Египетэд Тахрирын хувьсгалаас хойшхи ерөнхийлөгчийн анхны сонгуулийн нэр дэвшигчдийн бүртгэл дуусчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 23 хүн нэрээ дэвшүүлснээс хамгийн сүүлд бүртгүүлсэн нь тагнуулын газрын дарга асан Омар Сулейман гэнэ. Египетийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх тавдугаар сарын 23-нд эхэлнэ. Египетийн төрийн эрхэнд олон жил суусан ерөнхийлөгч Хосни Мубарак өнгөрсөн жил огцорсон билээ. Нэр дэвшигчдийн нэрсийг өнөөдөр зарлах боловч тэдний дийлэнх нь Мубаракийн дэглэмийн үед төрд алба хааж байсан албан тушаалтнууд, лалын шашинтнууд гэж сурвалжлагч нар бичиж байна. Египетийн Тагнуулын газрын дарга асан Омар Сулейман бүртгэлийн сүүлчийн өдөр, өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Түүнийг нэр дэвшүүлснийг Лалын ахан дүүс намаас нэр дэвшигчид хурцаар шүүмжилж байгаа гэнэ. Харин Египетийн “Лалын ахан дүүс”-ийн Эрх чөлөө, шударга ёсны нам тэргүүнээ ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлжээ.
Н.Энх