Дархан хот “Загвар хот” болно

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Дархан хот “Загвар хот” болно

Дархан хотыг “Загвар хот” болгох хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 32 тоот захирамжаар байгуулжээ. Монгол Улсын их бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилт, Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн 2021 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн цогц бодлоготой уялдуулан “Монгол Улсын Загвар хотын хөгжлийн хөтөлбөр”-ийг Монгол Улсын шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг уг хөтөлбөрийг  боловсруулах ажилдаа орсон тухай, ажлын хэсгийн гишүүн, аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг хүлээн авч уулзахдаа мэдэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 4-нд болсон Засгийн газрын хуралдаанаар “Загвар хот”-ын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад шаардагдах 100 сая төгрөгийг Ерөнхий сайдын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Дээрх хөрөнгийг үйлдвэрлэл хөгжүүлэх, замын сүлжээ, дэд бүтцийн  хангамжийн судалгаа, Дархан хотын хөгжлийн хөтөлбөр боловсруулах зэрэгт зарцуулахаар болжээ. Энэ хөтөлбөрийг боловсруулахтай холбогдуулж аймгийн ЗДТГ-аас эрхлэн олон нийтийн саналыг авахын тулд иргэний танхим, 70373694 гэсэн нээлттэй утсыг ажиллуулж, сум, баг бүрт хуудас тараан, иргэдийн саналыг авах ажлыг аль болох өргөн хүрээнд зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Ерөнхий сайдын захирамжид зааснаар уг хөтөлбөрийг гурван сарын хугацаанд  боловсруулж, зургадугаар сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

Э.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж