Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буйн хувиар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөхийн өмнө Киргизийн олон нийтийн телевизийн нэгдүгээр сувагт ярилцлага өгснийг хэд хэдэн телевиз радиогоор шууд дамжуулсан юм.
Ярилцлагын үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлал амжилттай болсныг онцлон тэмдэглээд түүний үр дүн, хоёр орны хоорондын түүхэн гарвал хийгээд уламжлалт харилцаа, соёлын тухай дэлгэрэнгүй ярилаа.
Мөн хоёр талын албан ёсны хэлэлцээ, өргөтгөсөн уулзалтуудын үеэр ярьсан Стамбул-Бишкек-Улаанбаатар гэсэн хоёр талын агаарын нислэгийн зам нээх талаар болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, боловсролын харилцааг өргөн түвшинд хөгжүүлэх шаардлагатай байгааг ч дурдаж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсын парламентад үг хэлэхдээ дурдсан ардчилсан нийгмийн үнэт зүйл, үзэл санааны төлөө хийж буй Киргизийн шинэ ардчиллыг цаашид ч дэмжиж харилцан туршлага хуваалцаж хамтдаа хөгжих тухай хэлээд Монгол Улс дахь ардчиллын түүхэн амжилтууд хийгээд сорилт бэрхшээлийн талаар ч ярилаа.
Ярилцлагын үеэр шударга ёс, хууль шүүхийн шинэтгэлийн ач холбогдол болон эмэгтэйчүүдийн улс төрд идэвхтэй оролцох боломжийн талаар онцлон тэмдэглэж оюун санаа, уламжлал, үнэт зүйлээрээ ахан дүүс болсон хоёр улсын харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.