Эрүүл мэндийн даатгалын гажгийг засна

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын гажгийг засна

Монгол Улсын Ерөнхийлөгчйин дэргэдэх Иргэний танхимд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг явж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд уг төслийг санаачилжээ. Гишүүн С.Эрдэнэ уг хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

Иргэдийн авч байгаа эрүүл мэндийн үйлчилгээ нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн сан, улсын төсөв гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүждэг байна. Гэхдээ төр яг юуг нь хариуцдаг, даатгал ямар үйлчилгээг санхүүжүүлдэг, ямар байгууллага чанарын ямар төвшний үйлчилгээг үзүүлж байгаа нь тодорхой бус өнөөдрийг хүрчээ.

Гэтэл даатгуулагчид өвдсөн үедээ эмнэлгийн үйлчилгээ авахдаа хувиасаа төлбөр төлдөг. Энэ гажуудалтай байдлыг арилгахын тулд С.Эрдэнэ нарын гишүүд хуулийн төсөл санаачилжээ.

С.Эрдэнэ гишүүнийг УНДГ-ын дарга байхад Завханы эрүүл мэндийн төвд 300 сая төгрөг өг гэсэн шийдвэр иржээ. Даатгуулагчдын мөнгийг тэгж цацаж болохгүй гэсэн ч тухайн үеийн Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар мөнгийг өг гэсэн шийдвэр гарч байсныг хэлэв. Ингэж Эрүүл мэндийн даатгалын сан Төрийн сантай ижилхэн ажилладаг гэлээ.

Одоо “Эрүүл хүүхэд” хөтөлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө зарцуулж байгааг С.Эрдэнэ гишүүн буруу гэж үзлээ. Улсын төсвөөс, төрөөс  гарах ёстой мөнгийг иргэдийн өөрсдийнхөө эрүүл мэндэд зориулах ёстой мөнгөнөөс гаргаж байгаа нь эрүүл мэндийн даатгалын гажигтай холботой гэж гишүүн үзэж байв.

Иргэн эрүүл мэндийнхөө төлөө даатгуулсан мөнгийг төр булааж аваад Засгийн газрын ажилд зарцуулж байгаа нь төрийн сангаас, төсвөөс гарах мөнгийг иргэдийн эрүүл мэндийн даатгалаас гаргаж байгаа туйлын буруу тогтолцоо гэж С.Эрдэнэ гишүүн хэлэв. Эрүүл мэндийн даатгалын сан эрүүл бус байгаагийн тод жишээ энэ бөгөөд удахгүй энэ сан эрсдэлд хүрч болзошгүйг ч үгүйсгэсэнгүй.

Иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас жилд нэг сая 112 мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй гэдгээ бараг мэддэггүй аж. Иргэд даатгалын мөнгөө хянах эрхтэй гэдгийг мэддэггүйг далимдуулж төр тэр мөнгөөр нь “гараа угааж” иргэд хохирч буйг хуульд шинэчлэлт хийснээр засахаар болжээ.

Иргэд мөн эмчлүүлэх эмнэлэг, эмчээ сонгох эрхтэй. Ингэснээр сайн эмч нар эрэлт ихтэй, тэр хэрээрээ мөнгө сайн авдаг байх ёстой. Тиймгүйгээс мэргэжилдээ сайн эмч нар хэдэн сарын чөлөө авч БНСУ, Тайланд зэрэг оронд ажилладаг байна. Эрхтэн шилжүүлэх, үе, тойг солих өндөр үнэтэй мэс ажилбаруудыг монгол эмч нар гадаад орнуудад гүйцэтгэдэг болжээ. Монголд үнэлгээ нь сайн бол иргэд чирэгдэхгүйгээр нутагтаа мэс засал хийлгэх бүрэн бололцоотой аж.

Хэлэлцүүлэгт оролцсон Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар ард иргэд эмчилгээнээс болж хөрөнгөө барж ядууралд ордоггүй байх, эмч нар хийсэн ажлынхаа үр дүнгээр цалинждаг байх, Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь агентлаг болгож иргэд даатгалын мөнгөө хянадаг байх  хэрэгтэйг хэлж байсан юм.

Удахгүй уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьж ойрын үед хэлэлцүүлэх шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцогсод хэлцгээж байв.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж