Төмрийн хүдрээ экспортлох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Төмрийн хүдрээ экспортлох нь зөв үү?

Стратегийн онц чухал түүхий эд болох төмрийн хүдрийг урд  хөрш рүү өдөр шөнөгүй зөөж буйд Төрийн тэргүүн эмзэглэж буйгаа “Эдийн засгийн форум”-ын үеэр илэрхийлэв. Монголчууд төмрөө боловсруулах гэтэл нөөц нь аль хэдийнэ дуусчихсан,  “өнгөрсөн борооны араас цув нөмрөв” гэдэг шиг сууж байвал эмгэнэлтэй еэ.

Төрийн тэргүүн Дархан, Сэлэнгийн иргэдтэй уулзахдаа төмрийн хүдрийн экспортын зах замбараагүй байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ гэжээ. Эх орны маань  баялаг урд хөршийн мэдэлд орчихсон энэ асуудлыг хурдавчлан шийдэх байх гэсэн хүлээлт иргэдэд төрж эхэлсэн байна. Гэхдээ Монголд Металлургийн том цогцолбор байгуулсан цагт төмрийн хүдрийн нөөцөө харийнханд бүхэлд нь тавиад туучихалгүй, аваад үлдэх боломж бүрдэнэ. Үүнээс өөр гарц байхгүй юм. Гурван жилийн өмнө буюу 2011-2016 онд Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг Засгийн газар баталсан. Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор болон Дархан, Сэлэнгийн бүсэд энэ үйлдвэрээ барья гэсэн шийдлээс хойш бодитой хийгдсэн ажил алга. Судалгаа, тооцоо хийгдэж байгаа хэмээн мэргэжлийн яам, агентлагийнхан цаасан дээрх төлөвлөгөөгөө танилцуулахаас хэтэрдэггүй. Том цогцолбор барих нь зөв юм  гэсэн ерөнхий зүйл ярьсаар байтал стратегийн гол түүхий эдийн нөөц дуусч мэдэхээр байна. 

Хүдэр экспортлох уралдаан

Үнэхээр төмрийн хүдрийн өнөөгийн нөхцөл байдлыг ингэж дүгнэхээс аргагүй байдалд байна. 2007 онд УИХ-аас баталсан Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад зөвхөн төмрийн хүд­рийн Төмөртэй  ордыг оруулсан. Түү­хий эд нь л стратегийн болохоос биш жагсаалтад хамрагдаагүй Хятадын өмч давамгайлсан компаниуд нэлээд байна гэсэн үг. 

250 сая орчим тонн буюу хамгийн их төмрийн хүдрийн нөөцтэй Баянголын ордыг мах боловсруулдаг “Дорнын говь” компанид Сэлэнгэ аймгийн удирдлага өгсөн ба тэр нь цааш наймаалцсаар “Болд төмөр ерөө” компанид очжээ. Өдөртөө 100 галт тэргээр төмрийн хүдрийг шууд Хятад руу гаргаж байна. Баянголын ордын баялгийг сорчлон ачуулдаг гэж нутгийн иргэд ярьдаг. Тус компани Дулаанхаан хүртэл 98 км төмөр зам тавьснаар төмрийн хүдэр зөөх өөрийн гэсэн дэд бүтэцтэй болж амжсан юм.

Тэгвэл 230 сая тонн нөөцтэй, төмрийн ордууд дотроос цорын ганцаар стратегийн жагсаалтад багтсан  Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг. Өмнө нь Хятадын БЛТ хэмээх олонд танил бус компани эзэмшин түүхий эдийг сорчлон урд хөрш рүү гаргадаг байв. Хэдийгээр лиценз Монголын төрийн өмчит компанийн мэдэлд очсон ч хоногт 300 гаруй галт тэрэг төмрийн хүдэр ачин Хятад орныг зорьсоор байгаа юм.  Хамгийн сонирхолтой нь, стратегийн ордоо буцааж авсных нь төлөө Монголын Засгийн газрыг БЛТ компани Олон улсын арбитрын шүүхэд өгсөн. Ойрын үед Лондонгийн шүүхээр эл маргааныг шийдвэрлэж магадгүй гэж албан бус эх сурвалж хэллээ.

Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуур ордоос “Алтайн хүдэр” компани Хятадад төмрийн хүдрээ экспортлоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Хоногтоо 80 тонны даацтай хүнд даацын машин Бургастайн боомтоор гардаг гэдэг.   Дээр дурдсанчлан Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2011 онд нэг сая 98 мянган тонн хүдэр экспортолсон бол  цаашид жилдээ зургаан сая тонныг экспортолдог болно гээд төлөвлөчихөж. Тэгвэл “Болд төмөр ерөө гол” компани найман сая тонн, үндсэндээ зөвхөн энэ хоёр компани нийлээд 14 сая тонн төмрийн хүдрийг экспортлох гэнэ. Одоогоор Монгол улсад 30 гаруй компани төмрийн хүдрийн лиценз эзэмшиж буйгаас 15 нь нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Хятадад түүхий эдээ нийлүүлж байна.

Төмрийн хүдрийн олборлолт сүүлийн хоёр жил нэлээд өссөн үзүүлэлттэй гарсан. Нийт тооцоогоор жилдээ хоёр сая орчим тонн хүдэр урд хөршид нийлүүлэгдэж байгаа юм. Ханаж цадахыг мэддэггүй,  дэлхийн хамгийн их төмөр үйлдвэрлэгч улс орон болоод байгаа Хятад улсыг  хэдий болтол түүхий эдээр хангах нь тодорхойгүй хэвээр байна.

Хар төмөрлөгийн цогцолборыг хаана барих вэ?

Манай улсын төмрийн хүдрийн нийт таамаг нөөц хоёр тэрбум орчим тонн. Баталгаажсан нь 600 гаруй сая. Үүний 450 сая орчим нь Урал-Сибирийн төмрийн хүдрийн их судлын төгсгөл Дархан, Сэлэнгийн бүс нутагт бий. Тэр дундаа Төмөртэй, Хуст-Уул, Баянгол, Төмөртолгойн бүлэг орд Сэлэнгэ аймгийн хоёр суманд бүрэлдэн тогтжээ. Ердөө хоорондоо 30-40 километрийн зайд орших эдгээр  ордыг  эдийн засгийн эргэлтэд цогцоор, нэгдсэн бодлоготойгоор ашиглаж чадвал Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос ч түрүүлж, эдийн засгийн үр шимийг нь хүртэх бүрэн боломжтойг металлургийн салбарынхан ярьдаг.

Гэтэл яг өнөөдрийн дүр зургийг харахад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ордуудын лицензийг шилжүүлэн өгсөн нь нэг бол туйлын зөв, нэг бол туйлын буруу болчихоод байгаа юм.  Жилдээ 100 мянган тонн хаягдал төмөр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрт Металлургийн цогцолбор байгуулж, бүхэл бүтэн ордуудыг эзэмшүүлсэн нь тодорхой эрх мэдэлтнүүдийн харалган үйлдэл гэсэн шүүмжлэл нэлээд өрнөдөг.

Mongolian Mining Journal болон “Хөгжил” студийн сурвалжлах баг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор газар дээр нь очлоо. Хэдийгээр удирдлагууд нь албан томилолтоор  явцгаасан, эзгүй байсан ч Үйлдвэр техникийн хэлтсийн дарга М.Авирмэдтэй уулзаж, зарим зүйлийг тодруулах боломж гарсан юм.

газар бэлдсэн байжээ. Энд жилдээ 2-3 сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах бүрэн боломжтойг мэргэжилтнүүд одоо ч хүлээн зөвшөөрдөг байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр Монгол улсын стратегийн түүхий эдийг хятадуудтай нийлээд экспортод гаргадаг нь ямар учиртай юм. Том үйлдвэр байгуулбал түүний хаягдал төмрийг боловсруулж байх учиртай үйлдвэр биз дээ. Энэ үйлдвэрийг “Эрдэнэс  МГЛ”-д хариуцуулаад ордуудын лицензийг мөн шилжүүлэх хэрэгтэй” хэмээн С.Ганжууржав гуай яриагаа үргэлжлүүлэв. “Эрдэнэс Төмөртэй”, “Эрдэнэс Баянгол” гэсэн компаниуд байгуулагдаж, стратегийн түүхий эдийг гадагш зөөлгүй,  дотооддоо боловсруулахыг ганц түүний байр суурь биш, Монголын маш олон металлургч, эрдэмтэн судлаачид хүсч явдаг гэлээ. 

Юутай ч Дарханы төмөрлөгийн үйлдвэр Металлургийн томоохон цогцолбор баригдах тэр цаг мөчийг хүртэл түүхий эдээ хэчнээн баяжуулж, технологийн өргөтгөл шинэчлэл хийлээ ч Хятад руу зөөсөөр байх нь тодорхой гэдгийг олон хүн хэлж байлаа.

Төмөртэйгээс гадна төмрийн хүдрийн бусад ордыг стратегийн ордод яаралтай бүртгэж, лицензийг нь төрийн өмчит толгой компани “Эрдэнэс МГЛ”-д бүрэн шилжүүлэх юм бол цаашдаа төмөрлөгийн иж бүрэн үйлдвэр барьж, монголчуудад байгалийн хувь хишиг хүртээх боломж үүснэ гэдгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн анхны дарга хэлсэн юм.

Монгол улс хөгжлийн замдаа орж байгаа цагт барилга, төмөр зам, метал хийцийн эдлэлд төмрийг их хэмжээгээр ашиглах нь гарцаагүй. Аж үйлдвэржиж байгаа бүх л улс оронд төмөр маш их хэрэгцээтэй байдаг. Манай улсын хувьд төмрөөр тийм ч баян орон биш. Тэгэхээр ирээдүй хойчдоо энэ баялгийнхаа тодорхой хэсгийг өвлүүлж үлдээхийн тулд төмрийн хүдрийн экспортын татвар тогтоох ёстой. Таван хувийн татвар ногдуулахад л 300 орчим тэрбум төгрөг Монголд орж ирнэ гэдгийг судлаачид тооцсон байдаг. 300 тэрбум төгрөг гэдэг нь нэг томоохон үйлдвэр босгочихоор хөрөнгө юм.

Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж “Төрөөс хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны бодлого байхгүйтэй адил. Түүхийгээр нь экспортлоод байж болохгүй. Түүхий хүдрийн татварыг 30, 40 хувиар нэмэх хэрэгтэй. Харин хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох тохиолдолд татварыг хөнгөлөх зохицуулалт шаардлагатай. Төмрийн хүдрийн ордууд дээр дахин судалгаа хийж, бүс нутгийн төмрийн хүдрийн нөөцийг эцэслэн тогтоох хэрэгтэй байна” хэмээн ярьжээ.

Үнэхээр ч Монгол яг хэчнээн тонн төмрийн хүдрийн нөөцтэй вэ? Нөөцийг яг таг эцэслэн тогтоохгүй бол янз бүрийн эргэлзээтэй тоонууд гарч ирсээр байна. Гэтэл манай урд хөрш өдгөө төмрийн хүдрийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа. Албан ёсны статистик мэдээгээр тус улс 1940 төмрийн хүдрийн ордтой. Үүний 99 нь томоохонд тооцогддог. Ойролцоогоор дунд хэмжээний 500 орчим ордын нөөцийн хэмжээ нь 10-100 сая тоннын хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл Хятадын төмрийн хүдрийн нийт нөөц нь дэлхийн батлагдсан нөөцийн 9.6 хувьтай тэнцэж байгаа юм.

Нэгэн жишээ хэлэхэд, Өвөр Монголын Бугат хотын “Болд” төмрийн үйлдвэрийн дэргэд Баян-Овоогийн төмрийн хүдрийн орд гэж тэрбумаар хэмжигдэх нөөцтэй том орд байдаг. Энэ үйлдвэр улсын нөөцөд хадгалж байгаа нэрийдлээр Баян-Овоогийн ордынхоо төв хэсгийг огт ашигладаггүй. Бразил, Австрали, Монголоос төмрийн хүдэр зөөвөрлөн үйлдвэрлэлийнхээ хэмжээг жилээс жилд өсгөн нэмэгдүүлж байгаа гэдэг.

Мэргэжлийн баг, нарийвчилсан ТЭЗҮ…

Металлургийн цогцолборыг дэргэдээ барина гэж төлөвлөж байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлийн бараа сураггүй сууж байна. Юуны өмнө зах зээлийн нөхцөлтэй уялдсан ТЭЗҮ боловсруулах даалгавар гэж гарах ёстой. Цөөхөн сарын настай үлдсэн Засгийн газар цаг хожиж, ТЭЗҮ-ийн даалгаврыг төмөрлөгийн жижиг үйлдвэрт биш, мэргэжлийн яам болон төрийн өмчит толгой компани “Эрдэнэс МГЛ”-д хариуцуулах ёстой гэдгийг металлургчид хэлж байна. 500 мянгаас нэг сая тонн хүртэлх бүтээгдэхүүн  үйлдвэрлэх Металлургийн цогцолбор гэдэг нь мэдээж стратегийн маш том үйлдвэр. Тиймээс ТЭЗҮ боловсруулаад олон улсын тендер зарлах хэрэгтэй гэсэн санал гарч байгаа нь зүй ёсны хэрэг юм.

Металлургийн үйлдвэр гэдэг нь нөөц дуусахаараа хааяа зогсчихдог үйлдвэр бус тасралтгүй явдаг технологитой нарийн эд. “Төр засгаас төлөвлөлтөө маш оновчтой хийх ёстой. Эрдэс баялаг, эрчим хүчний яам дэргэдээ энэ талын эрдэм шинжилгээний байгууллага юмуу, зураг төслийн институтгүй байна. Үүнээс болж ерөнхийдөө ажлаа төлөвлөчихсөн ч хийгдсэн ажил байхгүй” хэмээн Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн байр сууриа илэрхийлсэн.

Түүхий эдээ харийн улсад экспортолж буй монголчууд нийт төмрийн хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг Хятадаас импортолж байгаа нь өнөөдрийн эмгэнэлт дүр зураг юм. Өндөр хүчин чадалтай металлургийн цогцолборгүй явж ирсний сул тал ч гэж хэлж болно. Уг нь Монголын төмрийн бүтээгдэхүүний хэрэгцээ жилдээ 300 гаруй мянган тонн гэлцдэг. Үүнийгээ ч хангаж чадахгүй байгаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, 1100 км төмөр замын бүтээн байгуулалтаас авахуулаад эх оронд маань төмрийн асар их хэрэгцээ бий болж эхэлж байна. Ирээдүйд бүр ч нэмэгдэнэ.

Төр засаг одоо л нэгдсэн бодлогоо гаргаж, бодитой хөдөлж,   стратегийн түүхий эдээ хамгаалах хэрэгтэй байна.Төмрөө ашиглах гэсээр байтал нөөц нь нүүгээд явчих вий.

Г.Идэрхангай

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж