Грекийн үймээн даамжирч байна

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Грекийн үймээн даамжирч байна

Грект олны өмнө өөрийгөө буудаж нас барсан тэтгэврийн хөгшний дурсгалыг хүндэтгэх ёслол болж өнгөрөв. Олон мянган хүн энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож, шарилд нь цэцэг өргөжээ. Энэ бүхэн Грекийн эдийн засгийн хямрал туйлдаа хүрч байгаагийн илрэл юм. Өнгөрсөн долоо хоногт Афинд 77 настай нэгэн эр олны өмнө амиа хорлосон билээ. Тэрбээр төв талбайд, Грекийн парламентын ордны өмнө өөрийгөө буудсан юм. Түүний халаасанд байсан захидалд "Засгийн газар миний бүх найдварыг үгүй хийлээ. Надад үхэхээс өөр сонголт байхгүй" хэмээн бичсэн байжээ. Тиймээс амиа егүүтгэсэн шалтгааныг нь Грекийн Засгийн газар иргэддээ олгох тэтгэврийн хэмжээг бууруулсантай холбоотой хэмээн таамаглаж байгаа юм.

Грекийн Ерөнхий сайд Лукас Пападимос ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлснээс үүдээд ингэж дүгнэж болохоор байна. Энэхүү үйл явдал болсны дараа Афинд 1500 хүн оролцсон жагсаал болсон билээ. Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарчээ. Грект сүүлийн хоёр жилийн хугацаанд амиа хорлосон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Шинжээчид үүнийг эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байна. Европын холбооноос тус улсыг төсвөө танахыг шаардах болсон.

Харин Грекийн эрх баригчид нийгмийн халамжийн салбарт зарцуулж буй төсвөө юун түрүүнд багасгаж, цалингийн доод хэмжээг бууруулан тэтгэврийн насыг нэмсэн билээ. Энэ нь иргэдийн дургүйцлийг хүргэсээр байгаа юм.

Уг нь грекчүүдийн цалингийн доод хэмжээ Португальчуудынхаас 50 хувь, Испаниас 17 хувиар өндөр байна. Сүүлийн хэдэн жилийн турш энэ зөрүү ихэссэн үү гэхээс буураагүй. Уг нь Грекийн хямрал төсвийн зардлаа хэт нэмснээс үүдэж бий болсон гэдэг. Нийгмийн халамжид чиглэсэн зардлаа ихэсгэж, төсвийн алдагдлаа нэмэгдүүлж байсан Грекийн эрх баригчид энэ мөнгийг гадны орнуудаас авсан зээлээрээ нөхөж байв. Эцэст нь мөнөөх зээлээ төлж дийлэхийн аргагүй болсон тэр цагаас Грек улс эдийн засгийн хувьд бие даан оршин тогтнох чадвартай эсэхийг шүүн хэлэлцдэг болсон билээ.

Европын холбоо болон Олон улсын валютын сангаас Грект хоёр удаа томоохон хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсэн. Эхнийх нь 2010 оны тавдугаар сард. Харин дараагийнх нь өнгөрсөн онд. Түүнчлэн тус улсын өрийн тал хувийг царцаах зэрэг олон ашигтай хувилбарыг санал болгосон юм. Грекчүүд эхний зээлээ авсны дараа Европын бусад орноос тусгаарлагдаж эхэлсэн билээ. Германы татвар төлөгчид Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийн дийлэнх хувийг гаргаж байгаа Ангела Меркельд дургүйцэх болсон.

Европын орнуудын удирдагчдийн хувьд Грекийн уналт, сэргэлт нь евро хэмээх мөнгөн тэмдэгт оршин тогтнох эсэхийг шийдэх асуудал учраас чухалд тооцогдож байгаа. Түүнээс гадна Грект дахин зээл өгөхгүй бол дампуурах нь илэрхий болсон билээ. Энэ нь Евро бүсийг тэр чигт нь сүйрэлд оруулахын дохио юм. Гэтэл Грекийн Засгийн газрын нийт өр 350 тэрбум еврогоос буурсангүй.


Харин хямралын эсрэг хийж буй алхам нь энэхүү өр цаашид нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг үгүй хийж чадсан билээ. Европын төв банкнаас Грекийн эдийн засгийг бүхэлд нь шинэчлэхээр яаравчилж байгаа. Олон улсын валютын сан тус улсын ажиллах хүчний зах зээлийг шинэ дүрэмтэй болгох гэж хичээж байна. Гэвч Грект ажилгүйдлийн түвшин 25 хувьд хүрсэн юм. Хэдийгээр зарим шинжээч Грекийн дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын хоёр жилийн дотор 2.5-3 хувиар өснө хэмээн таамаглаж байгаа боловч төсвөө танаж чадахгүй бол энэ нь бодитой болохгүй. Гэвч төсөв танах тухай яригдаж эхэлсэн цагаас грекчүүд хүчтэй эсэргүүцэж эхэлсэн билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Грекийн парламент зардлыг нь эрс танасан шинэ төсвөө баталсан билээ. Тэр үед Афинд маш том жагсаал болж, жагсаалд оролцогчид 48 барилгыг галдаж, үймээн дэгдээсэн. Энэ үеэр 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн 130 орчим хүнийг баривчилсан юм. Энэхүү үйл явдал болсноос хойш төд удалгүй Грекийн парламент төсвөө 325 сая еврогоор дахин танав. Үүний дараа Грекчүүд мөн л дургүйцэж, сөрөг хүчнийхэн улс төрийн тоглолт хийж эхэллээ.

Тухайн үед 80 мянган хүн оролцсон жагсаал болж байв. Иргэддээ таалагдахаа больсон Грекийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалт парламентын танхимд нь өрнөж эхэлсэн юм. Хаа сайгүй эрх баригчдаа эсэргүүцэж, уриа лоозон барьж жагссан хүмүүс. Энэ бүхнээс үүдээд Грекийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Папандрэоу ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Түүний дараа Грекийн Ерөнхий сайд болсон Лукас Пападимос ч мөн хүндхэн сорилттой нүүр тулгарч байна. Хэрэв иймэрхүү байдал цаашид үргэлжилбэл хямралаас гарах гэж ядаж яваа Грекийн эдийн засаг нэг мөсөн дампуурч ч мэдэх юм.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж