төв байгуулахаар зэхжээ. Нэг сарын дотор байр сав нь бэлэн болчихно. Ингэсний дараа ОХУ-аас мөн 20 минж вагоноор авчрах яриа хэлцлийг төслийн багийнхан гүйцэтгэжээ. Манай улсын хувьд минж нутагшуулж байсан туршлагатайн  дээр энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдийн баг байгаа учраас хотын даргын санаачилсан энэ ажил бодит ажил болох боломжтой гэдгийг Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга Ю.Дэлгэрмаа хэлэв. Төслийн багийнхан  Туул голд минж нутагшуулах ажлынхаа хүрээнд Германы Бавари мужид очоод ирсэн байна.  Бавари мужид минж нутагшуулах болсноор усны хангамж сайжирсны дээр байгалиа сэргээх гэсэн орнуудад нутагшуулсан минжнээсээ “илүүчилдэг” болжээ. Баваричууд манайд өгч буй минжнүүдээ төлбөр мөнгөгүй бэлэглэж буй ажээ. 

Хэмжээгээр дэлхийд нэгд орох цэцэрлэгт хүрээлэн болно

Өнөөдрийн шуурхай хуралдаан дээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцаасаа танилцууллаа. Нийт 1200 га талбайг хамарсан энэхүү хүрээлэнгийн ТЭЗҮ хийгдэж дууссан. ТЭЗҮ-ээр 10 жилийн дотор 93 сая ам доллар зарцуулж санхүүжүүлж чадах юм бол дэлхийд хэмжээгээрээ нэгд орох хүрээлэн болно гэжээ. Гол нь хүрээлэнгийн давуу тал Улаанбаатар хотын ундны эх үүсвэр дээр байгаагаараа онцлог. Нийслэлчүүд цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор амралт чөлөөт цагаа өнгөрөөх газартай болохоос гадна агаарын бохирдлыг бууруулахад үлэмж нөлөө үзүүлнэ. 22 төрлийн мод, бут сөөг тарих боломжтойг ТЭЗҮ-р гаргажээ. Одоо хийгдсэн бодит ажил 30 га талбайд 93907 ширхэг мод сөөг тарьсан байна. Анх өвдөг татсан шарилж бүхий газар байсан бол одоо зүлэг ургаж хийж буй ажлын үр дүн эхнээсээ гарч байна гэлээ. Нийслэлчүүддээ 6 сарын 1 гэхэд үүд хаалгаа нээж эхний төгөлдөө урих боломжтой болсноо хэлэв. Алхаж тухлахад зориулан 25 метр  өргөн 300 метр урттай зам тавьж байгаа юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болох энэ том ажилд ах дүү хотуудын дэмжлэг туслалцаа ирж буйг дуулгасан. Тухайлбал Сөүл хотын дарга Сөүл хотын нэрэмжит төгөл байгуулж өгөхөө амалсан байна. Бүх зардал мөнгийг тэд өөрсдөө гаргахаа илэрхийлжээ. Туркийн Анкара, Хятадын Эрээн хотын удирдлагууд ч ийм туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн гэнэ. Нийслэлчүүдийн хувьд ч үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ өөрсдийн модоо тарих бололцоо бийг тэрбээр хэлж байв. 

Нөөцийн мах хуучин үнээрээ зарагдана

Өнөөдрөөс эхлээд нийслэлийн дүүргүүдийн гэрээт дэлгүүрүүдэд нөөцийн мах урьд борлуулагдаж байсан үнээрээ худалдаанд гарч эхэллээ. Нийт 1000 тн махыг нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд хуучин үнээр нь худалдах юм.  Ирэх сард 3000 тн гэх байдлаар  махны үнийг буулгах арга хэмжээг шат дараатай авна гэдгээ хотын дарга хэлэв. Гол нь иргэдэд очих махны чанар чухал. Тиймээс бэлтгэн нийлүүлэгчдэд энэ тал дээр хатуу шаардлага тавих учиртайг тэрбээр анхаарууллаа. 6 дугаар сар дуустал нөөцийн махны үнийг хуучнаар баривал зах зээл дээрх махны үнэ буух нь дамжиггүй гэв. Нийслэлийн зүгээс энэ арга хэмжээг авахын тулд 40 тэрбум төгрөгийн зээл авч асуудлыг шийдэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж