Эмэгтэй хүн оролцуулаагүй нь зөв гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Эмэгтэй хүн оролцуулаагүй нь зөв гэжээ

“Төрийн тулганы гал бадраах” ёслолыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр үйлдсэн. Энэхүү ёслолд нэг ч эмэгтэй хүн оролцуулаагүй нь олон талын шүүмжлэл дагуулж байсан юм. “Иргэдийн Алъяанс төв”-ийн тэргүүн Ж.Занаа “Төрийн тулганы гал бадраах” ёслолд зөвхөн нэг хүйсийн төлөөллийг оролцуулсан нь хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан үйлдэл” хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Гэхдээ Ж.Занаа уг арга хэмжээг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Батбаярыг буруутгасан үндэслэлээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Түүний гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Н.Батбаяраас тайлбар авчээ. Н.Батбаяр гишүүн “Төрийн тулганы гал бадраах”-даа төрийн тахилгатай уулсын газар шорооноос дээжлэн авчирсан учраас монгол ардын уламжлал, ёс заншлын дагуу эмэгтэйчүүдийг оролцуулаагүй  гэж тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүлээн авч, “Төрийн тулганы гал бадраах” ёслол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэх шийдвэр гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа тайлбартаа “Төрийн тулганы гал бадраах”-даа гэрийн суурь, тулганы өрөн дотор Бурхан Халдун хайрхан, Отгонтэнгэр хайрхан, Дарьгангын Алтан овооны хөрс, шорооны дээжийг залсан байх бөгөөд эдгээр төрийн тахилгатай уулын оргилд эмэгтэй хүн гардаггүй Монгол ардын заншлыг баримталсан байна”  гэсэн байна.

Харин Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэрийг иргэний нийгмийн төлөөлөл, эмэгтэйчүүд эсэргүүцэж Цэцийн их суудалд гомдол гаргах гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж