Умард Солонгос гадаадын сурвалжлагчдыг урив

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Умард Солонгос гадаадын сурвалжлагчдыг урив

Умард Солонгос энэ дөрөвдүгээр сарын дундуур сансарт хөөргөхөөр төлөвлөж буй алсын тусгалт пуужинг хөөргөх бэлтгэл ажилдаа хэдийн оржээ. Үүнийг Умардын цөмийн туршилтын өнгөлөн далдлалт гэх мэдээллүүд ч цацагдсаар байна. Пхеньян Unha-3 хэмээх хиймэл дагуулын пуужинг энэ сарын 12-16 хооронд тойрог замд оруулна гэж мэдэгдсэн юм. Гэвч АНУ болон БНСУ үүнийг алсын тусгалт пуужингийн туршилт болох вий гэж сэжиглэж байна. Хиймэл дагуулаас авсан зурагнаас үндэслэн БНСУ-ын албаны хүмүүс Умард Солонгосыг цөмийн гуравдахь туршилтаа явуулахаар бэлтгэж байгаа талаар мэдээлжээ. БНСУ-ын “Ённап” мэдээллийн агентлаг Умард Солонгосыг 2006, 2009 онд явуулж байсан шиг цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгааг хиймэл дагуулаас авсан зураг гэрчилж байгааг харуулсан гэжээ. Умард Солонгосын их удирдагч Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш түүний залгамжлагч, залуу удирдагч Ким Чен Ун хөрш зэргэлдээх улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хэрхэн харилцахыг олон улс анхааралтай ажиглаж байна. Умард Солонгосын хиймэл дагуулын пуужин хөөргөх сэжигтэй төлөвлөгөөг эсэргүүцсэн АНУ, БНСУ-ын цөмийн шинжээчид, сурвалжлагчдыг тус улс пуужин хөөргөх бүсэд урьсан юм. Ким Чен Ирыг таалал төгссөнөөс хойш Умард Солонгос олон улстай дипломат харилцаагаа сайжруулахыг хичээж байгаа боловч хиймэл дагуулын пуужин үүнд саад болж эхэлжээ. Пхеньянь өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн болон алсын тусгалт пуужингийн туршилтаа зогсоож, хариуд нь хүнсний тусламж авах тухай хэлэлцээг АНУ-тай байгуулсан юм. Гэвч дээрх хэлэлцээний дараа Пхеньянь их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж хиймэл дагуулын пуужин хөөргөхөө мэдэгдсэн нь хэлэлцээг цуцалж болзошгүй болжээ. Пхеньяний дээрх мэдэгдлийн дараа АНУ хүнсний тусламжаа цуцална гэж мэдэгдсэн юм. Умард Солонгос пуужинг хөөргөх бэлтгэл ажлыг гадаадын сурвалжлагч нарт харуулахаар тэднийг Тонгчан-ри гэх газар галт тэргээр аваачжээ. Умард Солонгос хиймэл дагуулын пуужинг энхийн зорилготой гэж байгаа ч АНУ, БНСУ үүнийг НҮБ-ын 2009 оны шийдвэрийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Хэрэв Умард Солонгосын хиймэл дагуулын пуужин замаасаа гарч, Япон, БНСУ-ын нутагт орвол дээрх орнууд пуужинг устгана гэж мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж