Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Сэтгэлд заримдаа сэргээш хэрэгтэй болсон үед би “Гаранада”-г сонсох дуртай. Амьдралын нэгэн хэвийн хэмнэлийг арай нэг өөрчилмөөр санагдсан үед сэтгэл зүрхэнд далавч ургуулан сэргэлэн болжмор шиг хөгжилтэй дүүлэн жиргүүлдэг шидэт саваануудын маань нэг. Гар утсан дээр минь алдарт хийлч Андре Рюгийн найрал хөгжимтэйгээ тоглосон “Гранада” байнга надтай салахгүй хамт байдаг. Харин би өнгөрсөн баасан гаригт цоо шинэхэн “Гранада”-г сонсож, өндрөөс өндөрт цойлов. Морин хуураар энэ дуу амилна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Ямар гайхамшигт мэдрэмж байсан гэж санана аа. Дуурийн театрын залуухан тенор Г. Шижирболд, Хуурын чуулгатай “Гранада”-г  дуулав. Браво.

Мэдээж суут Верди “Трубадур”-аа бичиж суухдаа хэзээ нэгэн өдөр өөрийнх нь энэ нэрийн хуудас тал нутгийн нүүдэлчний соёлын билгэ тэмдэг болсон хоёр чавхдаст, морин толгойт хуураар эгшиглэнэ хэмээн төсөөлөө ч үгүй байж таараа. Гэтэл зөвхөн монгол үндэстэнд байдаг морин хуураар дэлхийн урлагийн дээд оргил болсон, хүн төрөлхтний суу билгийн бахархал болсон дууриудыг хөгжимдөн амилуулав. Бизегийн “Кармен” бидний үндэсний хөгжмөөр агуу аялгуугаа гайхуулав. Энэ гайхамшигт сонгодгуудыг морин хуурын чавхдаст зохируулан найруулж, өөрөө удирдан тоглуулсан Д.Түвшинсайханд баярлалаа.

Морин хуур Монголынх гэдгийг дэлхий мэднэ. Харин Монголын хуур дэлхийн сонгодгийг ингэж тоглож болдгийг тэгтлээ мэдэхгүй. Хэрвээ Глинкийн наадамд дэлхийн дуучидтай өрсөлдөн түрүүлсэн залуухан баритон Г.Ариунбаатар Венийн театрын алтан тайзан дээр Морин хуурын чуулгатай “Севилийн үсчин”-ий Фигарогийн аригаа яг энэ тоглолтон дээр дуулсан шигээ дуулбал сонгодог хөгжмөөр сэтгэлээ баясгаж сурсан мэргэшсэн үзэгчид алмайран гайхаж, алгаа хорстол ташиж, ахиад ийм тоглолт үзэхийн төлөө талын Монгол руу нисээд очсон ч бэлэн байгаагаа хэлэх байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд лав Монголд минь дурлаж таарна.

ДБЭТ-ын гоцлооч УГЖ С.Мөнгөнцэцэг, гоцлооч Ө.Уянга, Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Р,Доржхорлоо, Ч.Энхтайван, Ж.Бямбажав, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин УГЖ Г.Ариунбаатар нар Морин хуурын чуулгын “Morin khuur  and Grand Opera” тоглолтын сонгодог аринуудыг дуулав. Бүхэл театрын тенор хоолойтны үүргийг зөвхөн ганцхан дуучин нуруун дээрээ үүрдэг байсан үе өнөөдөр түүх болон хоцорчээ. Дуурийн урлагийн ноён оргил “Аида”-г дөрвөн орой тоглоход дөрвөн өөр бүрэлдэхүүнтэй гоцлоочдын баг гол дүрүүдийг нь амилуулан, хэн нь хэн бэ гэдгээ харуулах цэвэр мэргэжлийн сайхан өрсөлдөөнөөр хөглөгддөг болж. Энэ бол яах аргагүй Монголын сонгодог урлагт ирсэн асар том ололт бөгөөд баялаг билээ. Монголын дуурийн урлагт шижигнэсэн шинэ үе гэрэлтэн ирсэн байна.

Монголын дуурийн дуучид Чайковский, Глинкийн зэрэг А зэрэглэлийн тэмцээнүүдэд тэргүүн байруудыг нь эзэлж, дэлхийн чихийг дэлдийлгэх болсон. Яагаад ийм “амьд”, сэтгэлтэй, дотортой дуулдгийг нь гадныхан гайхдаг. Тэгвэл одоо яаж хуурын чавхдсаар сонгодог аялгуу ийм гайхалтай эгшиглэж байгааг гайхах цаг иржээ. Монгол үндэсний сонгодог хөгжим дэлхийн сонгодогтой хэрхэн уусан нэгдэж, уянгалан дүүлж байгааг дэлхийн хүмүүс гайхан бишрэх цаг иржээ. Өөрсдийгөө тунхаглан зарлах, бардамхан танилцуулах ийм хос жигүүртэйдээ бид толгой өндөр явах учиртай. Шотландын бишгүүр, Африкийн бөмбөр, Хятадын пийпаа, Оросын мандалин дэлхийн сонгодгийг ийм гайхамшигтай амилуулж чадахгүй л болов уу. Тэгэхээр бид үнэхээр өөрсдийн үндэсний агуу сонгодогтой улс юм.

Уулыг ч эргүүлэх идэр залуусын авьяас, чадлаар урласан ийм хос жигүүр дэлхийг тойрон улсаа гайхуулан дүүлэн нисэх болтугай. Хөрсөн доорх алт, зэснээс минь ч илүү хэний ч өмнө нүүр бардам улсаа сурталчлах ийм хосгүй эрдэнэс улам ч өнгөлөг гялалзан, дэлхий даяар нүд гялбуулан гэрэлтэх болтугай.

Б.ЦАЦРАЛ
ArtLar House

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж