Серена оны анхны цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Серена оны анхны цомоо хүртлээ

1973 оноос эхтэй “Family Circle Cup” тэмцээн АНУ-ын Чарльстон хотноо боллоо. Олон улсын мэргэжлийн эмэгтэй теннисчдийн (WTA) чансаа өндөртэй тэмцээнд зүй ёсоор багтаж буй тус тэмцээнд дэлхийн топ 10 тамирчний дөрөв нь хүрэлцэн ирсэн билээ. Шигшээд тус тэмцээний 2008 оны аварга АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс болон 1/8-д ОХУ-ын нэрт теннисчин Вера Звонареваг буулгаж авсан Чехийн Люси Сафаров нар шалгараад байв.

Серена Уильямс Сафароваг шигшээ тоглолтод 6:0, 6:1-ээр буулган авч энэ жилийн анхны тэмцээний цомоо өргөлөө. Тэрбээр энэхүү тэмцээнд түрүүлснээр 115 мянган ам.доллар хүртэж, чансааны 470 оноо хүртсэн. “Их дуулга”-ын 12 түрүүт Серена оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээнд дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын теннисчин Макаровад ялагдаж байсанаас хойш тэмцээнд оролцоогүй байсан бөгөөд өнгөрсөн сараас эхлэн “Sony Ericsson Open” болон “Family Circle Cup” тэмцээнүүдэд оролцлоо.

Тус тэмцээний есөд эрэмбэлэгдэн тоглож шигшээд шалгарсан Сафаров 59 мянган ам.доллар хүртэж, чансааны 320 оноо хүртлээ. Сафарова ганцаарчилсан төрлийн шигшээд шалгараад зогсоогүй хосын төрөлд ОХУ-ын теннисчин Анастaсия Павлюченкаватай хослон тоглож түрүүлсэн байна.

Чехийн Сафаровийн хувьд өнгөрсөн сард “Дубайн нээлттэй тэмцээн” болон “BNP Parisbas Open” тэмцээнд амжилттай оролцож шигшээд наймд шалгарч байгаа бөгөөд дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж байна.

Харин оны хоёр дахь “Их дуулга” болох “Роллан Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээн ирэх сарын 28-нд эхлэх бөгөөд үүний өмнө ATP болон WTA мастеруудын ангилалд багтах Мадрид болон Ромын нээлттэй тэмцээнүүд болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж