Telesar V – мэдрэхүйг дамжуулах робот

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Telesar V – мэдрэхүйг дамжуулах робот

Бидний эргэн тойронд урьдчилан тааварлашгүй олон тооны эрсдэл хүрээлж
байдаг. Гарцаар гарах, эсвэл таксинд сууж явахдаа авто осолт өртөх, үгүйдээ хэн нэгний гэмт үйлдийн санамсаргүй хохирогч болж эрүүл мэнд, тэр байтугай амь насаараа хохирох тохиолдол хэдийд ч гарч болохыг үгүйсгэх аргагүй. Харин эдгээр эрсдлүүдээс таны хуулбар таныг 99% хамгаална. Тэр таньтай төстэй боловч мөнхийн залуу, царайлаг, бас хүч чадалтай байна.

Хэрэв тэр ямар нэг байдлаар эвдэрч гэмтвэл шинийг захиалаад хийлгэж авч болно. Хуулбар нь хүнтэй адил 5 мэдрэхүйтэй байх бөгөөд таньд бүхий л мэдрэмжийг дамжуулж, таны байх ёстой газарт байж, таныг хаа ч бүрэн орлоно. Таны биологийн бие гэртээ хэвтээд хуулбараа удирдахаас өөр үйлдэл хийх шаардлагагүй болно. Учир нь хуулбар чинь таны өмнөөс нийгмийн бүхий л харилцаанд орно. Хэрэв та цагдаа бол таны хуулбар – цагдаа мөн адил өөр хэн нэгэн хуулбар – гэмт хэрэгтний араас хөөцөлдөх болно.

Энэ бол Брюс Уиллисийн тоглосон "Төгс хуулбарууд" (Surrogates) киноны үйл явдал юм. Энэхүү "хуулбар"-тай төстэй робот бүтээх санааг анх 1980 онд Японы Кэйё их сургуулийн профессор Тачи гаргаж байжээ. Тэрээр өөрийн санаагаа хэрэгжүүлэхээр Teleser V хэмээх роботын систем бүтээж байна. Уг роботын зорилго нь зайнаас удирдах робот болон алс зайн орчны харилцан үйлчлэлийн тусламжтайгаар хүмүүсийг цаг хугацаа болон орон зайн саад бэрхшээлээс ангижруулахад чиглэж байгаа юм.

Энэ роботын тусламжтайгаар алс хол байгаа зүйлсийг өөрийн дэргэд байгаа мэт харж чадна. Хэрэв та эмч бол өвчтөнөө хаана ч байсан гараа сунгах төдийд үзлэг хийх боломжтой. Мөн роботын эргэн тойронд юу болж байгааг сонсож чадна. Эдгээр нь ийм төрлийн робот систем (telexistence)-ийн өнөөгийн боломж юм. Харин Telesar V системд роботын хуруунуудад хүртэхүйн мэдрэгчүүд суулгаж, түүний мэдрэмжийг оператор (роботыг удирдаж буй) хүнд дамжуулдагаараа онцлог юм. Энэхүү технологи роботыг өөрийн аватар хэлбэрээр ашиглах, түүний хүртэх мэдрэхүйг ямар ч хол зайнаас ч мэдрэх боломжийг олгож байна.

Оператор нь 3D дэлгэц бүхий малгай хэлбэрийн төхөөрөмжийг толгойдоо байрлуулж роботын харж буй орчныг яг тэр хэвээр нь харах боломжтой. Хүчний вектор болон температурын мэдээллээс бүрдэх хүртэхүйн мэдрэхүйг роботоос операторт дамжуулж обьектийн хэлбэр болон температурыг мэдрэхэд туслах бөгөөд одоогийн байдлаар уг робот лего тоглоомын гадаргууг хангалттай хэмжээнд мэдэрч чадаж байна. Робот нь их бие, гар, гарын сарвуунаас бүрддэг бол их бие нь хүнтэй адил чөлөөт хөдөлгөөний 7 үе мөчтэй юм. Харин гар нь хүнтэй адил биш боловч илүү төстэйгээр 15 үе мөч бүхий хөдөлгөөн хийх чадвартай ажээ.

http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж