Ховдыг үйлдвэрлэлийн хот болгоно | News.MN

Ховдыг үйлдвэрлэлийн хот болгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Ховдыг үйлдвэрлэлийн хот болгоно

“Ховдод
22 жилийн өмнө багш, оюутнууд ардчилсан хувьсгалын төлөө жагсаж, тэр нь
өнөөдрийн Монголын олонх болсон. Харин өнөөдөр Ховдын иргэдийн 60 хувь
нь дундаж орлоготой болж, тэр нь Монголын нийт иргэдийн олонх болно
гэдэгт итгэлтэй байна. Энэ бол  засгийн хувьсгалын үр дүн байх болно”
гэж Ховд аймагт Эдийн засгийн хувьсгал хэлэлцүүлэг болоход УИХ-ын гишүүн
Х.Тэмүүжин хэллээ.

Ардчилсан нам “Монгол хүн 2020”-оороо
иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож, тайлан гаргасан бөгөөд түүндээ
үндэслэн аймаг бүрийн иргэдийн өмнө тулгамдсан асуудалд бодлогын шийдэлд
хүрэхээр Эдийн засгийн хувьсгал хэлэлцүүлгээ хийж байгаа юм. Энэ
амралтын өдрүүдэд уг хэлэлцүүлэг Ховд хотод болж, Ховдыг хэрхэн
хөгжүүлэх шийдэл хувилбар дэвшүүлж ярилцав.

Ховдынхон өөрсдөө
хөгжлийн асуудлаа хөндсөн энэ арга хэмжээнд төвөөс АН-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо. АН-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдрийн Монголыг аймаг
аймгаар нь бүсчилсэн хөгжил гэсэн хоосон нэртэй амьдралд нийцэхгүй
төлөвлөлтөөр бус, эдийн засгийн бүсчлэлээр нь хөгжүүлэх шаардлагатай
байгааг илэрхийлэв. Тэр дундаа баруун бүсийн хувьд Увс, Ховд Баян-Өлгий
аймаг нэг бүс болж, 500 км радиуст эдийн засгийн орон зайгаа бий болгож
хөгжүүлбэл МАА, уул уурхайгаасаа орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг
дурдлаа.

Харин Ховд аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж дундаж
орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлэх талаар хөндөв. АНУ
зэрэг дэлхийн хөгжилтэй орнууд ад нийгмийн ихэнхийг эзэлж буй дундаж
орлоготой иргэд нь тохилог байртай, машинтай, зарлагаасаа давсан
орлоготой, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх бололцоотой байдаг бол
Монголд ийм хэмжээний дундаж орлоготой иргэд байхгүй. Монголын хүн амын
80 гаруй хувийг эзэлж буй дундаж орлоготой иргэдэд 300 орчим мянган
төгрөгийн орлоготой хүмүүс орж байгаа. Өөрөөр хэлбэл ихэнхийг нь ядуу
иргэд эзэлж байна. Энэ нь нийгмийн баялаг дарга нарт ойр хүмүүст
хуваарилагдаж, баян хоосны ялгаа хэт ихэссэнтэй холбоотой. Тиймээс
дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэхийн тулд иргэдээ тогтвортой
орлоготой, ажлын байртай, бизнес эрхлэх таатай орчинтой болгох ёстой.
Төрийн албыг нийтийн алба болгож өөрчлөх шаардлагатай гэнэ.

Жаргалант
сумын АН-ын дарга Д.Нямлхагва Ховд аймгийн төвийг Жаргалант сум гэж
жижгэрүүлж байж баруун бүсийн тулгуур төв болгож чадахгүй, харин хот
болгож хөгжүүлэх ёстой  гэж ярив. Гэхдээ хот гэхээр том барилга
байшингууд барих биш, гол нь хүний төлөө төлөвлөлтийг хийж, хүн бүхэн
эрүүл аюулгүй орчинд амар тайван, эрх чөлөөтэй, эрүүл боловсролын
үйлчилгээгээ төвөггүй авдаг байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд
ус, дулааныг нь гэр хороололд хүргэж өгөх замаар утааны асуудлыг
иргэдийн өөрсдийнх нь оролцоотой хөгжүүлж болох тухай сонирхолтой санааг
хөндөж байлаа.

Мөн Ховд аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга
Д.Цэвээнравдан Ховдод хөгжүүлж болох үйлдвэрлэл, аж ахуйн талаар хөндөж
байлаа. Нэгдүгээрт Ховдынхон ажилч хөдөлмөрч хүмүүс, хоёрдугаарт
бэлээхэн боломжууд олон бий гэнэ. Өнөөдөр Ховдынхон ажилгүйдэл,
ядуурлаараа Монголдоо тэргүүлж, үйлдвэржилтээрээ сүүл мушгиж байгаа ч
гэсэн төр засгийн бодлого хүндээ чиглэвэл орлогынхоо ихэнхийг урд хөрш
рүү гаргахаа болино. Учир нь газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн
боловсруулах үйдвэр, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр,
барилгын материал, тэр дундаа цементийн үйлдвэр барьж байгуулвал асар
олон хүнийг ажлын байртай болгоод зогсохгүй хөгжлийн том эх үүсвэр аж.
Түүнчлэн байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг зохистой ашиглах, аялал
жуулчлал хөгжүүлэх, усны эрчим хүчийг ашиглах, инновацид суурилсан эдийн
засгийг бий хөгжүүлэх боломжийг жишээ баримтаар тайлбарласан юм.

Ийн
тэд Ховдыг үйлдвэрлэлийн хот болгож хөгжүүлбэл дундаж орлоготой иргэд
нэмэгдүүлнэ гэж үзэн Ардчилсан намын бодлогыг энэ чиглэлд төвлөрүүлэхээр
ярилцав.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж