Шинь Гёнсүг ”Ээжийг минь харж хандаарай”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Шинь Гёнсүг ”Ээжийг минь харж хандаарай”

Гүйэ би ойрд буяны ажил гөө мөн ихийг хийжээнаа. 2011 онд уншсан бэст номоор солонгос бүсгүй Шинь Гёнсүг-ийн “Ээжийг минь харж хандаарай" романыг шалгаруулаад, уулзсан таарсан хүн болгонд унш гэж тулгаад явж байсим. Тэгсэн нэгэн орой архи дарс нь хэтэрсэн үү, ажиллах толгой нь арван хормын сааталд орсон уу… орчуулаад өгнө оруулаад өгнө гэсэн амлалт өгчихсөн сууж байвал яахуу. Амаа хичээхгүй бол гай гарна, галаа хичээхгүй бол гамшиг гарна гэж одоо үүнийг л хэлдэг байхдаа. Гэхдээ “ам ажил хоёр нь алд дэрэм зөрнө” гэдэг чинь миний тухай хэлсэн үг байгаам. Тиймээс 2011 оны амлалтыг өдий хүртэл мартааски, санааский, нүдэн балай чихэн дүлий явааски. Цагаан сарыг тэгэээд орчуулгын өртэй гаргалаа, энэ жилжингээ муугаа мэдэхгүй & мулгуугаа тоохгүй хүмүүст орчуулга хийж өгөхийм байх даа.. гэцүү еэ. Anyway, дуртай Акүтагавагаа хойш тависны үр дүнд:

신경숙 Шинь Гёнсүг

Зохиол нь олон хэл рүү орчуулагдсан, олон оронд хэвлэгдсэн. Wiki гайхлаас харахад өгүүллэгийн түүвэр нь монголд хэвлэгдэсэн гэнэ. Олж унших юмсан, мэддэг хүмүүс хэлж өгч туслаарай. "Ээжийг минь харж хандаарай" – миний уншсан анхны солонгос зохиол. Охин, хүү, аав, ээж… дөрвөн хүний өнцгөөс бичигдсэн тул дөрвөн хэсгээс бүрдэнэ. Ээжээс бусад нь нэгдүгээр биенээс өгүүлэх нь монголоор буулгахад жаахан ярвигтай. “Би ингэсэн тэгсэн” гэс ярих бус, өөрийгөө “чи” гэх өгүүлэмжийг юу гэдэг билээ? Нэгдүгээр бие гэх зөв үү? Өөрөө өөртэйгээ “Сүрэн чи тэнэг юмаа…” гэж хүүрнэх өгүүлэмжийн хэлбэрийг хэлээд байна л даа. Зохиолоос ондоо асуудал руу далийчихлаа… sorry… ер нь review гэдэг мань мэтийн чадах & бичих зүйл биш санж. Бүхэл бүтэн романыг орчуулна гэдэг яааг шдэ, яаж вэ тээ… тэгээд ч бүгдийг нь орчуулна гэж амлаагүй шд хэхэ.
Учир ийм тул зохиолын хэсэг хэсгээc түүж орчуулснаа толилуулъя.

Шинь Гёнсүг "Ээжийг минь харж хандаарай"
Орчуулга: Сүрэн
"Хэн ч мэдэхгүй" (Охины хэсэг)

Ээж алга болсныг анх дуулаад яахаараа энэ өнөр өтгөн гэр бүлийн хэн нь ч ээж аавыгаа Сөүлийн буудал дээр тосч аваагүй юм бэ гэж чи ууртай асууж байсан.
“Чи өөрөө тэгвэл хаана байсан юм бэ?!”
Би юу?
Ээж алга болсныг чи нэлээд хэд хоногийн дараа л мэдсэн.
Ээж алга болсны бурууг бүгд л бие бие рүүгээ түлхэж, бие биенээ гомдоож бас дор бүрдээ гомдоцгоосон.

"Аавтай нэг вагонд сууж чадалгүй хоцорсон ч ээж яахаараа алга болдог байна аа? Хаа сайгүй, хана болгонд л зам заах тэмдэг байгаа шүү дээ. Утасны кабинаас яаж ярихыг ч ээж мэднэ". Бэр эгч чинь тэгэхэд ямар нэгэн золгүй явдал тохиолдсон учраас л ээж алга болсон байх, аавтай нэг вагонд суугаагүй гээд хүүгийнхээ гэрийг олоод ирж чадахгүй байна гэж байхгүй дээ гэж байсан. Гэхдээ энэ бол ээжийг хуучин ямар байсан, тэр л янзаар нь бодохыг хүссэн хүний бодол. Чамайг "ээж төөрч мэднэ" гэхэд бэр эгч чинь гайхаж нүдээ томоор дүрлийлгэн харж байсан. Бас "ээж ойрд ямар байсныг мэднэ биз дээ" гэж нэмж хэлэхэд чинь "юу яриад байгааг чинь ойлгохгүй байна" гэсэн янзтай царай гаргасан. Гэхдээ гэр бүлийхэн чинь ойрд ээж ямар байсныг сайн мэднэ. Тиймээс ээжийгээ олж чадахгүй байж магад гэдгийг ч битүүхэндээ бүгд таамаглаж байсан биз ээ.
Ээж бичиг үсэг мэдэхгүй гэдгийг чи анх хэзээ мэдсэн бэ?

Нагац ахаас сураг тасраад дөрөв, таван жил болоход ээж хааяа “нагац ах чинь хаана юу хийж яваа бол” гэж бодлогошрон хэлдэг болов. Ээж нагац ахад санаа зовоод байна уу, уурлаж туниад байна уу гэдгийг тэгэхэд чи хэлж мэдэхгүй байсан.

  Нэгэн өдөр хэн нэгэн хашааны хаалга түлхээд “миний дүү, байна уу?” гэх нь дуулдав. Гэрт чамтай хамт бэрсүүт жүрж идэж байсан ээж хормын дотор өрөөний хаалга саван гадагш гүйн гарав. Ээжийн сэтгэл юунд ингэж хөдлөө вэ? Сониуч зандаа хөтлөгдөн дагаж гартал ээж гэрийн үүдэнд хашааны хаалга руу хараад зогтусах шиг болсноо “ах аа” гэж хашгиран хаалганы дэргэд зогсч байсан хүн рүү хөл нүцгэн чигээрээ хар хурдаараа гүйн очив. Нагац ах ирсэн байжээ. Ээж салхи шиг хурдан гүйж очоод нагац ахын цээжийг зангидсан гараагаа хэдэнтээ балбаад:
 -Ах аа! Ах аа! хэмээн уйлж байхыг чи гэрийнхээ үүднээс хараад зогсч байсан.

 Ээж хэн нэгнийг “ах аа” гэж дуудахыг анх удаагаа сонсох нь тэр. Өмнө нь ээж ахынхаа тухай ярихдаа дандаа л “нагац ах чинь” гэдэг байсан. Нагац ахтай гэдгээ аль эртнээс мэдэх атлаа ээж гүйн очиж баярласан дуугаар “ах аа” гэхийг хараад яагаад тэгтлээ их гайхсанаа чи ойлгож ядна. “Хөөх, ээж бас ахтай юм байна” гэдгийг тэгэхэд л ойлгосон. Тэр өдөр ээж ямар байсныг, нас ахиж буй атлаа жаахан хүүхэд шиг доош үсрэн бууж хашаан дундуур хамаг хурдааараа “ах аа, ах аа” гэж хашгираад гүйж байсныг санахаараа чи хааяа ганцаараа инээмсэглэнэ. Ээжийн тэр өдрийн дүр тархинд үүрд зурагдан үлджээ.

 “Ээж хүртэл…” гэж тэгэхэд ухаарал нэгээр нэмэгдэх шиг болсон. Тийм илэрхий юмыг яагаад тийм удаан хугацаанд ойлгоогүйгээ бас гайхна. Ээж бол дандаа л Ээж байсан. Ээжид ч гэсэн тэнтэр тунтар алхаж хөлд орох үе, гурав юм уу хорин настай үе байсан гэдгийг тэр хүртэл ерөөс төсөөлөлгүй явж. Ээж бол Ээж. Төрөхөөсөө л ээж байсан. Ээж бас ах дүү нартайгаа сайндаж муудаж, тэднийгээ хайрлаж санах хүн гэдгийг ах руугаа гүйсэн тэр өдрийг хүртэл огт бодож байсангүй. “Ээжид ч бас хүүхэд нас байжээ” гэх давхар ухаарлыг тэр өдөр дагуулсан юм. Түүнээс хойш хааяа хааяа ээжийгээ хүүхэд, охин, залуу бүсгүй, шинэхэн бэр, дөнгөж чамайг төрүүлсэн ээж гэж янз бүрээр төсөөлж боддог болов.

 Ээжийн яриа үргэлж уран сэтгэмж, дүрслэлтэй байдагсан…
 Өвөг дээдсээ тахих ёслолын шөнө аавын эгч, бусад авга нар савтай цагаан будаагаа бариад ирнэ. Хоол хүнс хомс байсан тул хамаатан садан бүгд ийнхүү хувь нийлүүлнэ. Ёслол дуусахад ээж “авч хариарай” гээд бүгдийнх нь савыг хоолоор дүүргэж өгнө. Ёслолын үеэр цагаан будаатай савнуудыг эгнүүлж өрдөг байсан. Ээж цагаан будаан дээр шувууд ирж суугаад буцаж нислээ гэхэд хэн ч үл итгэх тул “Би харсан! Зургаан шувуу байсан. Өвөг дээдэс маань өргөл барьцны дээжийг зооглох гэж ирсэн юм шүү дээ!” гэнэ. Бүгд инээлдэх боловч шувууны хөлний гурвалжин мөрүүд цагаан будаан дээр харагдах шиг чамд санагддаг байсан.

 Нэгэн удаа ээж өдөр идэх хоолоо аваад өглөө эрт тариан талбай руу явсан юм. Гэтэл хэн нэгэн урьтаж ирээд зэрлэг зулгааж байсан гэнэ. Нэр алдрыг нь асууваас, зүгээр үүгээр өнгөрч яваад талбай зэрлэгээр дүүрснийг хараад туслахаар шийдсэн гэж хариулжээ. Тэгээд үл таних хүн, ээж хоёр хамтдаа зэрлэг зулгаажээ. Ээж тусалсанд баярлаж, авчирсан хоолоо хувааж идээд, энэ тэрийг ярилцаж суугаад, харанхуй болоход зүг зүгтээ харьцгаасан гэдэг. Ээж талбайгаас буцаж ирээд танихгүй хүнтэй бүтэн өдөр ажилласан тухайгаа ярихад авга эгчийн царай хувирч тэр хүний гаднах төрх байдлыг асууж байснаа “тэр газрын өмнөх эзэн нь байна. Зэрлэг зулгааж байгаад харваж талбай дээрээ нас барсан юм” гэв. “Ээж та өдөржин өөд болсон хүнтэй хамт талбай дээр байгаад айсангүй юу?” гэж чамайг асуухад ээж тайвнаар “айгаагүй ээ. Тэр талбайд ганцаараа ажиллавал хоёр юм уу гурван хоног ч болох байсан. Тусалсанд ээж нь баярласан" гэж хариулж билээ.

Өөрт тохиолдсон явдлын тухай хамгийн сүүлд ээждээ хэзээ ярилаа?

 Нэг л мэдэхэд ээжтэй ярих яриа “хялбархан” болсон байлаа. Тэр яриагаа хүртэл нүүр нүүрээ хараад биш утсаар ярина. Чиний хэлэх нь ээж юу идэж байна, эрүүл мэндээ бодох хэрэгтэй, аавын байдал ямар байна, ханиад хүрч болохгүй, хэдий хэмжээний мөнгө явуулах тухай болж хувирсан. Ээжийн яриа голдуу кимчи хийсэн, сонин зүүд зүүдэлсэн, ах нарт чинь цагаан будаа явуулсан, буурцаг исгэж чамд явуулсан, шуудан зөөгч ирэхээсээ өмнө утасдах учраас утсаа битгий унтраа гэх зүйлийн тухай л байна.

– Ээж, та гал тогоондоо байхдаа дуртай юу?
Чамайг ийнхүү асуухад ээж юун тухай асууж байгааг ерөөс ойлгоогүй.
 - Гал тогоонд байхдаа та дуртай байсан уу? Та хоол хийх дуртай юу?
Ээж чиний нүдийг хэсэг хугацаанд ширтэн зогсов.
 - Би гал тогоонд дуртай ч биш, дургүй ч биш. Хоол хийх ёстой учраас хийнэ. Хүүхдүүд минь хоол идэж сургуульдаа явах хэрэгтэй учраас ээж нь гал тогоондоо хоолоо хийнэ. Хүн зөвхөн дуртай зүйлээ л хийнэ гэж байх уу? Дуртай, дургүй хамаагүй хийх ёстой юм гэж хүнд байна.
 Ээжийн царай илт “энэ одоо юу асуугаад байна аа” гэсэн янзтай байлаа. Дараа нь ээж “Чи зөвхөн дуртай зүйлээ л хийгээд байвал дургүй зүйлийг чинь хэн хийх вэ?” гэж бувтнав.
 - Тэгээд та дуртай байсан юм уу, үгүй юм уу?
 Ээж нууцаа хэлэх гэж байгаа мэт ийш тийш харснаа:
 - Ээж нь шилэн сав хэд хэдэн удаа хагалсан гэж шивнэв.
 - Шилэн сав хагалсаан?
 - Эцэс төгсгөл үгүй юм шиг ээжид нь санагдаад. Тариалантай адилгүй. Хэрэв хавар нь үр таривал намар нь ургац хураана шүү дээ. Буурцагны үр таривал дараа нь буурцаг хураана, эрдэнэ шишийн үр тарьсан газар эрдэнэ шиш ургана… Гэвч гал тогооны ажилд эхлэл төгсгөл гэж байхгүй. Өглөөний хоолоо иднэ, дараа нь өдрийн хоол, дараа нь оройн хоол, гэгээ орохоор дахиад өглөөний хоол… Ээж нь өдөр болгон ондоо хоол хийж байсан бол өөр байсан байх л даа… даанч ээж нь тарьж ургуулсан зүйлээрээ л хоол хийхээс хойш өдөр болгон өнөөх л панчан. Өдөр болгон нэг юмаа давтаж хийгээд байхаар хүнд дургүй хүрэх үе гарна шүү дээ. Гал тогоо гарцгүй шорон шиг санагдахад ээж нь арын зоориноос хамгийн хэлбэр муутай сав сонгоод хамаг хүчээрээ хагалж орхисон юм. Авга эгч чинь намайг хараагүй л дээ, харсан бол галзуурсандаа ингэж шил сав хагалж байна гэх байсан байх.

 Ээж хэд хоногийн дараа хагалсан савныхаа оронд шинийг авч тавьсан гэсэн.
 - Мөнгө дэмий үрж байсан хэрэг. Шинэ сав авахаар явахдаа үрэлгэн юм хийсэндээ харамсаж, дотор хачин муухай байсан ч ээж нь больж чадаагүй. Хагаран бутрах савны дуу надад эм тан шиг л байсан. Чөлөөтэй ч юм шиг санагддаг байлаа, тэр үед.
 Ээж хэн нэгэн сонсож магад гэсэн шиг долоовор хуруугаа уруулдаа хүргээд “чшш” гэв. “Ээж нь энэ тухай хэнд ч ярьж байгаагүй” гэснээ томоогүй инээмсэглээд:
 - Миний охин хоол хийх дургүй бол хаяа ганц хоёр таваг хагалахад гэмгүй. Үрэлгэн юм хийж байна даа гэж бодогдсон ч дотор чинь хөнгөрнө. Гэхдээ чи хань нөхөртэй болоогүй болохоор хараахан аяга хагалмаар санагдахгүй л дээ гэв.
 Ээж гүнзгий санаа алдаад:
 - Гэхдээ хүүхдүүд минь өсч байхад сайхан байсан шүү. Толгойдоо боосон алчуураа ч солих завгүй, борви бохисхийлгүй ажиллаж байсан ч та нар ширээ тойрч суугаад аягатай цагаан буудаагаа шуугитал хоосолж байгааг харахаар энэ дэлхийд үүнээс өөр хүсэх зүйл үгүй гэж ээжид нь бодогддог байсан. Миний хүүхдүүд үнэхээр амар байсан. Энгийн ногоо, вандуйтай шөл хийхэд инээмсэглэж идээд, хааяа хааяа загас жигнэхээр бүгд баяртай маасайгаад… Та нар бүгд сайн иднэ… өсч торниж байхад чинь ээж нь бас үе үе айдаг байлаа. Сургуулиасаа ирээд идэг гэж тогоо дүүрэн төмс чанаж тавиад орой ирэхэд хов хоосон, бүр ёроолыг нь долоочихсон байна. Зооринд байгаа цагаан будаатай сав өдрөөс өдөрт цөөрөхийг тоолж харах үе ч байлаа, бүр хоосон болох ч үе байсан. Оройн хоолны будаа авах гээд зоорины сав руу өнгийхөд ёроол нь харагдвал зүрх зогсчих шиг болно. "Хүүхдүүддээ маргааш өглөө юугаар хоол хийж өгнө өө?"… Тиймээс тэр үед гал тогоонд дуртай, дургүй гэх асуудал байгаагүй ээ охин минь. Том тогоонд цагаан будаа агшаагаад, жижиг тогоонд шөл хийж чадах бол ээж нь ядарсан эсэхээ мартчихдаг байсан. Миний хийсэн бүх хоол хүүхдүүдийн минь бор гэдсэнд орно гэхээр ээжид нь сайхан. Миний охин одоо төсөөлж чадахгүй байх л даа, гэхдээ тэр үед бид цаг үргэлж хоолгүй болчихвол яана гэдэг айдастай байсан юм. Хэн хүнгүй, бүгд л тийм байсан. Сайн идэж цааш амьдрах л чухал байсан.

 Ээж инээмсэглээд тэр үе амьдралынх нь хамгийн сайхан үе байсан гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж