Дэлхий дахин гэрэл зурагт

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Дэлхий дахин гэрэл зурагт


Агуу Чавес бурхнаас амьдрал гуйв
 
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Агуу пүрэв гаригийн мөргөлөөр бурханд хандан “Бурхан минь, надад амьдрал хайрла! Христос, надад өргөст титмээ өгч миний цусыг урсга, надад зуун загалмайгаа өгөн тээлгэ. Учир нь миний эх орон, миний ард түмний төлөө хийх зүйл зөндөө байна, намайг одоохондоо бүү авч яваач!” гэж мөргөн залбирав. Тэр өдрийн мөргөл дээр түүнтэй хамаатан садангууд нь хамт  ирсэн байна. Пүрэв гаригийн орой Чавес Кубад цацраг туяаны эмчилгээний курсээ хийлгээд ирсэн аж. Эцэг, эхтэйгээ уулзаад тэдний гарыг атган уйлсныхаа дараа, тэднийхээ гарыг атгаагүй удсан   талаар сэтгэлээ уудалсан байна.  Өвчнөө ялан дийлэхийн тулд сэтгэл өөдрөг байгаагаа гэж тэр илэрхийлжээ. “Надад амьдрах олон шалтгаан бий” хэмээн Чавес онцолсон байна.

20 жилийн өмнө Боснийн дайн эхэлжээ

Хуучин Югослав задарсны дараа хамгийн их цус урсгасан Боснийн иргэний дайн эхэлсний 20 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиов. Сербүүд ба Боснийн мусульманчуудын хооронд болсон  ширүүн тулалдааны явцад Лжута тосгон гал түймэрт өртсөн байв. Сербүүдийн бүслэн хаасан Боснийн нийслэл Сараевогоос 40 км-ийн зайтай энэ тосгоны дайнд нэрвэгдсэн зургийг 1993 оны долдугаар сард авчээ.  (фото: Reuters)

Сирийн хямрал үргэлжилсээр

Угжирсан хямралыг зохицуулахаар олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлт гаргаж буй ч Сирийн байдал түгшүүртэй хэвээр байна. Өнгөрсөн баасан гаригт Хомс хот руу Засгийн газрын цэргүүд дахин гал нээжээ. Эрх баригчид тэднийг мөрдөн хөөсөөр байгаа тухай  сөрөг хүчнийхэн мэдээлж байна. Сирийн цагдаагийнхан Дамаскийн дагуул хот Думад эсэргүүцлийн жагсаал болж, энэ үеэр 23 хүн алагдсан тухай мэдээлэв. Орой хотоос гаргасан хуягт техник өглөө нь эргэн хотод орж иржээ. Өнгөрсөн бямба гариг гэхэд Сирийн мөргөлдөөнд 127 хүн амиа алдлаа. Тухайлбал Хама хотод 59, Хомст 28,Аллепод 14, Идлибд 24 хүн амь үрэгджээ. Баасан гаригт нийт 52 хүн алагдсан байна. Бямба гаригт эрх баригч БААС намын 65 жилийн ой болж Дамаскт Башар Ассадын талынхан жагсчээ. НҮБ-ын мэдээгээр Сирийн зэвсэгт мөргөлдөөний улмаас есөн мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа гэнэ.

“Тэнэмэл хөлөг”-ийг буудан живүүлэв

 Америкийн эргийг хамгаалах хүчин өнгөрсөн жилийн Японы цунамийн үеэр далайд туугдан хөвсөн загас агнуурын хөлгийг буудан живүүллээ. Далайн тээврийн замд аюул учруулахгүйн үүднээс үүнийг хийжээ. Фото: REUTERS/U.S. Coast Guard/

Амиа хорлосон тэтгэврийн хөгшин Грекийг цочоов

Афина хот. Грекийн тэтгэвэрийн хөгшин өөрийгөө буудан хөнөөсөн газарт. Хэвлэлийн мэдээгээр тэр зурвас бичин үлдээж, өөрийн сүүлчийн найдлагыг унтраасан Засгийн газар түүний үхэлд буруутай гэсэн байлаа. Фото: AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж