Улсын драмын эрдмийн театрын тайзнаа маргаашнаас эхлэн ердөө гуравхан удаа Оросын алдарт зохиолч Александр Гельманы зохиол “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох гэж байна. Тус жүжгийг Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Н.Наранбаатар найруулан өнгөрсөн гуравдугаар сард тайзнаа тавьсан бөгөөд гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тогложээ. Хоёр хүний драм гэдгээрээ онцлог эл жүжигт өнөөгийн нийгэмд тулгамдаад буй хүний сайхан сэтгэл, хүн хүндээ хандах хандлагагыг илүүтэй харуулсан билээ. Мөн эр хүний ноён нуруун дээр амьдрал тогтдог ч эмэгтэй хүний тэсвэр, тэвчээр гэдэг агуу зүйл хайр дурлалыг хэрхэн цэцэглүүлдгийг хоёр цагийн турш үргэлжлэх энхүү жүжгээс ирж тольдоорой. Уг жүжгийн тайзнаа амилуулахад соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сан ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм. Харин жүжгийн дууг “Universe Best Songs-2009” наадмын ялагч, дуучин Ч.Цэлмүүн дуулжээ.
“Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжгийг энэ сарын 10, 11, 12-нд 19.00 цагаас тоглоно. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөг бөгөөд драмын театрын кассаар борлуулж байгаа юм.
Г.Даша