Усны асуудлаар чуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Усны асуудлаар чуулав

Газрын доорхи усны талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж байгалийн энэхүү амин чухал нөөцийг зөв зохистойгоор удирдахын  ач холбогдлыг сурталчлах зорилгоор Усны хэрэг эрхлэх  газрын болон Дэлхийн Банк хамтран Өмнөговь аймагт семинар зохион байгуулав.

Нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулсан энэхүү семинарийг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч удирдан явуулсан бөгөөд хэлэлцэх асуудлын төвд Өмнийн Говийн бүсэд өрнөх урт хугацаат уул уурхайн олборлолт боловсруулалтын үйл ажиллагаа нутгийн ард иргэдийн усны хэрэглээнд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг багасгах стратеги бодлогын асуудал орж байлаа. Өмнөговь аймгийн оршин суугчдын хэрэглээний эх үүсвэр нь газар доорх ус байдаг.

Газрын доорхи усны асуудлаарх олон улсын төвшний мэргэжилтэн, Дэлхийн Банкны  газрын доорхи усны менежментийн зөвлөх багийн гишүүн Ноён  Алберт Туинхоф үг хэлж газрын доорхи ус ширгэшгүй тул түүнийг зохицуулах шаардлагагүй гэсэн нийтлэг ташаа ойлголт, түүнээс үүдэж болзошгүй аюулт үр дагаврын талаар тайлбарлан ярив.

 “Газрын доорхи усны нэгдсэн удирдлага зохистой байдлаар хэрэгжээгүй тохиолдолд газрын доорхи усыг буруугаар ашиглах, улмаар шавхах магадлал өндөр. Одоо байгаа мэдээлэл дээр суурилан тооцоолол хийвээс Өмнийн Говийн  газрын доорхи усны нөөц нь хэд хэдэн томоохон хэмжээний уул уурхайн цогцолбор болон нутгийн  ард иргэдийн усны хэрэгцээг 15-20 жилд хангах боломжтой боловч зохисгүйгээр хэрэглэсэн  тохиолдолд  уг хугацаа хавьгүй наашлах  магадлалтай” гэж Ноён Туинхоф хэлэв.

 газрын доорхи усны удирдлагыг сайжруулах, үүнд газрын доорхи усны удирдлагын төв байгуулах боломжийн талаар санал дэвшүүлж хэлэлцсэн юм.  Одоогийн байдлаар, тус бүс нутгийн газрын доорхи усны байршил, түүний чанар болон хэмжээний талаарх зөрүүтэй мэдээлэл сонирхогч талуудын дунд тархсан байдалтай байна.

Дэлхийн Банкны Улаанбаатар дахь Суурин төлөөлөлгчийн газрын Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жим Райхерт онцолж хэлэхдээ газрын доорхи усны удирдлагыг сайжруулах стратеги бодлого, төлөвлөгөөг боловсруулахдаа нийт оролцогч талуудын, ялангуяа орон нутгийн засаг захиргааны санал бодлыг тусгаж байхын чухлыг тэмдэглэв. Чадавхийг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдах асуудлуудын нэг билээ.

“Энэ асуудалд хандах үр дүнтэй бөгөөд тогтвортой арга механизмыг хэвшүүлэхэд  орон нутагт ажиллаж буй ус судлаачид, барилгын инженерүүд, уул уурхайн компаниудын ажилтнууд болон усны асуудал хариуцсан  төрийн байгууллагуудын хооронд идэвхитэй харилцаа холбоо, мэдээллийн чанарлаг солилцоо бий болгох нь  асар чухал юм” гэж Н-н  Райхерт  онцлон тэмдэглэв.

Орон нутгаас оролцсон Ноён Төмөртогоо хэлэхдээ усны менежментийн чиглэлээр 31 жилийн турш ажиллаж байгаа түүний хувьд газрын доорхи усны асуудлыг Даланзадгад хотод нээлттэй байдлаар хэлэлцүүлж байгаа анхны тохиолдол боллоо гэж тэмдэглэж байв гэж Дэлхийн банкнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж