Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэх нь сөрөх, эсэргүүцэхийн нэр биш ээ. Гэхдээ Ардчилсан нам 2008 онд ард түмэн сөрөг хүчний байгаад төрийн ажлыг олигтойхон явахад түшиг тулгуур болоодох гээд сонгосон. Ард түмэн сонголтоороо Ардчилсан намд ерөөсөө ганцхан энэ л даалгаварыг өгсөн хэрэг. Гэтэл тэд ахиад сонгуульд оролцохгүй юм шиг, алгаа тосоод ирэхгүй юм шиг сайдын суудалд шүлсээ гоожуулан дурлаж, садан төрлийн ч холбоогүй өрсөлдөгчийнхөө өвөрт гүйгээд орчихсон нь гурван жил гаруйн өмнөх явдал.

Бүр сайдын суудлаас гадна парламентын дэд даргын, Байнгын хороодын, нийслэлийн орлогч гээд л суудал бүрээс зууралдан хуваалцаж, ёстой л насаараа сонгогдчихсон эргэж санал гуйхгүй мэт увайгүй авирлацгаасан. Айлын дэггүй хүүхэд хүн ирснээр далимдуулан зочны хойгуур урдуур гүйн үймүүлж эцэг эхийнхээ үйлийг үздэг шиг Ардчилсан нам дөрвөн жилийн настай сонгогдсоноо умартан дөрвөн үеэрээ сонгогдчихсон мэт эрээ цээргүй авирлан түмний дургүйцлийг төрүүлж байлаа. Гэхдээ түмэн олон тухайн үед нь дургүйцээд, бухимдахаас өөрөөр яаж ч чадахгүй байлаа. Тухайн үед сонгоод явуулсан даалгавар биелүүлэхгүй хүний өвөрт шургалсан тэднийг эргүүлэн татах тухай ч иргэний нийгмийнхэн ярьж, санаачилж, жагсаж байв.

Чухам Ардчилсан намын бүлгийн энэ хэдэн гишүүдийн тэр л авираас болоод өнөөдөр захын нэгэн парламентад сонгосон ч тухайн хүн даалгавар биелүүлэхгүй бол эргэн татдаг хуультай болъё гэж ярьдаг болчихоод байгаа. Их ажлыг амжуулан элгэн садныхаа төлөө зүтгэхийн тулд аргагүйн эрхэнд мөнхийн өрсөлдөгчийнхөө өвөрт шургаллаа хэмээн 2008 оны сонгуулийн дараа Засгийн газар бүрдэх үеэр Ардчилсан намын удирдлагууд, парламентын гишүүд нь улах нь холгүй хэлж байлаа. Их ажлыг амжуулах гэдэг үгийг тухайн үед ард түмнийхээ төлөө гэсэн чигтэй гэж бид ойлгосон. Гэтэл тэр их ажлыг амжуулах гэдэг үг нь Х.Баттулга сайд асаны өнөөгийн байдлаас харахад яг ямар утгаараа явчихсан юм бол доо гэж эргэлзэхэд хүргээд байна. Х.Баттулга сайдаасаа буухдаа ажил хийх гэхээр МАН дарангуйлаад ерөөсөө урагш ахиулахгүй байлаа гэсэн сүржин мэдэгдэл хийсэн. Харин Х.Баттулга сайдын талаар гарч байгаа бүхнийг харахад ажил хийхгүй, МАН саад болоод байсан бус харин мань хашир ахиухан ажил аминдаа ашигтайгаар амжуулаад авчихсан юм биш үү гэх бодол төрөөд байна.

Үнэхээр гар хөл нь хүлээтэй байсан бол тэр үндэсний хэмжээний томоохон төслүүд дээр нууцаар бие хамгаалагч, зөвлөхөөрөө мутрын үсэг зуруулсан шигээ тарвалзах байсан гэж үү. Эсвэл тэр бүхэн нь дэндүү чамлалттай санагдаад адийн хүсэл нь байж суухын аргагүй хатгаад байна уу.

За тэгээд, Ц.Нямдоржтой хэрэлдэж байгаа болохоор л ганцхан Х.Баттулгын сайд байхдаа амжуулсан бүхэн дэлгэгдээд байгаа хэрэг. Цааш нь томруулдаг шил гаргаад хөөгөөд эхэлвэл юу эс гарах бол. Иргэний цахим үнэмлэх хийх ажлыг “Бодь” группд Н.Алтанхуяг тендергүйгээр өгчихсөн гэх мэтээр ар араасаа цуврах шинжтэй юм билээ. Ингэхээр Ардчилсан намынхны хамтарсан засагт ороод ард түмэнд амласнаар бол бодлого ярьж бүхнийг амжуулах байсан ч цаад санаа нь амин хувиа л болгох гэсэн бойтогхон санаа байж.

Засагт 3,4 жил ханилсныхаа дараа год үсрээд гарчихсан Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр бүхнийг бойкотолж л байвал олон нийтэд таалагдана гэсэн бодлого барьчихаад байна. Тэдэнд ард нь гарах үр дагавар, тусгал огтоос хамаагүй. Гол нь эрх баригчдыг муулах, хийх гэсэн болгоныг нь бойкотлон зогсоох. Сүржигнэсэн мэдэглүүд гаргах гэх зэргээр сонгуулийнхаа пиарыг эхлүүлээд байгаа аж. Иймээс ч орон нутгийн сонгуулийг парламентынхаас салгах гэдэг дээр намрын чуулганы төгсгөлд тохироод байсан боловч эргэж ирээд хаврын чуулганы эхнээс гацааж орхилоо. Хэлсэн ярьсан, хийсэн болгонд нь итгэх аргагүй бусгах болсон тэд өнөөдөр сөрөг л байвал сайн санал авна гэдэг тактикаасаа өөрийг бодохгүй байна.

Парламентын сонгуулийг дангаар нь явуулахад л бөөн гомдол чирэгдэл гарч, шүүх цагдаа дээрээ тулсаар ирсэн. Зүгээр л энэ жишгээс нь харахад холимогтогтолцоогоор явах гэж байгаа энэ удаагийн сонгууль дээр орон нутгийнхнийг нэмбэл холион бантан болох нь тодорхой байгаа юм. Төр барих төлөөллөө сонгох ард түмэн наад зах нь нэр дэвшигчдээ судлах ёстой биз. Алд биенээс нь авахуулаад авхаалж самбааг нь хүртэл монголчууд шинжиж сонжиж байж сонголтоо нарийн хийдэг ард түмэн. Зөвхөн энэ бол өнгөн тал. Ийм байхад л хамаг сонгуулийг бөөндөн холион бантангийн эхийг хутгах гээд байгаа нь парламент дахь нөхдийн далд санааг ил гаргаад байгаа юм. Тэдэнд өөрсдөө ахин сонгогдох, гар хөлөө хөрөнгө багахан зараад нийслэл дүүрэг, аймаг сумаар чихэх явдал чухал. Өнөөдөр парламентад Ардчилсан нам, МАН-ын хооронд наймаалцсан байдлаар асуудал явдаг болоод байгааг гишүүд нь нуухгүй байгаа. Магадгүй энэ удаад ч тэд энэ хуулийг өөр нэгэн хуулиар юм уу тогтоолоор наймаалцах санаа агуулаад байж болох. Үгүй аваас сонгуулийг эцэс төгсгөлгүй будлианд автуулах хүсэл бийгээс гарцаагүй ээ. Харин энэ сүрхий бодлого нь сонгуулийг, монголчуудыг бойтоглоход л хүргэх нь дамжиггүй. Монголчууд эртнээс ажлаа тас хийтэл хийж яралзтал үр дүн гаргаж чадахгүй байхыг бойтоглох гэж нэрлэсээр ирсэн шүү дээ.

М.МӨНХЧИМЭГ

Зохиогчийн эрх: "Өдрийн шуудан" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж