Төд удалгүй Ерөнхий сайд С.Батболд, Төв аймгаас сонгогдсон Н.Энхболд гишүүн, ХХААХҮЯ-ны төлөөлөгчид, Төв аймгийн хурлын дарга болон Аргалант сумын Засаг дарга нарын хамт ирцгээлээ. Ерөнхий сайд Монгол төрхөндөө орж дээл малгай өмсөн хөөрөг гарган тамхилж, гурилтай хоол идэнгээ гэрийн эзэнтэй энгүүн яриа өрнүүллээ. Дэд сайд Ж.Сауле ч мөн ялгаагүй дээл гутал өмсчээ. Тэрээр мал төллөлтийн сүүлийн үеийн мэдээллийг хэлж, “Энэ жил бараг 50 сая малтай болохоор байна. Цаг агаар сайхан өвөлжлөө. Урьд урьдаас илүү олон мал ихэрлэж байна. Ихэр төл нийт төллөлтийн долоон хувьд хүрч таван ихэр хурга ишигнүүд, гурван ихэр тугал хүртэл гарч байна” хэмээн ямар ч аялгагүй монголоор цэвэрхэн ярих юм. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг дээ. Мал нь өсөөд малчдын амьдрал сайжирвал аштай юу. Төр засгаас “Таван эрдэнэ” гэсэн малчдад зориулсан хөтөлбөр боловсруулж түүнийхээ мөрөөр олон ажил эхлүүлсэн. “Таван эрдэнэ” хөтөлбөр байнга анхаарлын төвд явдаг гэдгээ илэрхийлэх зорилгоор өнөөдөр танайхны мал төллөлтийн явцтай танилцаж байна гэж Ерөнхий сайд хэлэв.
Улаанбаатараас 80 км зайтай Төв аймгийн Аргалант сумын энэ орчим нэлээд онцгой бүс. Дөрвөн ч сумын зааг дамнан орших Хустайн нурууг Улсын дархан цаазат газар болгон дэлхийд устаад байсан тахь гэдэг амьтныг үржүүлж байгаа юм. Тахь ирсний буянаар энэ нуруунд байсан хэдэн буга болон тарвага, чоно давхар хамгаалагдан амь аврагдсан юм. Тахийн сүрэг ихэнх унагаа чононд бариулдаг ч аажим аажмаар тоо толгой нь өссөөр л байгаа сурагтай. Жил жилийн хавар үрээ байдаснууд нь ялгарч шинэ сүрэг бий болон өөр нутаг бэлчээр рүү шахагддаг гэсэн. Дархан цаазат газрыг тойруулаад хашаа бариагүй болохоор зэрлэг ан амьтан ба малчдын дунд түвэгтэй байдал үүссэн юм. Цаашид тахийн тоо толгой улам олширвол эргэн тойрон өвөлжиж хаварждаг малчдыг яах вэ гэсэн асуулт ч явдаг. Тахь нь тусдаа сэдэв. Тахины хажууд амьдарч буй Бямба-Очир нарын малчин айлууд өнөөдөр яригдаж буй “Таван эрдэнэ” хөтөлбөртэй их төстэй хэлбэрт аль хэдийнэ орсон юм. “Атар, Нөхөрлөл”-ийн эдгээр айлуудтай одоогоос хориод жилийн өмнөөс л дархан газрын захиргааныхан уулзаж элдэв нөхөрлөл хоршооллын хэлбэрт оруулах гэж янз бүрээр оролдсон байдаг. Энэ хавийн айлуудыг Хустайн нуруунаас нүүлгэн шилжүүлж хариуд нь тэдний амьдралыг дээшлүүлэх зорилгоор олон улсын байгаль хамгаалах хэд хэдэн төсөл орж ирж байсныг санаж байна. Тэр дагуу малчид хэд хэдээрээ бүлэг болцгоон нэгнийхээ малыг давхар харахын зэрэгцээ нөгөө зэрлэг ан амьтныг нь хулгайн анчдаас хамгаалалцах үүргийг хүлээдэг байсан. Гэхдээ энэ нь хүүхэд айл болж тоглож байгаа юм шиг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хандсан юм оёх, эсгий улавч хийж жуулчдад зарах төдийхөн аар саар ажлууд байлаа.
Одооны төрөөс баримталж буй бодлого нь харахад энгийн юм шиг атлаа бодлогын хувьд эрс өөрчлөгдөх нь. Мал сүрэг хэдийгээр хувийн өмч тул яах ийх нь малчны дурын асуудал. Гэхдээ төрөөс зарим нэг зүйл дээр нь дэмжээд өгвөл энэ салбар дээр бизнесийн том ашиг байгааг ойлгуулах гээд байна. Тэр нь мэдээж малчинд ашигтайгаас гадна бусад дотоодын үндэсний үйлдвэрүүдийг хөл дээр нь босгох замаар үндэсний аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлөх бодлого яваа. Айлууд садан төрлөөрөө ч юм уу санаа нийлсэн хэдтэйгээ албан ёсоор холбоотон болж бараа бараандаа амьдарна. Сургуульд ороогүй хэдэн нялх хүүхдийг эс тооцвол ихэнх малчны хот айл бүл муутай. Бүл муутай учраас тэр болгон сааль сүүгээ сааж хүчрэхээ байж тэр бүү хэл хониныхоо ноосыг гүйцэд хяргаж чадаагүй хаясан тохиолдол гарсан. Тэгэхээр бэлчээр усны боломж л гардаг юм бол хоршсон айлууд бусдынхаа малыг нийлүүлэн хариулах маягаар нэгэндээ ээлжээр зав гаргах амьдралын шаардлага бий. Бүр их зав гаргаж чадвал зарим нь хотод хэсэг амьдарч байгаад ирэх ч боломжтой юм билээ. Дараа нь малчинтай тун ойрхон байж байдаг төрөөс үүрэг даалгавар хүлээсэн бирж гэдэг байгууллага ажиллана. Тэд хөдөөгүүр доншуучлах ченж, гадаадын наймаачдын гар хөлнүүдтэй өрсөлдөн мах, ноос ноолуур авцгаана.
Ноосон дээр жишээ авъя. Ченжүүд хонины ноосыг салам “миалж” кг-г нь 300-хан төгрөгөөр авдаг байв. Гараа эцтэл хонь хяргаад 300 төгрөгөөр зарж байснаас тэр чигт нь орхичих нь хамаагүй амар байлаа. Ингээд хөдөөнөөс ноос орж ирэхээ больж, ноосоор хивс, эсгий хийх гэж байсан жижиг дунд үйлдвэрүүд дампуурч өрөнд баригдсан. Тэднээс татвар авна гэж саналтгүй болно. Баахан ажилгүйчүүдийн арми нэмэгдэж алтны уурхай руу “нинжа” болцгооно. Монгол Улсын хэмжээнд ийм байдал үүсэх тааламжтай юм биш.
Тэгэхээр аль нэг оновчтой салбарыг санхүүжүүлж хөрөнгө хаявал дараа нь олон газраас татвар авах боломж гарах уу. Наадхыг чинь бүр өргөн хүрээнд хийж өгөх юм бол том бизнес байна гэсэн санааг дэвшүүлсэн аж.
Тэр дагуу ноднин хавар хоньчдод хандан ноосоо аль нэг үндэсний үйлдвэрт тушаа, кило тутамд чинь засгаас 2000 төгрөг нэмж зүгээр өгнө гэлээ. Энэ зарыг зарим нь сонсоогүй ч овоо ноос цугларч жижиг үйлдвэрүүд баахан эсгий хийж зарлаа. Эрдэнэт зэрэг газрын хивсний үйлдвэр ажиллан бүр захиалгаандаа дарагдсан байгаа юм. Ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгох нь тийм нарийн тенологи биш ч 300 төгрөгийн ноос гадаадад явахгүйгээр энүүхэндээ 3000 төгрөгийн бүтээгдэхүүн болоод хувирахыг нүдээр үзэцгээлээ. Малчид засагтаа ноос өгсөн гэж шинэ жилийн үеэр нөгөө 2000-ын урамшууллаа авсан гэнэ. Зарим нь тав зургаан саяыг авлаа гэж дуулдсан. Эсгий хивсний үйлдвэрүүд улсдаа тушаадгаа тушаагаа биз. Өгсөн авсан салбарууд нь өөр өөр болохоос эцсийн дүндээ Монгол л хожсон бол болоо ш дээ. Иймэрхүү уран нүүдлүүдийг хөдөө аж ахуйн салбар дээр хийхэд барагдашгүй ажлаас гадна шавхагдашгүй нөөц байдаг. Алтны уурхай шиг дуусчихлаа гэх биш хойтон нь дахиад л ноос ургачихсан байдаг нь сайхан юм даа. “Таван эрдэнэ” хөтөлбөрийн дагуу эрүүл мал махтай болох, сүргийн бүтцийг чанаржуулах, эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргах үйлдвэрийг бэхжүүлэх бусад зорилтууд нь их ухаалаг хийгдсэн харагддаг.
Ерөнхий сайд С.Батболд малчин Бямба-Очирынд зав гаргаж очсоны учир энэ юм.
“ӨДРИЙН СОНИН”