Монгол төрийн их хэрүүл

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Монгол төрийн их хэрүүл

Монгол төрийн их хэрүүл

Төрийн их хэрүүл үргэл­жилж байна. Албан тушаал, эрх мэдэл, өнгө мөнгөний тө­лөөх ашиг сонирхлын зөр­чил­дөөн хүрээгээ улам тэлэв. Улс төр, эдийн засгийн бүлэг­лэлүүдийн тэмцэл, сөргөлдөөн бүр ч ширүүсэх болов. Монгол төрийн хойморт ассан энэ их хэрүүлийн “гал”-ыг улстөрчид хэрхэн өрдөж, бас яаж газар авахуулсныг харцгаая. Хэн хэзээ хэнтэй хэрхэн тэрсэлдэж байсныг ч эргэн санацгаая.

2000  он. “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хята­­дын тагнуулын байгуул­лагатай холбоотой. Тэдний заав­раар ажилладаг” гэх дуу­лиан дэгдэв. Генерал Ж.Баа­тар энэ талаар УИХ-д захидал бичиж, хууль тогтоох дээд бай­гууллагаас 2000 оны сүүлчээр ажлын хэсэг томилон ажил­луулав. Эрхэм генералыг за­хидал хүргүүлснээс хойш яг нэг жилийн дараа буюу 2001 оны нэгдүгээр сард УИХ-ын Тамгын газрын нэгэн ажилтан “Ц.Нямдоржийн талаар бичсэн захидлаа татаж ав. Хэрэв татаж авахгүй бол таныг шоронд хийх юм байна шүү” хэмээн Ж.Баатар генералд хэлжээ. Гэвч мань эр “Би захидлаа эргүүлж авахгүй. Та нар үнэн мө­нийг нь шалгаж өгөөрэй” гэж хариулсан байдаг. Харам­салтай нь хоёр эрхэм ийн ярилцсанаас хойш нэг их удал­гүй Ж.Баатар генералыг “Ц.Ням­дорж сайдыг гүтгэж, нэр хүндийг нь унагасан. Сай­дын талаар 45 хуудас материал сонинд нийтлүүлсэн” гэх үндэс­лэлээр буруутгаж, гур­ван жил орчим хорьсон удаа­тай. Энэ дуулианы өөр нэ­гэн гол баатар нь УИХ-ын ги­шүүн Л.Гүндалай. Тэрбээр Ц.Нямдоржтой би, чи-дээ тулж, удтал тэмцэлдсэний эцэст онгоцны буудал дээрээс ба­ривчлагдаж байсан. Эрхэм ги­шүүнийг Сингапурт болох олон улсын парламентчдын хуралд оролцохоор явах гэж байхад нь дээрх явдал болсон ч түүнийг нэг их удалгүй сулласан юм. Тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр “Л.Гүндалайг баривчилсан нь Ц.Нямдоржийн өшөө авалт байсан” хэмээн хожим нь ярьсан билээ.

2007 он. Н.Энхбаяр У.Хүрэлсү­хээс хариугаа авахаар шийдэв. МАХН хэмээх том “хөлөг онгоц”-оос түү­нийг түлхэж унагахаар зэхэв. “Хад­галамж” банкаас 14 тэрбум гаруй төгрөг хууль бусаар зувчуулсан” гэх хэрэгт УИХ-ын гурван гишүүн нэр холбогдсоны нэг нь У.Хүрэлсүх байв. Ийм тохироо бүрдэхийг ч Н.Энхбаяр хүлээж байсан юм. Хариугаа авах тохиромжтой цаг нь ч бүрдэв. Харин Н.Энхбаярын зүгээс исгэрэх энэ “салхи”-ийг мэдэрсэн У.Хүрэлсүх намынхандаа ч, найзууддаа ч эхний дохиог өгөв. Сэтгүүлчдийг өрөөндөө дуудаж Н.Энхбаярын эсрэг мэдэгдэл хийв. Тухайн үед УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эр­хэлсэн сайдаар ажиллаж байсан тэр­бээр “МАХН-ыг эхнэр тань мэддэг юм уу, аль эсвэл та юу” гэж асуусанд минь Н.Энхбаяр өширхжээ. Энэ нө­хөр Ерөнхий сайд болонгуутаа ихээхэн эвдэрсэн. Өөрийгөө үндэс­ний удирдагч, дарангуйлагч гэж үзээд зогсохгүй нам, төрийн ажилд эхнэр нь оролцдог. Тэр үеэс би Н.Энх­баярт шүүмжлэлтэй ханддаг болсон. Миний удирдаж байсан МАСЗХ-г хүртэл тараах гэж үзсэн шүү дээ. Намайг, бас Ц.Нямдорж, М.Энхболд, Ж.Бямбадоржийг “Миний хүн бай­сан. Би тэднийг өөд нь татсан” гэж ярьдаг. Монгол төрийн албан тушаалууд Н.Энхбаярынх юм уу. Тэр нөхөр албан тушаал хуваарилдаг эрхтэй юү. Энэ бүхнээс далд санаа нь мэдрэгдэж байгаа биз дээ. “Би дарангуйлагч” гэдгээ ингэж л илтгэх гээд байна” гэж мэдэгдсэн билээ. Ийн мэдэгдсэнээсээ хойш хэдхэн сарын дараа У.Хүрэлсүх “Хадгаламж” банкны ахлах нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэнг ятгаж, “Фургон” машины мөнгө завшсан” гэх үндэслэлээр шүүхээс 2.1 жилийн хорих ял сонсож байсан юм.

2009 он.
Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр ялагдав. Ялагдсан кан­дидат маань “УИХ-ын нөхөн сон­гуульд нэр дэвшинэ” хэмээн зүтгэв. Гэвч намынх нь удирдлагууд зөв­шөөр­сөнгүй. Н.Энхбаяр биш, Эр­дэс баялаг, эр­чим хүчний сайд Д.Зоригтыг Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлэв. Тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр энэ тухай “Хэрэв Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшсэн бол асар их сүйрэл дагуулах байсан. Тиймээс би түүнд “Ялагдлын халуун мөрөөр даагаа нэхэх гэсэн чинь буруу шүү” гэж сануулж байлаа. Гэхдээ Н.Энхбаяр нэг зүтгэхээрээ хүний үг авахдаа тун тааруу болчихдог” хэмээн ярьсан нь бий. Харин Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн сонгууль цэвэр луйвар болсон. Намайг луйвардаж, хүч хавсран унагалаа. Энэ луйврыг манай нам, миний удирдаж байсан нөхөд намын дарга, сонгуулийн штабын даргынхаа оролцоотойгоор хийсэнд гол онцлог нь байгаа юм. Тэд УИХ-ын 2008 оны сонгуулиар бэлтгэлээ хангаж, 2009 оны сон­гуулиар бодит утгаар нь хийсэн нь энэ. Үүнийг би намын даргын үйлдэл гэж ойлгодог” гэж мэдэгдэв. Эрх баригч хүчний үе, үеийн тэргүүнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялаг­дал­тай холбоотойгоор олны өм­нө ийн сөргөлдөж эхэлсэн юм. Н.Энхбаяр ч мөчөөгөө өгөлгүй эл­дэв зарга үүсгэж, С.Баяр хариуг нь “Гарахдаа гэрлээ унтраа. Үүр цайсан ч тахиа донгоддогоороо донгодно” хэмээн товч тодорхой барьж байлаа. Тэдний хэрүүл эцэстээ долоодугаар сарын 1-ний хэрэг явдлаар хүрээгээ улам тэлсэн юм. Экс Ерөнхийлөгч “С.Баяр тэр үед “Цагдааг би мэд­нэ” гэж хэлсэн. Яг үнэндээ Онц байдал зарлах тухай зарлиг гар­гасан минь зөв байсан эсэхэд би одоо ч эргэлздэг” гэсэн бол С.Баяр “Галт зэвсэг хэрэглэх тухай тушаалыг би хэнд ч хэзээ ч өгөөгүй” гэж мэдэгдсэн билээ. Гэвч тэд цагдаагийн экс дарга нарыг шүүх хуралд гэрчээр оролцох үүрэг хүлээчихээд байгаа юм. Ганцхудагийн шүүх танхимд бие биенээсээ халгаж цэрвэлгүйгээр зэрэгцэн суусан тэд чухам юун тухай ярилцсан бол.

2010 оны өвөл. Ордонд оны ялгаа улам гаарав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар өдөр бүр хэрэлдэх болов. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны нэгэн хуралдааны үеэр МАХН, Ардчилсан намынхан нам, намаараа талцав. Ц.Нямдорж сайд энэ үеэр Х.Тэмүүжинг шүүмжилж “Далд шунал агуулж, төрийг битгий бусниулах гээд бай. Бүр байтлаа мөрдөн шалгах, шүүх, цагдаагийн үйл ажиллагаанд хутгалдах гэлээ. Дээр үеийн Ардын хянан шалгах хороо шиг юм байгуулах нь ээ. Х.Тэмүүжиний яриад байгаа шиг өөрчлөлтийг шүүх засаглалд хийвэл Коминтерний дэглэм тогтоно. Ер нь чи муу гөлөг юу мэддэг юм бэ” гэхэд Х.Тэмүүжин гишүүн “Та тэгвэл насанд хүрсэн нохой юм уу. Сайд та асуудлыг дандаа дарамталж, сүрдүүлж шийддэг. Засгийн газрыг хянах механизмыг сайжруулах гэхээр өөрийгөө шалгах нь гэж айгаа юу” хэмээн үг сөрөв. Эцэст нь тэрбээр “Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” хэмээн Ц.Нямдорж тэргүүтэнд хандаж хэлсэн билээ.

2010 оны хавар. Ц.Нямдорж сайдын тэвчээр алдрав. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нартай хамт Авлигын эсрэг бүлэг байгуулж, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийхээ мэдэгдсэн Ж.Сүхбаатар гишүүнийг тэрбээр өрөөндөө дуудав. Уур хилэндээ багт­рах шахсан Ц.Нямдорж сайд эрхэм гишүүний энгэрийн тэмдгийг мулт татаж, энд, тэндгүй улаан гүвдрүү болгож орхисон гэдэг. Эрхэм гишүүн хууль, шүүхийн шинэтгэлийн сэдвээр Х.Тэмүүжин гишүүнтэй үг яриа нийлж, нам өөр гэлтгүй нөхөрлөсөн нь сайдын дургүйг хүргэжээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэрэг явдлын талаар “Хувь хүний ёс суртахуунтай холбоотой хэрэг болсон. Гэхдээ зодсон, зодуулсан гэж хэлэхэд ч хаашаа юм бэ. Ер нь “Тийм явдал болоогүй” гэж хэлмээргүй байна. Тэгвэл худлаа болно. Бас “Болсон, би зодуулсан” гэж хэлэмгүй санагдана. Тэр хүн асуудалд орно шүү дээ. Гэхдээ надад наад нөхрөөс чинь айх юм алга” гэж ярьсан удаатай. Гэвч нэг намын ахан дүүс өөр хоорондоо учраа ололцсоноор эл дуулиан намжсан юм.

2011 он. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын дунд хэрүүлийн “гал” асав. Экс Ерөнхийлөгч “Ц.Нямдорж дөрвөн тэрбум орчим төгрөгийн үнэтэй байр, гурван хаусыг хэний мөнгөөр хэрхэн бариулснаа Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад шал­­гуулах ёстой” хэмээн шаардав. Ха­­рин Ц.Нямдорж “Н.Энхбаяр ой са­­намжаа алдчихсан бололтой” гэж мэдэгдээд хэвлэх үйлдвэр, “Өр­гөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой зарим баримтыг дэлгэв. Хэвлэлийнхэн түүнээс “Энэ асууд­лыг хууль хяналтынхан шалгаж дууссанаа мэдэгдсэн. Гэтэл та яагаад дахин сөхөх болов” гэж асуухад “Н.Энхбаярыг ажлаа хийж байх үед айгаад шалгадаггүй байсан юм байлгүй. Гэвч шалгахаас өөр аргагүй зүйлс байна. Байгуулагдаад долоо хоносон “Хар дун” гэдэг компанид “Өргөө” зочид буудлыг үнэгүй өг­сөн. Тус компанийн захирал Б.Хур­цын дүү Б.Тулга Н.Энхбаярын үүдэнд суудаг байсан. Харин ком­панийг үүсгэн байгуулагч нь экс Ерөнхийлөгчийн хүү шүү дээ” гэж хариулсан юм. Хоёр эрхэм ийнхүү бие биенийхээ булхайг дэлгэх зуур Н.Энхбаярын туслах асан Б.Тулгыг хэд хоног цагдан хорьж, хүү Э.Батшугарыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн билээ. Тэр ч атугай “Н.Энхбаярыг хүчний байгууллагынхан авч явах гэлээ” гэх дуулиан ч тухайн үед дэгдсэн юм. Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын нэг нэгнийхээ эсрэг асаасан “гал” хэзээ ч дахин дүрэлзэхэд бэлэн байгаа.

2012 он. Хамтарсан Засгийн газрын үед хоёр биендээ тааруухан байсан Х.Баттулга, Ц.Нямдорж нар нэг нэгнийхээ но-г дэлгэцгээв. Хууль зүй, дотоод хэргийн сайд “Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа Хятад, Өмнөд Солонгосын талтай төмөр зам барих тухай нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ нь энэ байна. Х.Баттулгаас болж Оростой харилцах харилцаанд ан цав суулаа. Геополитикийн тавцнаа Монгол Улсын нэр хүнд уналаа” хэмээн сүржин мэдэгдэл хийх нь тэр. Харин Х.Баттулга “Төмөр замын нууц гэрээ ч гэж юу билээ. Зүгээр л “Танилцав” гээд гарын үсэг зурчихсан хэрэг. Тэгээд ч төмөр замыг нууцаар барина гэж юу байх вэ дээ” гэж ёжлонгуй хариулав. Хамгийн сонирхолтой нь хоёр эрхмийн хэрүүлийн гол сэдэв болчихоод байгаа төмөр замын тухай асуудал 2009 оноос олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Тухайн үед “Энержи ресурс” компанийнхан Ухаа худагаас Гашуунсухайт хүртэл төмөр зам тавина” гэсэн нь Х.Баттулгын эгдүүг хүргэсэн хэрэг. Тиймээс тэрбээр “Ингэж болохгүй. Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг болно” хэмээн эсэргүүцэж байв. Харин хамтарсан Засгийн газрын түүх эцэс болмогц “Төмөр зам бариулах гэж би хамаг хүчээ шавхсан. Гэвч үүнд Ц.Нямдорж саад болсон” гэсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдыг нууц гэрээний талаар мэдээлэл хийхэд хүргэлээ. Х.Баттулга ч хариуг нь барьж Ц.Нямдорж хэний байранд амьдардаг болохыг илчилж орхив. Эрхэм сайдын өмнөөс “MCS”-ийнхэн “Манай компанид Засгийн газрын нэг ч гишүүн хувьцаа эзэмшдэггүй” гэж мэдэгдсэн юм. Гэвч Х.Баттулга нэр бүхий гишүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болж, Ц.Нямдорж улс төрийн улаан хэрүүлдээ УИХ-ын гишүүн З.Энхболдыг намхан, навтгараар нь дуудан оролцуулав. Мэдээж хэрэг, ингэж хэлүүлсэн эр­хэм гишүүн сайдыг залруулга хийх­гүй бол шүүхэд өгөхөө мэдэгд­лээ. Харин Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн баасан гарагт түүнд “Хүсэлтийг тань хүлээн авч, хүлээлгэн өгсөн баримтуудыг нь хуулийн хүрээнд нягтлан шалгах боломжгүй. Нэр бүхий улстөрчдөд үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийс­лэлийн прокурорын газраас хаасан” гэж хариулсан нь бас л сонирхол татах өнцөг.

Хэрүүл ийн үргэлжилж байна. Ардчилсан намын зарим ги­шүүн Батлан хамгаалахын сайд Ж.Энх­баярыг “Мэргэн буучид бэлтгэх тухай ноцтой зүйл ярьсан. Яамныхаа ажилтнуудыг намаар нь ялгаварлан халж сольсон” гэх үндэслэлээр огцруулах хүсэлт гаргасан ч УИХ дахь олонхи хүлээж аваагүй юм. Гэ­лээ гээд тэд энэ сэдвийг “архив”-т хадгалахыг хүссэнгүй. Цаг нь болж, тохироо нь бүрдэхийг сэм хүлээж суугаа. Ардын нам, Ардчилсан намын заргач гишүүд ч сонгууль дөхсөн энэ үед амаа хамхисангүй. Д.Тэрбишдагва тэргүүтэй тэрслүү гишүүд “Намбатай, ёс зүйтэй бай­гаарай. Намынхаа эсрэг олон юм ярихгүй шүү” гэсэн Ардын намын Ёс зүйн хорооны сануулгыг үл хайхран хэвлэлээр хэлдгээ хэлцгээж л байна. Ардчилсан намынхны хувьд “Ирэх сонгуульд Н.Алтанхуягаар удирдуулж оролцох уу, үгүй юү” хэмээн өөр зуураа ярилцсан хэвээр. Долоодугаар сарын 1-ний үймээн… Улс төрийн намууд, улстөрчдийн зүгээс ирэх сонгуульд барьж орох хамгийн том хөзөрнүүдийн нэг нь энэ билээ.  Бас УИХ-ын 2012 оны сонгууль байна. УИХ, Орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулах уу, тусад нь зохион байгуулах уу гэдэг нь улстөрчдийн хэрүүлийн сэдэв болсон хэвээр.

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж