Жазз хөгжим эгшиглэх үдэш | News.MN

Жазз хөгжим эгшиглэх үдэш

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Жазз хөгжим эгшиглэх үдэш

Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 13-ны 19.00 цагт болох “Strangers In The Night" жааз тоглолтоо хийхээр бэлтгэлээ хийж буй дуучин Н.Наранбаатартай уулзлаа.
-Жазз гэсэн тодотголтой уран бүтээлчдийг нэгтгэсэн томоохон бүрэлдэхүүнтэй тоглолт болох гэж байна. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?

-Бэлтгэл хийхэд хүндрэлтэй асуудлууд их гарч ирж байлаа. Олон газрын хүмүүсийг цуглуулж, нэг дор бэлтгэлд хийнэ гэдэг амаргүй юм байна, наанадаж л цаг завыг нь тохируулах гээд л. Гэхдээ тэр бүхнийг зохицуулаад тоглолтын бэлтгэлээ хийгээд явж байна. Ерөнхийдөө бэлтгэл хангагдсан. Өмнө нь манайд гадаад, дотоодын жазз хамтлаг, дуучдын тоглолт удаа дараа болж байсан шүү дээ. Энэ тоглолтын хувьд классик жазз, классик поп чиглэлээр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байх юм. Тоглолтод маань 30-аад хүн оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан Frank Sinatra, Michael Bublе, Elvis Presley болон Монголын нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн “Дурлал хайрыг минь дамжуулаарай”, “Би чамд хайртай” зэрэг бүтээлүүдээс дуулна. Хүн бүхний сэтгэл зүрхэнд шингэсэн сайхан дуунууд тэр үдэш эгшиглэх учраас маш сонирхолтой тоглолт болно гэж итгэж байгаа.

-Анхны тоглолтоо хийхдээ яагаад заавал жазз хөгжмийг сонгох болов?

-Жааз хөгжмийг урлагийн хүн бүхэн сонирхдог. Жазз бол ямар ч зүйлд баригдахгүй эрх чөлөөтэй, дуулъя гэсэн дотоод мэдрэмжийг тэр чигээр нь гаргаж ирдэг тийм л хөгжим. Би классик жазз дуучин болохыг мөрөөддөг. Тэр ч утгаараа анхны тоглолтоо дэлхийн алдарт, домог болсон хүмүүсийн дуу сонгож, Монголын үзэгчид, сонсогчдын хүртээл болсон гоё жазз дуунуудыг дуулъя гэж бодож байгаа.

-Тоглолтын онцлог?

-“Баянмонгол” чуулгынхантай ярилцсаны үндсэн дээр Монголд ийм бүрэлдэхүүнтэй хөгжим ингэж дуугарч болдог юм шүү гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг зорьсон. Ямар ч гэсэн эхний ээлжинд тоглолтоо халуун дулаан уур амьсгал дунд, ирж үзээгүй нь харамсахаар тийм тоглолт хийхийг хүсч байна. Монголын урлаг соёлын томоохон төлөөлөгчид бүгд урилгаар ирж үзнэ. Энэ удаагийн тоглолт маань амжилттай болоод үзэгчдийн таашаалд нийцвэл цаашид хийх илүү олон зүйлийн эхлэл тавигдана. Миний хувьд энэ чиглэлээрээ мюзикл тоглох мөрөөдөлтэй. Мөрөөдлөө биелүүлэх эхний шатаа тавьж байна.

-Яагаад Тусгаар тогтнолын ордонд тоглох болов?

-Тусгаар тогтнолын ордныг сонгох болсон шалтгаан нь тэнд шинэлэг, тухтай, хамгийн гол нь бидний тоглох классик жазз хөгжмийн урсгалтай зохицсон орчинтой.

-Тоглолтод эмэгтэй дуучид олон оролцоно гэж байсан. Хамтран дуулах уу, эсвэл тэд сюрприз барих уу?

-Тоглолтод жазз дуучин Д.Хулан мөн өсч яваа, ирээдүйтэй жазз дуучин Б.Солонго, “Киви” хамтлагийн Ука, “Nature sound”-ын төгсөгч Номин франц дуугаар оролцоно. “Киви”-гийн Ука бид хоёр хүн болгоны дуртай маш сайхан дууг хамтарч дуулна. Ямар дуу гэдгийг тоглолтын сюрприз болгон үлдээе.

-Өөрөө “Hot spot” хамтлагаас гадна “Jazz big band” хамтлагийн гоцлол дуучнаар ажилладаг гэл үү?

-Яг ч тэгж хэлж болохгүй. Тэр бол албан ёсных биш л дээ. Олон талаас нэгдсэн уран бүтээлчид энэхүү хамтлагийг бүрдүүлж байгаа. Энэ тоглолтод зориулж намайг тэр хамтлагийн дуучин гэсэн мэдээлэл цацагдсан байсан. Энэ хамтлагийг хэдэн сарын өмнөөс л бүрдүүлж тоглолтоо хийх гэж байна.

-Цаашид хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар жазз урсгалаар соло уран бүтээл хийх үү?

-Тоглолтынхоо дараа хамтлагийнхаа ажилд шаргуу орно. Манай хамтлагийн анхны цомог хэвлэлтээс ирсэн байгаа. Тоглолтын үеэр хамтлагийнхаа цомгийг худалдаалах төлөвлөгөөтэй байгаа. Цаашид шинэ цомгийнхоо дуунуудыг клипжүүлж, цомгийн танилцуулгаа хийх гээд төлөвлөсөн ажил их бий. Мөн манай хамтлаг хоёр дахь цомгийнхоо ажилд орчихсон байгаа. Соло уран бүтээлийн тухайд яваандаа хийнэ гэж бодож байгаа.

-Анхны цомгоо танилцуулаач?

-“Hot spot” хамтлагийн “Retro pop” нэртэй анхны ретро поп стилийн цомог мэндэллээ. “Ариунаа”, “Sexy чи минь”, “Sorry” зэрэг арван дуутай. Цомгийг маань сонссон хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байгаа. Манай анхны цомгийн дуунуудыг хамтлагийн маань продюсер Б.Наранзун зохиосон. Гоё цомог болсон. Цомогт багтсан дуунууд маш сонирхолтой өгүүлэмжтэй, романтизм үнэртсэн бүтээлүүд бий. Сүүлийн үед гарч байгаа уран бүтээлүүд нийтлэг, нэг хэвийн болсон шиг санагддаг. Бид тэднээс ялгарахыг хичээсэн.

-Цомгийн баяраа хэзээ хийх вэ?

-Хараахан товлоогүй байна. Энэ тоглолтын дараа хэвлэлийн бага хурал хийж, цомгоо албан ёсоор танилцуулна.

-Хоёр дахь цомгийн ажилдаа орсон гэсэн шүү дээ?

-Манай хамтлагийн хоёр дахь цомогт бидний өмнө нь гаргасан “Эрчүүд” гээд дуу багтсан мөн эмээгийн тухай нэг дуу бий, нийтдээ 6-7 дуутай байх болов уу гэж төлөвлөөд байгаа.  Энэ цомогт симфони оркестртой сонгодог бөгөөд ард түмэнд ойрхон дуунууд багтаана.

-“Hot spot” хамтлаг цаашид ямар урсгалаар уран бүтээлээ туурвих вэ?

-Ер нь манай хамтлаг урсгал жанрт баригдахгүй гэж бодож байгаа. Анхны цомгоо ретро поп урсгалаар хийлээ. Хоёр дахь цомгоо симфони оркестртой классик маягаар хийх бол дараагийнх нь ямар байхыг таашгүй. Бид рок н ролл, жазз эсвэл бүүр техно транс, dance стилиэр дуулж магадгүй. Манай продюсер бүгдийг боловсруулаад явж байгаа даа.

-Хамтлагийн уран бүтээлийн хувьд дундаа завсарлага ихтэй байлаа шүү дээ?

-Тийм ээ, хоёр дуу, хоёр клип хийгээд хэсэг хугацаанд шинэ урэн бүтээл цацаагүй. Ямар ч байсан анхны цомог маань ирчихлээ, одоо идэвхжүүлэх ажилдаа орно.

Дашрамд дуулгахад, “Strangers In The Night" жазз концертын тасалбар "HI-FI" рекордсын бүх салбаруудаар болон "Тусгаар Тогтнолын Ордон"-д 25 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж буй.

 Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж