Монголын хязгаар нутаг дахь ашигт малтмалын томоохон ордуудыг гадаадын компаниуд хууль бусаар эзэмшиж, ашиглаад эхэлжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн өвд бүртгэлтэй улсын болон орон нутгийн хамгаалалттай газар нутаг болох Увс аймгийн Давст, Бөхмөрөн, Тариалан суман дахь Хотгор, Хартарвагатайн нүүрсний бүлэг ордыг гадаадын хөрөнгө оруулалттай 16 компани эзэмшилдээ оруулжээ. Эдгээр ордыг улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ба тэр бум гаруй тонн нүүрсний нөөцтэй учраас стратегийн ордын ангилалд багтаж, төр болон ард түмний мэдэлд байх учиртай ажээ. Гэтэл “Ментую”, “Рысжан”, “Си Би Жи И Эм”, “Шрий Стөүн” гэх мэт гадаадын компаниуд 16 хувааж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Улмаар тус компаниуд энэ их нүүрсийг түүхийгээр нь экспортлох бодлого барьж, зам харгуйгаа бэлтгэж эхэлсэн талаар Увс аймгийн АН-ын хөтөлбөр боловсруулах ажлын албанаас мэдээлэл хийжээ. Тус албанаас уул уурхайг хуулийн хүрээнд зөв зохистой ашиглах талаар нутгийн иргэдийн санал бодлыг сонсохоор дөрөвдүгээр сарын 15-нд хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ. Тус ажлын хэсгээс дээрх 16 ордыг зөв зохистой эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд улсын төсвөөр хайгуул хийсэн их нөөцтэй стратегийн орд гэдэг утгаар нь 50 хүртэл хувийг нь төрийн мэдэлд авах, аймгийн төв Улаангомд 18 мВт-ын хүчин чадалтай ДЦС барих, нүүрс шингэрүүлж нефтийн бүээгдэхүүн үйлдвэрлэх, ард түмэнд нээлттэй, хяналттай байлгахын тулд иргэдэд 10 хувийг нь эзэмшүүлэх зэрэг саналыг гаргажээ. Энэ саналыг Увс аймгийн иргэд дэмжвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хүргүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.
О.Сэргэлэн