“Хоёр сонгуулийг нэг өдөр явуулах нь зүйтэй”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

“Хоёр сонгуулийг нэг өдөр явуулах нь зүйтэй”

УИХ-д олонхийн суудалтай МАН,
Ардчилсан намын хувьд сонгуулийн тухай хууль дээр санал зөрөөтэй байгаа.
Тиймээс УИХ-д суудалтай  ИЗ-НН болон бие даан нэр дэвшигчээс ирэх 2012
оны УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх дээр ямар байр
суурьтай байгааг нь тодрууллаа.

ИЗ-НН-ын дарга С.Оюун:
Манай намын зүгээс хамт явуулах нь дээр гэсэн байр суурьтай байсан.
2000 онд анх байгуулагдаж байхдаа намынхаа мөрийн хөтөлбөрт Орон нутгийн
сонгууль, УИХ-ын сонгуулийг  нэг өдөр зохион байгуулах нь зүйтэй 
гэдгийг тусгасан байсан. Зэрэг явуулах нь  чирэгдэл багатай, хамгийн гол
нь техникийн хувьд боломж бололцоог нь хангачих юм бол нэг өдөр явуулах
боломжтой. Энэ хууль дөрвөн жилийн өмнө батлагдсан. Эхний хоёр жил
мартаж байгаад гэнэт  өнгөрсөн оны  арванхоёрдугаар сараас эхлэн 
хэлэлцээд нэг өдөр явуулах хууль баталчихсан, дараа нь  одоо яах билээ
гээд л эхэлсэн. Энэ бол эрх барьж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдал.
Баталсан цагаасаа хойш бүх зүйлийг нь хангаад, боловсруулаад явах
боломжтой байсан. Техникийн хувьд бэлтгэлээ хангасан байх л ёстой. Иргэн
Доржийн үүднээс бодоод үзье л дээ. Сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн
хурлын нэг, аймгийнхаа нэг, УИХ-ынхаа нэг хүнийг л сонгох байгаа юм.
Иргэдийн хувьд төөрөөд будлиад байх зүйл байхгүй шүү дээ. Ирэх
дөрөвдүгээр сараас хаврын чуулганаар хэлэлцэх байх. Хариуцаж байгаа
албан тушаалтнууд нь хуулийнхаа дагуу ажлаа хийгээд, тоног төхөөрөмжийг
нь бүрдүүлэхэд болохгүй зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн З.Алтай: 
УИХ-д эрх барьж буй намууд бол олон жил улс төрийн шатрын нүүдэл
хийгээд сурчихсан том шатарчид. Нэг өдөр зэрэг хоёр сонгуулийг явуулах
юм бол эрх баригч намууд шат шатандаа суудалгүй хоцрох юм байна гэдгийг
харчихсан байгаа юм. Ер нь бол аливаа зүйлийг хийе гэвэл ямар нэг аргаар
хийдэг шүү дээ. Хоёр сонгуулийг зэрэг явуулснаар иргэдийг төөрч
будлина, хөрөнгө мөнгө их гарна гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Чадах
чадахгүйн тухай ярих биш хийх л ёстой. Миний хувьд хоёр сонгуулийг нэг
өдөр явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Энхбат:
ИЗ-НН-ын хувьд бид нэг өдөр явуулах зүйтэй гэж үзэж байгаа. Одоогийн
мөрдөгдөж байгаа хуулиндаа ч нэг өдөр явуулахаар тусгасан учраас хуулийн
дагуу явах нь зүйтэй. Хоёр сонгуулийг зэрэг явуулахыг хэн баталсан бэ
гэхээр 2007 онд МАН олонхи байхдаа баталсан. Өөрсдөө хуулиа баталчихаад
одоо гомдоллоод байж болохгүй шүү дээ. УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш
сонгуулийн хуулиа шинэчилэн батална гэж ярьсаар өдий хүрсэн. Энэ
хугацаанд сонгуулийн бэлтгэл ажлаа хийж амжих байсан. Маргаан үүсгэх
шалтгааныг намууд өөрсдөө бий болгосон. Орон нутгийн хурлын сонгуулийн
бэлтгэлийг хангаагүй нь өөрсдийнх нь буруу. Тиймээс одоогийн мөрдөгдөж
байгаа хуулиараа хоёр сонгуулийг нэг өдөр явуулахаас өөр арга байхгүй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж