”Нэг сайдаас болж улсын эрх ашиг хөндөгдөх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

”Нэг сайдаас болж улсын эрх ашиг хөндөгдөх ёсгүй”

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа. “Анод банк дампуурсантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна” гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэхүү мэдээлэлд тэрбээр ямар нэгэн албан ёсны хариулт өгөөгүй байсан юм. Тиймээс бид түүнтэй энэ талаар ярилцсан бөгөөд  намынх нь дотоодод өрнөж буй үйл явдал, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрынхан Ардын намын гишүүн Засаг дарга нарыг олноор нь шалгах бол­сон. Энэ бүхний цаана Ардчилсан намынхан бай­гаа гэсэн хардлага байгаа. Харин та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Авлигатай тэмцэх газ­рынхан манай намаас сон­гогдсон Засаг дарга нарыг сүүлийн үед шалгаж эхлээд байгааг хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр дамжуулж байгаа. Зарим нэгэнд нь эрүүгийн хэрэг үүсгэж, зари­мынх нь хэргийг хэрэг­сэхгүй болгосон байна билээ. Сонгууль ойртож байгаа болохоор манай на­мынхны нэр хүндийг унагах зо­рилгоор ийм үйлдэл хийсэн үү, үгүй юү гэдгийг ард иргэд ялгаж салгах байх гэж бодож байна. Хэрэв бодлогоор ийм үйлдэл хийж байгаа бол үнэхээр явцгүй арга гэж бодож сууна. Шүүх, прокурорынхан хаана үйлч­лээд байгаа нь харагдаж байгаа л даа. Тухайлбал, манай намын хуучин нэр болох МАХН-ыг Н.Энхбаярт өгөхдөө Дээд шүүх улстөржсөн гэж би бод­дог. Уг нь хуулиараа бол МАХН гэдэг нэрийг цааш нь өгөх боломжгүй л байсан шүү дээ. Бид Ардын нам гэдэг нэрээ сэргээж байхдаа урдаа барьдаг 20 гаруй хуульчтай зөвлөж байж намын нэрийн асуудлыг шийдсэн. Гэтэл үр дүн нь эсрэгээрээ гарснаас ха­рахад шүүхийнхэн хараат бус байна гэдэг дүгнэж болохоор байгаа юм.

-Таны талаар “Анод” банкнаас их хэмжээний зээл авснаас болоод эрүүгийн хэрэгт татагдсан” гэдэг мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Миний үүсгэн бай­гуулсан “Очир төв” компани “Анод” банкнаас 4.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн үед дээрх мөнгийг Лүнгийн замыг барихад зориулж авч байсан юм. Гэхдээ “Анод” банкийг дампуурсны дараахан нь л тус компани өрөө дарсан. “Очир төв” тухайн үед компанийнхаа нэр хүндийг бодсон байх. Миний нэр хүндийг ч харгалзаж үзсэн байх. Тухайн үед Монголбанкнаас “Очир төв” компанийнхан “Анод” банк­наас авсан зээлээ төлж ба­рагдуулсан” гэдэг бичиг хүр­тэл хийж өгсөн байдаг. Үүн­тэй холбоотойгоор надад эрүү­гийн хэрэг үүсгэсэн гэдэг мэ­дээлэл гарахад “Очир төв” ком­панийнхан Монголбанкны албан бич­гийг хавсаргаж мэдэгдэл хүртэл гаргасан. Үнэнийг хэлэхэд намайг энэ хэрэгтэй хол­­боотойгоор хуулийн бай­­­гууллагад дуудаж бай­цаа­­сан зүйл алга. Тэгэхээр эрүү­гийн хэрэг үүсгэсэн гэж хэлж болохгүй байх аа. Ийм мэ­дээлэл гараад байгааг би сонгууль дөхөж бай­гаагийн шинж гэж бодож байна. Энэ ч  үүднээс миний нэр төрд халдах гэсэн оролдлого байхыг үгүйсгэхгүй. Цаашид иймэрхүү мэдээлэл нэлээд их гарах байх л даа.

-Долоодугаар сарын 1-ний үймээн­тэй холбоотой асуудлаас болж сүүлийн үед нийгэм бүхэлдээ нэлээд шуугиж байна. Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурлаас болоод энэ шуугиан дэгдсэн гэхэд болно. Тухайлбал, цагдаа­гийн байгууллага шүүх, проку­рорынхонтой илт сөргөлдөөд эхэлсэн шүү дээ. Үүний цаана эрх баригч хоёр намын тэмцэл байгаа гэх хүмүүс ч байна. Харин та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Цагдаагийн хуучин удирд­ла­гуудыг “Буудах тушаал өгсөн байж магадгүй” гэдэг үндэслэлээр яллах гэж зүтгэж болохгүй л дээ. Шүүх яг таг батлах, нотлох баримт дээр үндэслэж шийдвэрээ гаргах ёстой. Хараат бус шүүхийн шийдвэр  гарсны дараа л хэн нэгнийг буруутай эсвэл буруугүй гэж хэлэх эрхтэй шүү дээ. Түүнээс биш шүүхийн шийдвэр гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн таамаг дэвшүүлэх эрх хэнд ч байхгүй. Зөвхөн энэ хэрэг дээр ч биш, ер нь манайхан шүүхийн шийдвэр гарахаас өмнө “Буруу, зөв” гээд л баахан зүйл ярьдаг. Гэтэл шүүхээс сэжигтнийг “Буруугүй” гэдэг шийд­вэр гаргасан ч тухайн хүний нэр хүнд хэдийнэ сэвтчихсэн байдаг. Ний­гэм тухайн хүнийг буруутай гээд нэгэнт хүлээгээд авчихсан байдаг нь харамсалтай. Тиймээс үүнийг хаана, хаанаа бодох ёстой юм болов уу гэж бодож байна. 2008 оны долоодугаар сарын 1-нд цагдаа үүргээ гүйцэтгэсэн гэж би ойлгодог. Иргэний дайн гаргахгүй байх үүднээс ажлаа хийсэн. Хүн буудсан гэдэг асуудлыг нягт шалгах ёстой. Сум тараасан нь үнэн юм уу, үгүй юү гэдэг л жинхэнэ асуудал шүү дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг төмөр зам барих нууц гэрээ байгуулсан гээд байгаа. Хариуд нь УИХ-ын гишүүн Х.Бат­тулга түүнийг шүүхэд өгөхөө мэ­дэгдсэн. Энэ бүхнээс харахад танай хоёр намын хоорондын асуу­дал нэлээд хурцдаж байх шиг ээ?

-Үүнээс би төрийн сайд хүмүүс их цэгцтэй байхгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Учир нь ОХУ-тай хамтарсан төмөр замын компани байгуулаад ОХУ-ын тал шинэ төмөр зам барихаар болсны үндсэн дээр  УИХ-аас шинэ төмөр зам барих асуудлыг зөвшөөрсөн. Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар болон төрийн тэргүүнүүдийн хооронд ярьсан байсан юм. Гэтэл Х.Баттулга сайд байхдаа УИХ-аас шийдвэр гарсны маргаашаас эхлээд шал өөр компани байгуулж, өөрийнхөө хүмүүст төмөр зам барих эрхийг өгч хамтарч байгуулсан ком­панийнхаа үйл ажиллагаа явуу­лах боломжийг хязгаарлаж эхэл­сэн.Үүнээс болоод ОХУ, Мон­гол Улсын харилцааны асуудал муу­даж байх жишээтэй. Мөн Хята­дын төмөр замын дэд сайдтай энэ талаар гэрээ байгуулчихаад Хятадын сайд буцаж амжаагүй байхад гэрээг нь хүчингүй болгож хятадуудтай муудалцуулсан. Одоо болохоор Өмнөд Солонгос, Японы хамтарсан консерциумтай нууц гэрээ байгуулсан гээд л байна. Энэ гэрээнд нь АНУ татагдан орсон гэж байгаа. Үүнээс харахад хэн сайд байх нь чухал биш улс хоорондын асуудлыг хурцатгаж олон орнуудтай муудалцуулж болохгүй гэдэг л хамгийн гол асуудал болж хувираад байгаа биз. Нэг сайдын буруутай үйл ажиллагаанаас болж манай улс хохирох ёсгүй шүү дээ. Тиймээс би УИХ-аас энэ бүх асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах ёстой гэж үзэж байгаа. Ингэж л шийдэхгүй бол нэг нь нөгөөгөө шүүхэд өглөө гээд бие биенийгээ хаацайлж гүйгээд байх нь утгагүй. Нөгөөтэйгүүр байдал хүнд­рээд ирэхээр бусад хүнийг барьж авч хуулийн байгууллагад өгөөд байж болохгүй шүү дээ. Ийм зүйл болоогүй байсан бол шинэ төмөр зам барих төсөл асуудалгүй урагшлах байсан. Тиймээс төрийн сайд байсан хүн ёс зүйтэй байх ёстой. Өөр хаанаас ч ямар гэрээ гараад ирэх юм билээ. Хэн мэдлээ. Уг асуудлыг УИХ дээр сайн ярих ёстой.

-Хоёр намын харилцаа хурц­дахын зэрэгцээ танай намын до­тоодод нэлээд үймээнтэй дүр зураг ажиглагдаж эхэлсэн. Тухайлбал, намынхаа дотоод асуудлыг ил шүүм­жилсэн гишүүддээ Ёс зүйн хо­рооноос нь сануулга өгөх ч юм уу. Энэ бүхнийг Ардчилсан ний­­гэмд байж болохгүй асуудал гэж ажиглагчид дүгнэж байгаа. Үнэ­хээр танай намд иймэрхүү дарамт ша­халт байна уу. Та дотор нь байгаа хүний хувьд юу хэлэх вэ?

-Нам дотор байгаа хүний хувьд намынхаа даргыг ажигладаг л даа. Манай намын дарга бол их нээлттэй, да­рамтлах байдал гаргадаггүй хүн. Тий­мээс ч бүлгийн хуралдаан дээр гишүүд асуудлаа чөлөөтэй ярилц­даг. Үүнийг нь ч олон нийт тухай бүрт нь мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ сонгууль дөхөж байхад намынхаа эв нэгдлийг бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, биднийг хооронд нь хагаралдуулах сонирхол өрсөлдөгч намуудад бий. Тэд үүнийг л хүсэж байгаа байх. Тэдний хүссэнээр бид өгөөш болох хэрэггүй байх. Түүнээс биш манай нам дотор асуудал үүсгээд байгаа сүртэй зүйлийг би хувьдаа олж харахгүй байгаа. Намаасаа гарна гэсэн нэг ч хүн байхгүй байгааг хэлмээр байна. 

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан “гулсах” тухай заалтыг Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгох шийдвэр гар­гасан. Цэцийн шийдвэрийг за­рим гишүүн дэмжээд зарим нь эсрэг бодолтой байна. Харин та юу гэж хүлээж авч байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэн нэг нь “Буруу, зөв” гэж ярих нь зохимжгүй. Үүнийг харин баталгаажуулах эсэх асуудлыг УИХ дээр ярина. “Гулсах” заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан шалтгаан нь Ардчилсан намынхны шаардлага байсан юм. Бид энэ заалтыг болохгүй гэж олон хэлсэн. Тухайлбал, “УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж хууль баталж болохгүй. Нийгэм хүлээж авахгүй” гэж ч хэлж үзсэн. Гэсэн ч Ардчилсан намынхан огт хүлээж авахгүй байсан учир тэдний хүсэлтийг хуульд тус­гахаар шийдсэн. Ер нь бол иргэдийн олонхийн саналаар сонгогдоогүй атлаа гул­саж орж ирээд УИХ-ын гишүүн бол­чихсон. Өөрийн гэсэн тойроггүй ги­шүүн байна гэдгийг анхнаасаа би дэмжээгүй учир энэ заалт Үндсэн хуулийн Цэц дээр бүдэрсэн явдлыг “Сайн л байна” гэж бодож байгаа.

-Орон нутгийн хурлын сон­гуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах асуудал дээр хоёр намын бүлэг эсрэг саналтай бай­гаа. Үүнээс болоод Ардчилсан на­мынхан Засгийн газрыг огцруулах үйл ажиллагаа хийж эхэлсэн юм шиг ээ. Тухайлбал, одоо үйлчилж бай­гаа хуулийн дагуу бэлтгэл ажил хангах үүргийг Засгийн газарт өгөөд эсэргүүцсэн хариу авангуутаа Зас­гийн газрыг огцруулах талаар ярилцана гэж байсан. Гэтэл үүний үргэлжлэл болгож Ардчилсан на­мын дарга Н.Алтанхуяг “Зас­гийн газар хууль, тогтоомж хэрэг­жүүлэх үүргээ биелүүлэхгүй байна” гэж мэдэгдлээ. Энэ бүхнээс Ард­чилсан намынхан удахгүй Засгийн газ­рыг огцруулах гэж байгаа гэдэг таамаг гарсан. Та үүнийг юу гэж бодож байна?

-УИХ, орон нутгийн хурлын сон­гууль болон Ерөнхийлөгчийн сон­гуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлыг Засгийн газар биш Сонгуулийн ерөнхий хороо л хийдэг.Тийм ч учраас Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг иргэн бүрт нэг сая төгрөг олгох үүргээ биелүүлэхгүй байна гэж шүүмжилж байсан. Сая төгрөг олгох үүднээс улсын төсөвт 403 тэрбум төгрөг тусгаж өгсөн. Үүнийг өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор тохирсныг хүн бүр мэдэж байгаа байх. Гэтэл манай улс чинь улирлын шинж чанартай эдийн засагтай учир  одоогоор мөнгө нь орж ирэхгүй байна. Нөгөөтэйгүүр, сая төгрөгийг нэг дор олгочихоор инфляци өсөх хандлага ажиглагдаж байгаа учир гурав хувааж олгохоор тогтоод байна гэж ойлгож байгаа. Зөвхөн сая төгрөг ч биш цалин, тэтгэврийн нэмэгдлийг ч энэ сараас олгож эхэлнэ. Үүнийг Ардчилсан намын дарга шахаж байгаа бол сайн л байна. Харин дансанд мөнгө байхгүй байгаа энэ үеийг ашиглаад улс төр хийж байгаа бол сонгуулийн шоу гэж ойлгохоос өөр арга алга. Өчигдөрхөн хамтарч ажиллаж бай­­сан атлаа өнөөдөр “Бид сөрөг хүчний суудал дээр очсон. Та нарын яах нь одоо бидэнд хамаагүй”  гэсэн маягаар аяглаж байгаа бол их л ар­чаагүй байна гэе.

-Танай намынхныг шатахууны үнэ бууруулах замаар сонгуулийн пиар хийж байна гэсэн хардлага байгаа. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг энэ талаар хэлэхдээ “Ардчилсан намынхан хам­тарсан Засгийн газраас гар­сан учир шатахууны үнэ өслөө гэж тайлбарлаж байсан Ардын на­мынхан сонгууль дөхөөд ирэхээр шатахууны үнийг бууруулж чаддаг л юм байна” гэж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ер нь бол талх, мах, шатахуун ч гэдэг юм уу инфляцид нөлөөлөх бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг Ардчилсан намын угшил­тай хүмүүс л эрхэлж байгаа шүү дээ. Ардчилсан намынхан л улс төр хийхийн тулд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдгийг хүмүүс надаар хэлүү­лэлтгүй мэдэж байгаа. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа энэ үед шатахууны үнэ буурах ёстой л гэж би бодож байгаа. Өнөөдөр им­портлогч компаниуд нэг их алдагдалд ороод байхааргүй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ шатахуун гэ­хээсээ махны үнийг буулгах асуудал өнөөдөр хурцаар та­вигдаж байна. Манай улс 45 орчим сая малтай атлаа гурав хүрэхгүй сая хүн амтай. Ийм  улс дэлхий дээрх хамгийн үнэтэй махыг хэрэглэж байна гэдэг бол эмгэнэл. Махны үнэ буурвал бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад буурах төлөв байдаг.

-Үүний тулд яах ёстой гэж?

-Хамгийн түрүүнд махны нийлүү­лэлтийг нэмэх ёстой. Өнөөдөр мал­чид 21 мянган төгрөг, оюутнууд 70 мянган төгрөг аваад наад захын хэрэгцээгээ хангачихаж байгаа учир малаа өндөр үнээр худалдаж байна шүү дээ. Тиймээс малчдын гар дээ­рээс мах худалдаж авах тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. 

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж